Монголын төр хүчин мөхөстөж байна
Монголын төр хувийн хэвшлийн өмнө шүүх засаглал, бүхэл бүтэн яам, тамгын газартайгаа хүчин мөхөстөж байна. Төр засгаас стратегийн хэмээн батламжилсан Шивээ-Овоогийн ордын нийт газар нутгийн 85, нөөцийн 80 орчим хувьд нэгэн хувийн компани ноёрхлоо тогтоогоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Эл асуудлаар холбогдох яам, Төрийн өмчийн хорооныхон хүчний байгууллагад удаа дараа хандсан ч, гурван шатны шүүхээс ялагдал хүлээгээд байгаа юм.
Тэгэхээр тус нүүрсний ордыг 1957-1958 онд илрүүлж, 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байдаг.
Эл орд нь Өөхөн цагаан, Шинэ ус, Ногоон нуур гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг байна. Өнөөдрийн байдлаар уг нүүрсний ордын нийт 29500.0 га талбайгаас Шивээ-Овоо уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91.0 га газрыг л эзэмшиж байгаа юм. Мөн төрийн өмчит “Эрдэнэс MGL” ХХК 14.2 хувь буюу 4199 га-д олбрлолт явуулж байна.
Харин хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж. Үнэн чанартаа тус уурхайн үр өгөөж төр засаг, олон нийтэд мэдрэгдэхээ больж, цөөн тооны дарга даамал, хувийн хэвшлийнхний түрүүвчийг түнтийлгэдэг болсоор удаж байна.
Ямар сайндаа л, төр засгаас хүйтний ам наашилсан энэ цагт гал алдахгүйг хичээж, “Эрдэнэс MGL” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 200.0 га газрыг сарын 15 сая төгрөгөөр түрээслэн амь зогоож байгааг албаныхан дуулгасан. Түүгээр барахгүй Шивээ-Овоогийн ордын геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснээс гадна уурхайг байгуулахад гадаадаас 67 сая ам.долларын зээл авсан байдаг гэнэ.
Түүнчлэн Шивээ-Овоогийн ордыг түшиглэн барихаар зэхэж буй эрчим хүчний цогцолбор цаасан дээрх “мөрөөдөл” төдийхнөөр хэдэн ч жил болов. Уг нь эрчим хүчний “өлсгөлөн” үүд тогшиж буй энэ цагт цахилгаан станц барина гэдэг мэдээ юунаас ч илүү үнэ цэнэтэй байж мэднэ. Гэтэл сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатарын V станцыг бид “амаараа” бариад ашиглалтад оруулчихлаа.
Харин Шивээ-Овоогийн эрчим хүчний цогцолборыг байгуулахаар таван жил ярьсан ч хэрэгжиж төвдсөнгүй. Уг нь БНХАУ-тай үзэглэсэн гэрээ ёсоор Шивээ-Овоогийн энэ цогцолбор эрчим хүчний томоохон төв болох юм. Манай одоогийн хэрэглэж буй хүчин чадлаас тав дахин их буюу 3600 мВт хүчин чадалтай эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрөх тул ингэж хэлэхээс ч аргагүй.
Түүгээр хязгаарлагдахгүй явцын дунд хүчин чадлаа өргөтгөн 10 мянга гаруй мВт-д хүрнэ гэж тооцоолоод буй. Гэхдээ мэдээж ийм хэмжээний эрэлтийг дотоодод шингээх хүчин чадал байхгүй. Түүнчлэн Хятадын “Төрийн сүлжээ” корпораци, “Лүнэн” групп энэ цогцолборын төслийн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг 2006 онд хамтран боловсруулснаас хойш энэ ажил амар сайхандаа жаргажээ.
Тэгээд ч бодит байдал дээр Монголын төр гар дээрээ тавьсан тус ордын лицензгүй, дээр нь газар түрээслэн “амьдарч” байж эрчим хүчний цогцолбор барина гэдэг ёстой л дашийн шог биз дээ. Гэхдээ мөрөөдөхөд мөнгө төлөх биш.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: