ЗӨРЧЛИЙН БУС ЖИЖИГ ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛЬ
УИХ-ын гишүүн Ц. Гарамжавыг уйлуулах шахсан, гишүүд, олон нийтийн шүүмжлэлтэй багагүй тулсан Зөрчлийн хууль батлагдан гарлаа. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс М.Энхболд “За за манай бүлэг завсарлага авах уу” гэсэн үгийг хэлж суугаа харагдсан. Учир нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулах үеэр гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан байснаас үүдэн ийнхүү УИХ-ын дарга намын бүлэгт завсарлага өгөхийг хүссэн юм. Гэвч ажлын хэсэг болоод намын бүлгийнхний зүгээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг шуудруулж, батлуулах хүсэлтэй байсан юм. Учир нь энэ хуулийн төсөл ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх заалттай юм. Тодруулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан даруйдаа парламент ээлжит бус чуулган хуралдуулсан. Ээлжит бусаар хуралдахдаа хамгийн түрүүн өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан хуулиудыг буцаасан. Ингэхдээ эдгээр хуулиудыг энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр төсөл санаачлагчид нь буцаасан. Буцаагдсан дөрвөн хуулийн нэг бол Зөрчлийн тухай хууль юм. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийг УИХ-ын ажлын хэсэг орвонгоор нь эргүүлсэн тухайд гишүүд хуулийн төслийн хэлэлцэх эсэхээс эхлэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тухайлбал, хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хуулийг баталбал Монгол улс хуулиараа улс болно. Шоронгоороо дамжуулж жинхэнэ гэмт хэрэгтнийг үйлдвэрлэдэг тогтолцоотойгоор маш олон жил явлаа. Энэ хууль зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийн эрүүгийн хууль болж байна. Үүнийг дагаад зөрчлийн хуулинд прокурор хяналт тавина. Энэ нь дуртай хүнийхээ эрхийг хязгаарлах, дарамтлах, авилгал нэхэх, барьцаанд оруулах хэргийн эх үүсвэр болно” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Зөрчлийн хуулийг, Эрүүгийн гэмт хэрэгтэй хольсон. Жишээ нь орон байрандаа мөрийтэй тоглоом зохион байгуулж болно. Одоо бол бар, цэнгээний газраас өөр газарт мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол зөрчилд тооцогдохоор болсон. Гэтэл энэ чинь гэмт хэрэг шүү дээ” гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зүгээс ““Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, танхайрах” гэсэн хоёр төрлөөр танхайрах зөрчлийг тус тусад нь ялгаж тусган, зохицуулалтыг тусгасан. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэх юм. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчил хэмээн үзэхээр төсөлд тодорхойлсон. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүдтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Харин мансуурах зорилгоор газ, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэдгийг хэлж байв.
Харин хуулийн батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа “Зөрчлийн хуулийн 2 ухралт: – Зөрчил, гэмт хэргээр нь ялгасан зохицуулалтыг эвдэж зарим жижиг гэмт хэргийг зөрчлийн хуульд оруулж ирсэн
-Зөвхөн торгох шийтгэлтэй байсан хуулийн үзэл баримтлалыг эвдэж баривчлах шийтгэл нэмж Зөрчлийн бус Жижиг гэмт хэргийн хууль болгосон. Бусдаар Зөрчлийн хуулийн үзэл санаа тогтворжиж, энэ хууль цааш улам боловсронгуй болж сайжрах биз ээ” хэмээн жиргэжээ.
Анх Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж, батлуулсан. Харин ёсчлоогүй. Иймээс энэ удаагийн парламент дахин боловсруулж, баталлаа.
Оллоо.мн
URL: