П.Очирбат, Н.Багабанди, С.Баяр, С.Батболд, Ц.Нямдорж, Л.Гансүх, У.Хүрэлсүх нарыг АТГ-т өгч шалгуулна

Монголын Ардчилсан хөдөлгөөний намаас дөнгөж сая MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд өнөөдрийн мэдээллээрээ төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа зарим эрхмийн хууль бус үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм.

Энэхүү мэдэгдэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Тэнгэрийн цаг” компанийг хэрхэн байгуулж, ямар учраас “Энержи ресурс”-тай хамтран ажиллах болсныг мөн Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюутолгой, Тавантолгойд хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл олон нийтэд байдаг. Хэрэв энэ үнэн бол ямар замаар энэ хувьцааг эзэмшдгийг, одоогийн Ерөнхий сайд С.Батболд ямар аргаар “Чингис” зочид буудлыг өөрийн болгосон, Ерөнхий сайд асан С.Баяр ямар мөнгөөр АНУ-д гурван хаус авсан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн ямар мөнгөөр олон хаус авсан, Монголын Ардчилсан хөдөлгөөний намаас илгээсэн 30 асуулт бүхий асуултад яагаад хариу өгч чадахгүй байгааг, БОАЖ-ын сайд Л.Гансүх өөрийн өндөр үнэлгээ бүхий хаусаа яаж 120 сая төгрөг гэж хэд дахин буулгаж үнэлүүлснийг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Хадгаламж” банкны хэрэгт холбогдож хэрхэн цайрсныг тус бүр шалгуулахаар болсон” гэлээ.

Тэд энэ бүгдийг Авлигатай тэмцэх газар шударгаар шалгаж, үнэн мөнийг олон нийтэд ил болгоно хэмээн найдаж буйгаа хэллээ.

Мөн тэд одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн хуулийн төсөлд ард түмний саналыг тусгах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Ч.Туяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих