Wikileaks чинь “хогийн сав” юм биш үү

Wikileaks Монголын хэвлэл мэдээллийн салбарын нууц ноёдыг нэрлэжээ. 2009 оны байдлаар гэсэн тайлбартай уг мэдээлэлд үнэн юм тун хомс байсан нь санаагаар унахад хүргэсэн юм. Үүнээс үүдээд тус сайтынхны дэгдээж ирсэн “шуугиан” гээд байсан нь чухам юу байсныг эргэцүүлж нэг үзэв. Тус сайт 1966 оноос 2010 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд АНУ-ын Элчин сайдын яамнаас Вашингтонд явуулсан 251,287 ширхэг нууц баримт бичгийг дэлхий даяар задалж орхисон юм. Эдгээр материалууд дэлхийн дипломат болон улс төрийн бодлогод мэдэгдэхүйц нөлөөлнө гэж тухайн үед шуугиж байлаа. Гэхдээ үнэн хэрэгтээ бол ач холбогдол нь бүрэн хэмжээгээр, бүгдийг нь дэлгэсэн гэдэгт л байсан болохоос хүний гар хүршгүй нууц баримтыг дэлгээд тавьчихсандаа биш юм. Wikileaks-ын дэлгэсэн хамгийн топ баримт гэгчийг жагсааж, хэр нууцын зэрэглэлтэй болохыг нь дэнсэлье л дээ.
1. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх баримтууд. Ойрхи Дорнодын зарим улсын удирдагчид Ираны цөмийн зэвсгийн программын тухай нууц мэдээлэлтэй байгаа гэдгийг дэлгэсэн. Баримтуудад Саудын Арабын хаан Абдулла энэ талаар хэд хэдэн уулзалтад оролцсон бөгөөд АНУ-д “могойны толгойг таслах” зөвлөгөөг өгсөн гэсэн байв.
Энд шинэ нэг ч юм байхгүй. Бүгд л өмнө нь их бага хэмжээгээр дэлгэгдэж байсан баримтууд байсан. Орчин тойрны улсууд нь Иранаас айн ширвээтэж, цөмийн хөтөлбөрийнх нь талаар баримт цуглуулж байгаа нь хэнд ч ойлгомжтой мэдээлэл. Саудын Арабын хаан Абдулла Иранд цохилт өгөхийг АНУ-аас хүссэн нь ч олон нийтэд мэдээлэгдэж байсан.
2. АНУ-ын дипломатууд дэлхийн удирдагчдын эсрэг үгээр дайралт хийх талаарх баримтууд.  АНУ-ын дипломатууд дэлхийн зарим удирдагчдын талаар маш ширүүн үгээр дайрсан талаарх баримтыг дэлгэсэн. Гэхдээ энэ нь баримт гэхээсээ увайгүй байдал, ховын шинж чанартай юм. АНУ-ын дипломатуудын боловсролын хэр хэмжээ, ёс суртахууныг таниулаад авсан ч гэж болно. Чухам ийм учраас АНУ Ж.Ассанжид дайсагнаад байж ч магадгүй. Тухайлбал Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай “бодлогогүй байдалд захирагдсан”, Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони “сул дорой, бардам, орчин үеийн Европын удирдагч гэхэд чадваргүй”, Францын ерөнхийлөгч Николас Саркозиг “хувцасгүй захирагч” хэмээн хэлсэн байх юм. Өөр нэг дэлгэгдсэн баримтад Ливийн удирдагч Муаммар Кадаффиг “тачаангуй шаргал үстэнүүдтэй” зугаацах дуртай гэх мэт. Нэгэнт дипломатуудын захидлуудыг бүгдийг нь олж авсан учир тэнд сонирхол татах, нууц гэсэн тодорхойлолтод ойртсон баримтууд бол бий. АНУ Пакистанаас баяжуулсан ураныг хурааж авч байсан гэх мэт. Гэхдээ жинэхэнэ бөмбөг тэсэлсэн нууц баримт бараг үгүй.
Манай улсын хэвлэлийн талаарх баримтуудыг ч гэсэн харахад гудамжаар тэнэж явдаг яриаг иш болгосон нь илт байна. Харин энэ ташаа баримтууд нь нэгэн сонины бодлогод яв цав таарч байсан учир ийнхүү шүүрч аван нийтэлсэн бололтой. Хэрвээ ийм дэл сул, худал үнэн яриаг нууц баримтад тооцоод байх юм бол цуглуулсан мэдээллийг нь нэг байтугай хэд хэдэн сайт ч багтааж дийлэхгүй байлгүй. Энэ бүхнээс ургуулан бодоход Wikileaks дипломатуудын захидлуудыг гартаа оруулснаас өөр гавьтай нууц дэлгээгүй. Тэгэхээр энэ нөхөр нэг бол АНУ-ын Тагнуулын байгууллага ямар муу ажилладаг вэ гэдгийг илчилсэн л хүн болж таарч байгаа юм. Нөгөө талаар АНУ-ын тусгай албадтай хамтарч улс орных нь талаар АНУ олигтой мэдээлэл цуглуулж амжаагүй юм байна гэсэн сэтгэгдлийг дэлхийн бусад улс орнуудад төрүүлэх зорилготой төслийн нэг “эд анги” нь ч байж мэдэхийг үгүйсгэх аргагүй. Түүнийг бас зальт этгээд гэж үздэг хүмүүс бий. Бүр ойр дотныхон нь ингэж боддог гэхээр сонин байгаа биз дээ. “Монголын мэдээ” сонины энэ оны нэгдүгээр сарын 17-ны дугаарт гарч байсан “Wikileaks бол санхүүгийн луйвар” хэмээх материалыг хүргэж байна.

Wikileaks бол санхүүгийн луйвар

-Ж.Ассанж Wikileaks төслөөс таван сая ам.доллар олохоор төлөвлөсөн-

Wikileaks-ын эзэн Жулиан Ассанжийг Шведед шилжүүлж өгөх эсэхийг шийдэх шүүх хурал энэ сарын 12-нд болсон билээ. Энэ үед тэрбээр бие хамгаалагч нартайгнаа хошигнон инээмсэглэж, сэтгэл их л дүүрэн байсан мөртлөө хэвлэлийн бага хурлын үеэр энэ байдал нь огцом өөрчлөгдөж,  Швед болон АНУ-тай шүүхдэлцэхэд мөнгө их шаардагдаж байгаа учир санхүүгийн хүндрэлд орсон, мөнгө олохын тулд дурсамжийн номоо хүртэл бичихээр боллоо хэмээн ярьж байв. Батлан даалтад гарах барьцааны мөнгөө найз хүүхнээрээ төлүүлж, дурсамжаа бичиж 1.5 саяыг олно хэмээн хамаг асуудлаа тоочих австрали эрийг хараад харин ойрын хүрээлэгчид гайхаж байгаа аж. Тэднийхээр бол Ж.Ассанжид олон саяын хөрөнгө байгаа бөгөөд ил гаргахыг л хүсэхгүй байгаа аж. Тэдгээр үл итгэгчдийн яриаг сонсоцгооё.
Ж.Ассанжийн мөнгө “хийдэг” гол арга нь хүний сайхан сэтгэл дээр тоглох явдал аж. Wikileaks вебсайт дэлхий нийтэд хандан хандив өргөхийг хүссэний дараа Bank of America зэрэг санхүүгийн том корпорациуд дансыг нь хаасныг та бүхэн санаж байгаа байх. Ж.Ассанж дараа нь “Банк санхүүгийн байгууллагын талаарх нууц мэдээллийг ил болгоно” гэж заналхийлээгүй юу. Ингэж уурлах нь ч аргагүй байж. Ж.Ассанж “Wikileaks” төслийг бичихдээ орлого хандив тусламж маягаар орж ирэхээр төлөвлөсөн байсан юм. Ямар нэг дуулиант мэдээллийг задруулсан даруйдаа санхүүгийн хүндрэлд ордог байсан явдал үүнийг гэрчилнэ.
Сүүлийн хоёрыгоо бодвол хамрах хүрээ нь бага ч кампромат сайтын хувьд хангалттай шуугиант мэдээлэл цацсаныхаа дараа хоёр ч удаа “Wikileaks хаагдлаа” гэсэн зарыг тараан хандив гуйж байсан ч төдийлөн бүтэлтэй болоогүй байна. Харин америк цэргүүд иракийн энгийн номхон иргэд, тэдний дунд Ройтерс агентлагийн сэтгүүлчийг буудаж буй видео бичлэгийг 2010 оны дөрөвдүгээр сард цацсанаас хойш хандив тусламж бороо шиг цутган орж иржээ. Германы Wau Holland Foundation сангийн захирал Хендрик Фульда “Der Spiegel” сэтгүүлд “2009 оны аравдугаар сараас 2010 оны арванхоёрдугаар сар хүртэл Wikileaks-ын санд 1.200.000 ам.доллар цугласан” гэж ярьсан байдаг. Гэтэл Ж.Ассанжийн хамтрагч байгаад сүүлд эзнийгээ “муйхар, өөрийнхөөрөө зүтгэдэг, санхүүгийн будлиантай үйл ажиллагаа хийдэг” гэж нэрлээд халагдах өргөдлөө өгсөн Даниэль Домшайт-Берг “Wikilaks-ыг бүтэн жил хэвийн ажиллуулахад 200.000 ам.доллар шаардлагатай” гэж мэдэгдсэн юм. Түүний бичсэн “Wikileaks-ын гал тогоонд: Дэлхийн хамгийн аюултай вебсайтад ажилласан миний цаг мөчүүд” ном энэ саррын 27-нд худалдаанд гарна. Чухам энэ номд Ж.Ассанжийн санхүүгийн будлиантай үйл ажиллагааг дэлгэсэн байх гэж уншигчид найдан харж байгаа юм. Гэхдээ номд энэ талаар бичигдсэн эсэх талаар зохиогч одоо болтол ам нээгээгүй л байна. Wikileaks-ыг 2006 онд үүсгэн байгуулалцсан Жон Йанг “Wikileaks бол санхүүгийн луйвар. Ж.Ассанж энэ төслөөс 5 сая ам.доллар олно гэж тооцоолсон. Үүндээ хүрэхээс нааш хэзээ ч зогсохгүй” хэмээн ил тод мэдэгдсэн билээ. “Ж.Ассанж нууц бичлэгүүдийг Channel 4, BBC и Al Jazeera телевизүүдэд зарж доод тал нь 500.000 ам.доллар олсон байх ёстой. Гэтэл дээрх телевизүүд одоо болтол амаа хамхиад байгаа нь гайхмаар” гэж тэрбээр ярьж байв. Ж.Ассанжийн өнгө босгох бас нэг ажиллагаа нь залуухан америк цэрэг Брэдли Мэннинг байсан. АНУ-ын хүчний байгууллага түүнийг “Wikileaks-ын мэдээлэгч” гэж буруутган баривчилсан юм. Түүнийг 53 жил хоригдох ял заналхийлж байлаа. Энэ үед сайт “Брэдли Мэннингийн өмгөөлөгчийн зардалд зориулах” нэрээр хандив цуглуулсныг дэлхий нийт санаж байгаа байх. Гэтэл санхүүгийн тайланд дээрх зорилгоор нэг ч цент орж ирээгүй гэж тусгагджээ.
Дэлхийн хамгийн аюултай гэгдэх тус сайтад “Эрх чөлөө” гэдэг үг үнэгүй биш”, “Дипломат захидлуудыг нийтэлснээс хойш байгууллагын төлөвлөөгүй зардал 700.000-д хүрлээ. Пентагон бидэнд туслахыг хүсэхгүй байна. Хэвлэл мэдээллийнхэн ч адил. Одоо яах вэ”, “100.000х10 ам.доллар=1 сая ам.доллар. Бидэнд таны тусламж хэрэгтэй байна” гэх мэтийн үгс одоо ч тавиастай байгаа. Түүний зохиосон “жүжиг” амжилттай болсон тул хандив тусламж ч бороо шиг цутгаж байгаа гэж үзэх үндэстэй. Тэгэхээр, Жон Йангийн хэлсэнчлэн Wikileaks хэмээх “үлгэр” жаргах цаг нь ойртжээ. Төлөвлөсөн таван сая ам.доллараа олж авсан ухаалаг луйварчин Ж.Ассанжийн дараагийн төсөл юу байх бол гэдгийг хүлээх л үлдэж байх шив.

mminfo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих