ТӨРИЙН АЖИЛТНУУД ТАЛИЙГААЧДЫН НЭРЭЭР МӨНГӨ ЛУЙВАРДАЖ,ТӨРИЙН САН РУУ “ХАР” ГАРАА ДҮРЖЭЭ
УИХ-ын Нийгмийн бодлого,боловсрол,соёл,шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаяр ноцтой баримт дэлгэсэн юм. Нас барсан иргэдийн өмнөөс тэтгэвэр авдаг байсан 5000 гаруй хүнийг шалгалтаар илрүүлсэн байна. Төрийн ажилтнууд талийгаачдыг тэтгэврийн сангаас хассан гэж ар гэрийнхнийг нь төөрөгдүүлээд амьд сэрүүн байгаа мэт бичиг цаас бүрдүүлээд ичиж зовохгүй мөнгийг иддэг байжээ. Н.Номтойбаяр сайдын энэхүү мэдээлэл олныг гайхшруулав. Хоёр дахь шатны шалгалт удахгүй эхлэх аж. Уг хэрэг залилангийн шинжтэй учир цагдаагийнхан хамтран ажиллаж байгаа гэнэ. Төрийн ажилтнууд хүний санаанд оромгүй луйвар хийж байсан байх нь. АН-ын дарга С.Эрдэнийг Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр авч байсан нь тогтоогдсон байна. Хэрхэн талийгаачдын мөнгийг авч байв гэхээр тэднийг бүртгэлээс хасахгүй мөнгийг нь завшдаг байжээ. Луйврын ажиллагаандаа гаршсан ажилтнууд Нийгмийн даатгалын сангаас 8 тэрбум орчим төгрөг завшжээ. Тэд бүгдээрээ тангараг өргөсөн төрийн ажилтнууд,тэгсэн атлаа төрөөсөө хулгайлах цэвдэг сэтгэлтнүүд юмсанж. Монголын төрөөс өгч байгаа цалинг голж хажуугаар нь хулгай хийнэ,арай л биш ээ. Хууль хяналтын байгууллагын шалгалтаар,10 мянга гаруй талийгаачийг бүртгэлээс хасаагүй байсан нь илэрсэн гэхээр нийгмийн даатгалынхан төрөөс хэр их хулгайлсан нь тодорхой. Н.Номтойбаяр сайд шалгалтын эхний явцыг мэдээлэхдээ, хуурамч бичиг баримт бүрдүүлж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийг амьд сэрүүн мэт харагдуулж буй төрийн ажилтнуудыг шалгах ажил үргэлжлэхийг мэдэгдэв. Түүний ярьснаар, 15000 хүн итгэмжлэхээр тэтгэвэр авч байгаагаас 5000 нь нас барагсад байгаа аж. Нийгмийн даатгалынхантай холбогдох хууль бус луйвар,нас барагсдын тэтгэврийг завшдаг залилангийн сүлжээ олон түмэнд ил болж эхэллээ. Дараагийн шалгалтаар ямар дүн гарахыг харах л үлдэв.
Н.Намуун
ontslokh.mn
URL: