FIFA ивээн тэтгэгчийн эрэлд

205814-22042017-1492842049-598185428-fifaДэлхий нийтээр хамгийн их үздэг спортын арга хэмжээний нэгнийх нь санхүүгийн зардал, нэр хүндийн эрсдэлтэй холбогдуулан олон улсын болон орон нутгийн бизнесийн бүлгүүдийн санал зөрсөөр. Үүнээс шалтгаалан ОХУ-д болох Дэлхийн цомын тэмцээнийг дэмжих түнш олохоор FIFA байдаг аргаа хэрэглэж байна.

Бразилд 2014 онд болсон тэмцээний дараа гэрээний хугацаа дууссан тул дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага Sony, Emirates зэрэг хэд хэдэн ивээн тэтгэгчээ алдсан. Бразилын тоглолтыг зохион байгуулахад 20 том компанитай гэрээ байгуулж байсан бол 2018 онд ОХУ-д болох арга хэмжээг тэтгэхээр 10 компани л гарын үсэг зуржээ.

Авлигын дуулианаас салахаар чармайж буй FIFA, 2014 онд Крымийг нэгтгэснээс болж өрнөдөд шоовдорлогдсон ОХУ хоёр аль аль нь нэр хүндийн сэвтэй. Дэлхийн цомын тоглолтын нийт хоёр тэрбум ам.долларын зардлыг ивээн тэтгэгчдээс оруулах хөрөнгө, өргөн нэвтрүүлгийн эрхийн борлуулалтаар нөхөхөөр төлөвлөж байна.

Ивээн тэтгэх ажилд ОХУ-ын дотоодын компаниудын оролцоо хамгийн сул. Тус улсаас ганцхан Aльфа-Банк л Үндэсний ивээн тэтгэгч болохоор гарын үсэг зурсан ч оруулах хөрөнгө нь үнэмлэхүй бага. Эдийн засаг суларсан сүүлийн хоёр жил дотоодын бизнес эрхлэгчдийг илүү зардлаас цааргалдаг болгосон талаар Оросын олимпийн их сургуулийн профессор Андрей Мальгин тайлбарлав. “Зохион байгуулагчид нь нийгэм, улс төрийн чухал ач холбогдолтой энэ арга хэмжээнд байдаг хөрөнгийг нь шавхана хэмээн ихэнх компани харддаг. Зах зээлийн үүднээсээ ямар ч ашиггүй зүйлд мөнгө үрэхээс бүгд л түвэгшээж байгаа” хэмээн профессор өгүүлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хайртай төсөл, 2014 оны Сочигийн өвлийн олимпод хэрээс хэтэрсэн хөрөнгө үрсэн төрийн өмчийн компаниуд энэ удаад сураггүй. Шатдаг хийн Gazprom компани урьд нь 2013 онд FIFA-ийн түнш байлаа. Гэтэл хоккей зэрэг спортыг байнга ивээн тэтгэдэг төрийн өмчийн компаниуд зай барьсан хэвээрээ.

Төрийн өмчийн телевизийн голлох сувгуудыг нэгтгэсэн консорциум өргөн нэвтрүүлгийн эрхийн үнэ дээр зохион байгуулагчидтай тохиролцож чадаагүй. “Сочигийн олимпид байдал өөр, захиалга авлаа, ажил эхэллээ л гэдэг байсан. Одоо бол захиалга ч авч чадахгүй сууна” хэмээн профессор Мальгин өгүүлэв.

Ивээн тэтгэгчидтэй байгуулах гэрээ хэлэлцээрийг цаашдын хэдэн долоо хоног, сараас Дэлхийн цом эхлэх хүртэл байгуулна хэмээн найдаж буйгаа FIFA мэдэгдсэн. Тус байгууллагын өмнөх Ерөнхийлөгч Зепп Блаттерийн үеийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, авлигаас үүдэн АНУ, Швейцарийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсантай уялдан FIFA-ийн нэр хүнд сүүлийн хоёр жилд муудсан.

FIFA нь шинэчлэл өрнүүлж, нэр хүндээ сэргээхээр эрмэлзэж буйн илрэл болгон дотоодын мөрдлөгөөр цуглуулсан их хэмжээний бичиг баримтыг Швейцарийн шүүхийн байгууллагад энэ сард шилжүүллээ. Дуулиант хэрэг тус байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учруулсныг Олон улсын олимпийн хорооны зах зээл хариуцсан тэргүүн байсан Майкл Пэйн хүлээн зөвшөөрөв. “Блаттер тэргүүлж байсан сүүлийн жилүүдэд FIFA брэнд нэр хүндээ алдсанд маргах хүн байхгүй” хэмээн тэрбээр өгүүлэв.

Ноён Пэйн нь цаашдын зургаан удаагийн Олимпийн наадмыг дор хаяж 600 сая ам.доллараар ивээн тэтгэх тохиролцоог Alibaba-тай байгуулахад саяхан зуучийн үүрэг гүйцэтгэжээ. “Зах зээл хариуцдаг хүн FIFA-г хүлээн авч, Дэлхийн цомыг зохион явуулья гэж хэлэх нь маш зоримог алхам. Гэхдээ л хөлбөмбөг нь спортын энтертайнмент платформ дотроо дэлхийд хамгийн томынх нь нэг хэвээрээ” хэмээн ноён Пэйн тайлбарлав.

FIFA-ийн энэ оны Холбоодын цомын тэмцээний гол ивээн тэтгэгч болж, 2018 оны Дэлхийн цомын тэмцээнд 100 сая ам.доллар оруулахаа Хятадын Hisense компани энэ сард мэдэгдлээ. Татвар, хөрөнгө оруулалт болон санхүүгийн бусад орлого тооцохоос өмнөх алдагдал 2016 онд 391 сая ам.долларт хүрснийг FIFA өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн тайландаа дурдсан юм. Тус байгууллагын алдагдал 2015 онд 117 сая ам.доллар байжээ.

FIFA-ийн орлогын ихэнх нь Дэлхийн цомын тоглолтыг өргөн нэвтрүүлгээр дамжуулах эрхийн борлуулалтаас ордог. ОХУ-д болох Дэлхийн цомын тэмцээн хүртэлх дөрвөн жилд 5.65 тэрбум ам.долларын орлого орох тооцоог FIFA урьд нь гаргаж байлаа. Энэ нь Бразилд болсон Дэлхийн цомын тоглолтынхоос таван хувь өссөн үзүүлэлт юм.

Мурад Ахмед, Макс Седдон

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих