Дипломат паспорттой иргэд контрбандын хэрэг үйлддэг үү
Монголын дипломат албан хаагчид их хэмжээний тамхи тээвэрлэж яваад Украйны хилчдэд баригдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Эндээс манай дипломат албан хаагчид контрбандын хэрэг үйлддэг үү гэсэн асуулт гарч ирж байна. Сүүлд саатуулагдсан иргэний хувьд Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан боловч унаж яваа автомашин нь Украйн дахь Монголын Элчин сайдын яамных болохыг тогтоосон байна.
Тэгвэл энэ талаар дөнгөж сая Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд тайлбар хийлээ.
Тэрээр “Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яамд, Киев, Минск дэх дипломат төлөөлөгчийн газарын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Шалгалтын явцад Украйнд саатуулагдсан иргэн манай дипломат албаны ажилтан биш болох нь тогтоогдсон. Мөн унаж явсан автомашин нь Украйн дахь Монголын дипломатын газрынх биш байсан. Харин өөрийн дипломат албан хаагч гэж танилцуулсан иргэн нь Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх хүн байсныг ЭСЯ-наас мэдээлсэн. О.Лхагварэнцэн нь одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа дипломат паспорт авсан байж. Ингээд өнгөрөгч Мягмар гаригт өөрийн Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк улс руу явсан болохыг Хил хамгаалах ерөнхий газраас Гадаад хэргийн яаманд мэдээлсэн” гэж мэдэгдлээ.
Мөн О.Лхагварэнцэнгийн ашигласан дипломат ачааны тэмдэг нь ашиглахаа больсон тэмдэг байсан гэв.
ZUV.mn
URL: