“Сонгууль – 2012” их сунгаан эхэллээ
Ирэх онд болох УИХ-ын сонгуулийн хууль шувтарах өнгөндөө орлоо. Өчигдөр эрх баригч МАН, АН хоёр тохиролцоонд бараг хүрч амжив. Энэ долоо хоногтоо Сонгуулийн тухай хууль батлагдаж, сонгуулийн албан бус үйл явц өрнөж эхлэх нь бололтой. Намууд хэнийг хаанаас ямар тойрог дээр өрсөлдүүлэх үү, сөрөг намынхан хэнийгээ тавих бол гээд таамаг болоод сураг ажиг хийж байна.
Энэ сонгууль өмнөх сонгуулиудаас холимог тогтолцоогоор болох гэж буй нь онцлог юм. Томсгосон 26 тойрог дээр 48 мандатын төлөө намууд өрсөлдөх нь. Үлдсэн 28 суудлыг олон санал авсан намууд хуваан авах нь бараг тодорхой болоод байна.
Өөрөөр хэлбэл аймагуудад 1-2 мандат хувиарлагдаж буй ажээ. Энэ нь гуравдагч хүчин мандат авах эрх бараг л байхгүй гэсэн үг.
МАН, АН хоёр энэ сарын сүүлээр их хурлаа хийхээр товлосон талаар намын удирдлагууд мэдэгдээд буй. МАН энэ сарын 28-нд их хурлаа хийх бол АН-ын хурлын тов хараахан зарлагдаагүй байна. Намуудын их хурлаар ирэх сонгуулиар хэрхэн оролцох, аль тойрог дээр хэн гээчийг өрсөлдүүлэх вэ гэдгээ тогтох нь ойлгомжтой. Одоо ч улс төрчид хаанаас нэр дэвших бэ гэдгээ намуудын удирдлагуудтай тохиролцоонд хүрч эхэлсэн гэх мэдээлэл олонтой сонсогдож байна. Сонгуулийн сурталчилгаа ч аль хэдийнээ эхэлжээ.
“Сонгууль – 2012” их сунгаан эхэлсэнийг тодотгоё.
Т.Амур
URL: