Ижлээ идэж, хавиргаа хазлах энэ солиорлоо хэзээ болих вэ, Монголын төр
Наад талын ширээний голд сууж буй эрийг Сэргэлэн гэх агаад, баруун гар талд нь охин нь сууж байна. Ахан дүү монголчуудын тусгаар тогтносон голомт Монгол улсад амьдран суухаар 20 гаруй жилийн өмнө халуун дулаан сэтгэл өвөрлөн ирсэн. Гэвч энэ хугацаанд иргэн болох байтугай, оршин суухын асуудал нь бүтэж бүрэлдэж байсангүй. МУ-ын иргэн бүсгүйтэй ханилан сууж үр хүүхэдтэй болсон ч нэмэргүй.
Уржнан нөхөд бид өмнөд монголчуудын эрх зөрчигдөж байна гэж их шуугиан дэгдээснээр ИХШХЕГ Өвөр Монголоос ирсэн хүмүүстэй уулзалт зохион байгуулж, “энд ирж асуудлаа танилцуулсан хүмүүсийг өршөөнө” гэж байсан. Олон өвөр монгол хүн болгоомжлоод очоогүй. Харин Сэргэлэн очиж, энэ олон жил нуугдаж бултаж хараар амьдарсан, хувь заяаны эрхээр охиноо ганцаар өсгөж ирсэн зовлонгоо тоочсон. Өршөөлөө, оршин суух өгнөө гээд л алга ташуулаад байсан. Гэвч дараа нь энэ хүний зовлон хэвээрээ үлдсэн.
Шинэ жилээс хойш, Өргөнтал хүн амины хэрэг үйлдэв гээд өвөр монголчуудыг “намнаж” эхэлсэн, 66 өвөр монгол хүн албадан гаргасан гэж эх сурвалжууд ярьж байна. Тэр 66 дотор хятад хүн байгаа бололтой ч олонхи нь өвөр монгол гэнэ. Манай ГИХГ Өвөр Монголоос ирсэн бол бүгдийг нь өвөр монгол гээд байдаг.
Тэдгээрийн дотор Сэргэлэн албадан гаргагджээ. Монголын иргэн охин нь хамт явжээ. Энд үлдэх хүсэлтэй өвөр монголчууд их төлөв коммунист үзэл сурталд таарахгүй зүйлийг ярьж хийсэн байдаг. Хожим ингэж хөөнө гэж яаж мэдэх билээ. Монголын иргэнтэй гэр бүл болсон байдал манай иммигрэшнд хамаагүй. Монголын иргэн юу юм, өвөр монгол хүн юу юм, тэдний хувьд юу ч биш шүү дээ. Баахан салан тусгаарлагч, террорист илчилж гаргав гэж дотоод гадаадад рапортлон, улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэж байвал болох нь тэр.
Одоогийн ГИХГ-ын дарга Д.Мөрөн урьд мөн энэ байгууллагын дарга байхдаа өвөр монголчуудад хатуу хандаж, НҮБ-ын дүрвэгч Батзангааг энд хятад цагдаа нар орж ирж баривчлан авч явсан дуулиант хэрэгт хутгалдаж байсан. Одоо тэр бүхэн дахин давтагдах нь уу?
Энэ төр юу болж байна? Далай ламын төлөө уучлал гуйх, хилийн цэргээ байхгүй болгохыг завдах, хилийн бүсээ нарийсгах, 5 сая хятад жуулчин авчирна гэх, хятадуудыг визгүй зорчуулна гэх, Чайна Банкийг улсынхаа гол банк болгохыг хичээх гээд Хятадад дэндүү найр тавьсан олон зүйл хийхийг чармайх юм уу, хийлээ. Тэгсэн хэрнээ Хятадын иргэдийн дотроос өвөр монголчуудыг хялайн ганцыг ч үлдээлгүй хөөж туух гэж улайрч байна. Өдгөө олон өвөр монгол хүн дарамт гадуурхлын дор Монгол улсад оршиж байна.
Ижлээ идэж, хавиргаа хазлах энэ солиорлоо хэзээ болих вэ, Монголын төр? Зөвхөн харийн төлөө, зөвхөн монгол үндэстний эсрэг ажиллахаа хэзээ болих вэ, Монголын төр? БОЛЬ гэж хэлж байна.
Ч.Мөнхбаяр
ZUV.mn
URL: