Хэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болох бол?
Авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсан өмнөд солонгосчууд шинэ нийгмийг бий болгох найдвар тээсээр өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ний мягмар гарагт дараагийн ерөнхийлөгчөө сонгох гэж байна.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж байна. Энэ сарын эхний долоо хоногт явуулсан санал асуулгад оролцогчдын 40 хувь нь Мүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Харин төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Су-г дэмжигчдийн тоо 20 хувьтай байна. Аныг дэмжигчдийн тоо дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд Мүнийхтэй ойртож очсон хэдий ч аюулгүй байдлын асуудлаар баримтлах байр суурь нь тодорхойгүй, телевизээр явуулсан мэтгэлцээний үеэр Мүн рүү хэтэрхий дайрч довтолж байсан зэргийн улмаас дэмжигчдийнх нь тоо эрс цөөрчээ.
Пак Гын Хэг огцруулахыг дэмжиж байсан, эрх баригч асан Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшигч Хон Жүн Пё дэмжигчдийнхээ тоогоор гуравдугаарт бичигдэж байна. Тодруулбал, түүнийг дэмжигчдийн тоо 16 хувьтай байгаа юм.
Томоохон компаниудад эрс шинэчлэлт хийж, компаниуд болон улс төрчдийн хоорондын дотно харилцаа, хуйвалдааныг таслан зогсоохыг сонгуулийн кампанит ажлын эхний хагасын үеэр Өмнөд Солонгосын ард иргэд хатуу шаардаж байлаа.
Тус улсад ажилгүйдлийн түвшин өндөр байна. Ажилгүй залуус “бид тамын амьдралаар амьдарч байна” гэж гомдоллодог. Сүүлийн есөн жилийн хугацаанд консерватив үзэлт ерөнхийлөгчдийн засаг засаг захиргаа байнгын бус ажилчдыг хөхиүлэн дэмжсэн нь орлогын тэгш бус байдлыг улам тэлжээ.
Мөн хүү багатай зээлээр шинэ орон сууц худалдаж авахыг Засгийн газрын зүгээс дэмжсэнтэй холбоотойгоор өртэй айл өрхүүдийн тоо урьд байгаагүйгээр өссөн байна.
Харин кампанит ажлын хоёрдугаар хагаст сонгуулийн уур амьсгал өөрчлөгдлөө. Солонгосын хойгийн байдал улам хурцадсантай холбоотойгоор кампанит ажлын гол сэдвүүдийн нэг нь аюулгүй байдлын асуудал болж хувирсан юм.
Солонгосын хойгийн байдалд сэтгэл түгшсэн сонгогчид консерватив үзэлт нэр дэвшигчдэд саналаа өгөх хандлага өмнөх сонгуулиудын үеэр ажиглагдаж байжээ.
АНУ нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болон байлдааны хөлөг онгоцуудаа саяхан Солонгосын хойг руу илгээсэн нь “Вашингтон Умард Солонгосын цөмийн байгууламжуудад цохилт өгч магадгүй” гэсэн түгшүүрийг дэгдээсэн юм.
Харин саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “нөхцөл байдал бүрдвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахад би бэлэн байна. Түүнтэй уулзах нь миний хувьд “нэр төрийн хэрэг” байх болно” гэж мэдэгдсэн нь олон нийтийн түгшүүрийг намжаалаа.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өндөр байх төлөвтэй байна. Тус улс анх удаагаа энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр урьдчилсан санал хураалт явуулсан юм. Урьдчилсан санал хураалтад тус улсын сонгогчдын дөрөвний нэг нь оролцсон байна.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөх хугацаатай харьцуулахад энэ онд сонгогчдын санал өгөх хугацааг хоёр цагаар урт байх юм.
Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өнөөдөр буюу мягмар гарагийн өглөөний 6:00 цагт эхэлж, оройн 20:00 цагт өндөрлөнө.
MONGOLIINMEDEE.MN
URL: