Сүүхэйтэй эр.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Ардын намынхныг өмнөө “сөхрүүлж” чадлаа. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах гэж хоёр намын бүлэг хэсэг жүжиг тавьсны эцэст арайхийж зөвшилцөлд хүрлээ. Тэгэхдээ Ардын намынхан Ардчилсан намынханд бууж өгөх маягаар асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхээр болов. Бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлэх дуртай үгийг “Манай намын бүлэг завсарлага авлаа” хэмээн тодорхойлчихвол буруудахгүй байх. Учир нь тэд өөрсдөд нь таалагдахгүй, ашиггүй саналыг нөгөө бүлгийн зүгээс тавибал завсарлага авчихдаг зантай. Гэхдээ энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрх болохоор хэн ч юу ч хэлэх эрхгүй юм. Ийм жишээ гэвэл олон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох асуудалд Ардчилсан намын бүлэг завсарлага авчихсан байгаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн чуулганаар хэлэлцэх үеэр завсарлага авч, УИХ-ын үйл ажиллагааг гацааж байсан юм. Ямарваа нэгэн үйл ажиллагааг гацаах, завсарлага авах арга хэрэглэсэн хэдий ч бүлгийн дарга Ч.Сайханбилэг намынхаа саналыг Ардын намынханд хүлээн зөвшөөрүүллээ. Улс төрд хөл тавихаасаа өмнө сэтгүүлч хийж байсан энэ төрийн түшээ сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдааныг сурвалжлуулахгүй хэмээн гөжүүдэлсэн удаатай. Мөн интернэтийг айл бүрт түгээнэ хэмээн уриалж, сонгуульд ялалт байгуулж байсан сүүхэйтэй эр.
URL: