Дарангуйг халах хариуцлага
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гэх хуулийн заалт бий. Гэхдээ үзүүлэн төдий байхыг хэлээгүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, уран цэцэн үгтэй уяраах увидастай бай гэсэн үг ч биш. Харин улс орон, ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэгч, эв нэгдлийг уриалагч, үлгэрлэн манлайлагч байх бодлогын үүднээс дээрх заалтыг хуульчилсан гэдэг. Тэгвэл одоогийн нэр дэвшигчдээс хэн нь эл шалгуурт тэнцэх бол.
“Хувь хүн эрх чөлөөгөө заяагдмал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо эв зүйгээр зохицон амьдарч буйгаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг” хэмээн либертари сэтгэгч, эдийн засагч, Нобелийн шагналтан Фридрих Хаек өгүүлсэн байдаг.
Ардчилсан хувьсгалд оролцсон зарим хүн өөрсдийгөө нийт монголчуудад эрх чөлөө өгсөн мэт хэлж, ардчилал, эрх чөлөөг өөрсдөө бий болгож, бүтээсэн мэт сэтгэнэ. Тэд эрх мэдэлд хүрвэл шударга ёсыг тогтоож чадна гэж сурталчилдаг бөгөөд харин эрх мэдэлд хүрсэн хойноо шударга ёсыг тогтоосон мэтээр ойлгоцгоодог. Өөр хэн ч чадахгүй учир өөрсдөө л хувь хүнд эрх чөлөө олгож нийгэмд шударга ёс бүрдүүлсэн талаар гайхуулна. Энэ дүр зургийг нийтээр мэддэг болж. Ф.Хаекийн онолоор бол энэ хүмүүс угаасаа дарангуй бодолтон. Цааш их даварвал дарангуйлагч болно.
Олон фракци, бүлэглэлүүдийн эрх ашиг бүрийг хангах гэж чармайсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН өөрсдөө унагаж орхисон. Өөр хүчтэй удирдагчийг хүсэмжилсэн тэд өөр нэгнийг даргаар тавив. З.Энхболд АН-ыг төдийгүй УИХ-ын үйл ажиллагааг хүч түрэмгийлэн удирдах гэж оролдсоныг намынхан нь дуу нэгтэй хэлдэг. Намаа ялуулах, цаашлаад УИХ-ын гишүүн болж орхисон бол тэр Ерөнхийлөгчийн сэнтийд санаархах байсан биз. Гэвч тэрбээр өөрт ойр байх нэгнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж чадсан юм. АН нэр дэвшигчээ сонгохдоо түүний зохион байгуулах онцгой чадвар зэрэг олон давуу чанарыг нь үнэлсэн нь лавтай. Гэвч түүнд Фридрих Хаекийн онцолсон дарангуй бодол ч дарангуйлах чадвар ч байгааг анзаарсан биз ээ. Хүч түрэмгийлсэн, хатуу гараар шийдсэн, хөмхий зуусан дүр түүнээс буудаг. Одоогийн нэр дэвшигч нь түүний тэр занг өвлөөгүй гэвэл худал биз.
Дарангуй бодолтнууд хувь хүмүүст байх хүний заяагдмал мөн чанарыг өөрсдөө өгсөн гэж үзэх учир өөрийгөө хөөргөн дөвийлгөж бурхны зиндаан тавина. Тэд өрөөл бусдаас сахилга, хариуцлага, үнэнч байдлыг шаардах атлаа өөртөө үйлчлүүлэх ёстой гэж ойлгоно. Мэдээж манай төрд ажиллаж буй албан хаагчид дарангуйлагч болж төрөөгүй ч дарангуй бодолтон болж төлөвшдөг. Төрийн сайдаас өгсүүлээд хамгийн жижиг албан хаагчийг хүртэл ийнхүү хүмүүжүүлнэ. Хувийн хэвшлийнхэн үйлчлүүлэгчдийг “Та байхгүй бол бидний ажил бүтэлгүйтнэ” гэж ханддаг. Харин төрийн албан хаагч эрхэм эсрэгээр “Би байхгүй бол та бүхний ажил бүтэхгүй” хэмээн бодно. Энэхүү ухвар мөчид бодлоосоо болж тэд олон нийтэд үйлчлэхдээ гар харна, хүнд суртал гаргана. Эндээс л төрийн байгууллага хийгээд хувийн хэвшлийн банк болон бусад үйлчилгээний ажилтнуудын хүмүүстэй харилцах харилцаа яагаад тэс ондоо байдгийг ухаж болно.
“Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна” хэмээн УИХ-ын чуулганы нээлт дээр М.Энхболд хэлсэн юм. Түүгээр зогсохгүй төрийн алба, төрийн албан хаагчийн чадавхи сулралд орж болохгүйг сануулав. Үүрэг хариуцлагадаа эзэн болж, мэдлэг боловсрол, туршлага чадвараар шигшигдсэн, төр түмэндээ үнэнчээр зүтгэж, тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч цөөрсөөр байгааг тэр анзаарчээ. Түүнийгээ ч чуулганы танхимд хэлсэн юм даг.
Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа, сэлгээ угаас байх ёстой хэм хэмжээ болчихоод байгаа. Хэн нэг нь ингэж болохгүй хэмээн сануулах ахул “Танай намын үед манай төчнөөн хүнийг ажлаас нь халаа биз дээ” хэмээн амыг нь таглана. Төрийн байгууллага, албан хаагчийн мэргэжил чадвар ёс суртахууны үнэт зүйлс алдагдаж, сахилга бат, хариуцлага хэдийнэ үгүй болсон. Нам нь ялсан бол чи чадваргүй байсан ч ажилдаа үлдэнэ. Харин нам ялагдсан бол намаг балчигт унана.
Ийм байдлаар аль нэг нам тойрсон явцуухан хүрээ монгол төрийг зайдагнах болсныг М.Энхболд сануулж,“Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна.Үүнийг даган төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд бид хөгжихгүй, урагшлахгүй” гэсэн юм.
Эрх мэдэлд очсон хүмүүс, хэдий их өндөрт гарна, тэр хэрээр алдаагаа анзаарахаа больдог. Өөрийг нь тойрсон хүмүүс өөр бусдыг харахааргүй болтол нь шахдаг учир хэдий ухаантай байсан ч нэмэргүй, амьдралаас бүрэн тасардаг учиртай.Харин М.Энхболд төрийн хүнд жудаг, ёс суртахуун байх ёстойг анхааруулсан. Тэр “төр орших үндэс тулгуурыг мэрж залгидаг авлигын араа шүдийг авч хаяхгүй бол хичнээн их хөрөнгө цутгаж, ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлээд нэмэргүй” гэсэн юм. Бид чанд хатуу сахилга бат буюу дарангуйлал, ёс жудагтай хариуцлага гэсэн хоёр сонголтоос нэгийг дугуйлж таарах нь.
Г.ЖАРГАЛ
Эх сурвалж: Улстөрийн тойм сонин
URL: