Л.Гансүх сайдыг шүүх хуралд ирэхийг хүсчээ

Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуягт холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг өнөөдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Нэр төрд халдсан хэмээн гомдол гаргасан Л.Гансүх сайдыг шүүх хуралдаанд  өөрийн биеэр ирж оролцох хүсэлтийг Г.Уянга нар тавьсан байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх  өнөөдрийн хуралдаанд ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Г.Уянга, А.Баатархуяг нарт эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сэтгүүлч А.Баатархуяг өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас “Улаанбаатар палас”-т зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан” хэмээн мэдэгдсэн байна.

Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг “бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаснаар дээрх хэрэг үүссэн юм. Өнөөдрийн шүүх хуралд улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Л.Гансүх сайдын өмгөөлөгчөөр н.Цэндсүрэн нар оролцох аж.

С.Отгон news

URL:

Сэтгэгдэл бичих