УХААЛАГ УЛААНБААТАРЫН УХААН МУУДЖЭЭ
Улаанбаатарыг “ухаалагжуулах” агуу төлөвлөгөө хотын дарга асан Э.Бат-Үүлийн засаглалын үед зохиогдон, нийслэлийн удирдлагууд 2012-2016 Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороогүй хэд хэдэн хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлсэн байдаг. Тэдний нэг нь “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”.
2013 он:
- Тохижилт үйлчилгээний автомашинуудад GPS хяналтын систем нэвтрүүлэх төсөлд – 281 сая төгрөг
- Иргэдэд зориулсан хөдөлгөөнт интернэтийн бүсүүд бий болгох төсөлд – 20 сая төгрөг
- Иргэдэд зориулсан “Mobile UBguide” программ хангамжийг нэвтрүүлэхэд 29.5 сая төгрөг
2014 он:
-Ухаалаг хот хөтөлбөрт – 3.4 тэрбум төгрөг
2015 он:
-Ухаалаг хот хөтөлбөрт – 3.7 тэрбум төгрөг зарцуулсан бол 2016 он “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх төсөл хэрэгжүүлэн нэг тэрбум төгрөгийг зарлагдсан байлаа. Дээрх мөнгөнөөс зөвхөн “Ухаалаг Улаанбаатар” төсөлд зарцуулсан хөрөнгө нь 7 тэрбум, 791 сая төгрөг болсон байх юм.
Хэрвээ нийслэлийн иргэн Та санаж байгаа бол УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Э.Бат-Үүл дарга “Улаанбаатарыг утасгүй интернэтжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж, төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрч, ухаалаг хот болно хэмээн мэдэгдэж байсан.
Төслийн туузыг хайчилж байхад хотын дарга нар нийслэлийн бүх дүүрэг хороог утасгүй интернэт буюу wifi-д холбох, явуулын интернэт бий болгох төсөл хэрэгжээд эхлэхээр иргэд утасгүй интернэтийн сүлжээнд холбогдоно гэцгээж байв. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нийслэлийн есөн дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангана хэмээн давхар зарлаж байсан.
Тууз хайчилж, зургаа даруулсан нээлтийн ёслолын мэдээ телевиз, сонин, цахим мэдээллийн хэрэгслийн архивт хадгалагдаад үлдчихсан байхад харин өнөөдөр Үүл даргын ухаалаг болгохоор зорьсон Улаанбаатарын ухаан “муудчихсан” сууж байна.
Цахим хэрэглээ өсөн нэмэгдэж, хүн амын дийлэнх нь олон нийтийн фэйсбүүк, твиттер сүлжээг өдөрт дор хаяж нэг удаа эргэж амждаг болсон. Гэвч иргэд энэ төслийн “буян”-ыг хүртэж чадаагүй байна. Тэд “Ухаалаг Улаанбаатар” хэмээх гоё рекламыг “залгиж” орхиод тус тусын халаасыг сэгсэрч, өөрийн мөнгөөр “утсаа маажиж” суугаа нь үнэн.
Улаанбаатарын ухааныг ийн “муутгах” нь хэнд ашигтай байв аа. Төслийн 7.8 тэрбум төгрөг хаачсан байж таарах вэ?!. Экс хотын даргаас нийслэлчүүд ингэж асуух эрхтэй. Учир нь энэ хөрөнгө та бүгдийн, татвар төлөгчдийн халааснаас гарсан.
Д.ХАЛИУН
URL: