Засгийн газар нүүрсний компаниудын эрх ашгийг хамгаалав уу?

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Гол нь Монголоос экспортлох нүүрс, төмрийн хүдэр дээр яригдах гаалийн татварын асуудал энд тусгагдсан юм. Гэвч Сангийн сайд С.Баярцогт орж ирснээр Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслөө татаж авч байгаа мэдээг танилцуулав. Ингээд гишүүд гайхаж байгаагаа илэрхийлцгээж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийг дагалдаж орж ирсэн хуулиа буцаачихаар төсвөө эргээд татагдчихаж байгаа юм биш үү” гэсэн бол Х.Бадельхан гишүүн “Гадуур янз бүрийн улс төр явж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхээр нүүрс экспортлогчдын эрх ашиг хөндөгдөх гээд байгаа учраас ингэж байгаа юм” гэв. Ц.Сэдванчиг гишүүн “Үүнийг Засгийн газар татаж авснаар нүүрсний татвараас бүрдэх 300 гаруй тэрбум төгрөгийн орлого алга болох нь. Энэ мөнгийг төсөвт яаж нөхөх гэж байгаа юм” гэвэл Ц.Батбаяр гишүүн “Засгийн газар уул уурхайн хэдхэн компанийн эрх ашигт үйлчлээд байгаа юм биш үү” хэмээсэн юм. Харин О.Чулуунбат гишүүн “Ийм чухал баримт бичгийг байнгын хороогоор хэлэлцэхгүй, шууд татаж авна гэдэг утгагүй” гэлээ. Энэ бүхэнд өгсөн С.Баярцогт сайдын хариулт үнэндээ нэг л байсан юм. Тэрээр “МҮХАҮТ, Уул уухайн үндэсний ассоциаци, Эрдэс баялгийн үндэсний бирж гэх мэтийн байгууллагуудын саналыг Засгийн газар харгалзан төслөө татаж авахаар болсон. Оронд нь экспортын татварыг өөр байдлаар нөхнө. Үүнийг төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ярина. Хэрэв энэ татварыг авбал нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл зогсох сөрөг талтай гэж үзсэн” гэснээс өөр тайлбар хэлэхгүй байлаа. Гишүүд илүү тайлбар шаардахад “Энд хэвлэлийнхэн хэр байна. Бид Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулчихаад баахан шүүмжлүүлсэн учаас хуулиа дахиад өөрчилж байсан. Дэгийн тухай хуульд сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд суулгахгүй гэдэг заалт оруулчихаад шүүмжлүүлээд больж байлаа. Энэ мэтээр баталсан хуулиа хамгаалж чадахгүй, нийгэмд хэл ам үүсгэдэг учраас уг төслийг татаж авсан тухай ил тод дэлгэрэнгүй тайлбарлахгүй байгааг ойлгооч” хэмээн гуйснаар асуудалд цэг тавилаа. Харин хамгийн сүүлд нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Нүүрсээ ямар ч татваргүйгээр гадагш нь ачуулах юм бол уул уурхайгаа ашигласны хэрэг байна уу. Тэгвэл хууль зөрчсөн хэрэг болно. Үнэндээ Засгийн газар “Энержи ресурс”, МАК, жижиг Таван толгой гэсэн компаниудын үгээр төслөө татаж авлаа гэдгээ нээлттэй хэлчихээч” гэсэн юм.

ТАНСАГ ХЭРЭГЦЭЭНИЙ АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ НЭМНЭ

Дараа нь Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм.

Энэхүү төсөлд тусгаснаар үйлдвэрээс гараад арван жил явсан хуучин автомашиныг Монголд оруулж ирвэл татвар нь нэмэгдэж байгаа юм байна. Мөн тансаг хэрэгцээний том оврын суудлын автомашинуудын онцгой албан татварыг нэмж байгаа аж. Гадаадад бол чинээлэг давхаргын баячуудаас машины татвар илүү авдаг жишиг байдгийг Сангийн сайд хэлж байлаа. Энэ хоёроос бусад төрлийн автомашины татварыг нэмэхгүй гэнэ. Энэ өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцсэн хүн нь Д.Дамба-Очир гишүүн байв. Тэрээр “Монголын зам муу учраас том машин унахаас өөр аргагүй байдаг” гэсэн тайлбар хэлж байсан юм.

ИРЭХ ЗУРГАДУГААР САРААС ИРГЭН БҮРТ 23 МЯНГАН ТӨГРӨГ ӨГӨХОӨР ТУСГАЖЭЭ

Сүүлд нь Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэхийг дэмжлээ. Ирэх жил Монгол Улс иргэддээ 2,4 их наяд төгрөг өгөх гэнэ.

Он гараад эхний таван сард иргэн бүрт 21 мянган төгрөгөө өгнө. Харин зургадугаар сараас 23 мянга болгож нэмэх нь. Мөн 55, түүнээс дээш настай эмэгтэй 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 600 мянган хүнд тус бүр нэг сая төгрөгийг бэлнээр олгоно. Үлдсэн 2.2 сая иргэн нэг сая төгрөгийг бэлнээр эсвэл хувьцаа маягаар авч болно гэж Сангийн сайд ярилаа.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих