Скайтел “бонус нэгж өгнө” гэж сурталчилгаа хийчихээд өгөх болохоор татганаад хэрэг алга

skytelСкайтел компаниас дөнгөж сая урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд 5000 төгрөгийн картаар цэнэглэлт хийсэн тохиолдолд нэмж 50000 нэгжтэй болно гэсэн мессеж ирлээ. Нэгж ч дуусч байсан юм “азны юм” гээд цэнэглэлт хийтэл өнөөх 50000 нэгжийг нь сүлжээндээ тав хоногт багтаан хэрэглэх юм гэнэ. Тав ч гэж бараг л дөрөв хоног. Гэхдээ яах вэ, 50000 нэгжээр дата аваад тав хоног тасралтгүй кино үзсэн болохоор гэж бодсон. Гэтэл үгүй байж.

Яасан гэхээр цэнэглэлт хиймэгцээ 123 дугаар мессеж илгээж бонусаа шалгатал 50000 ч биш 46800 бонус нэгж орсон байна гэх хариу өгч байна шүү. Гайхаад “яагаад 50000 гэчихээд дутуу нэгж ороод байна вэ” гэж лавлахаас асуутал таны утсан дахь программууд дата асаалттай тохиолдолд update хийгдсэн байна гэх хариулт өгч байх юм. Цэнэглээд 10 минут ч болоогүй байхад уу. Тэгээд ч update хийгдсэн зүйл огт ажиглагдаагүй байхад уу.

Юу болоод байна вэ? Скайтел минь. Битгий харилцагчдаа ингэж төөрөгдүүл л дээ. Зүгээр л та 5000-аар цэнэглээд тав хоног 50000 нэгжээр сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, дата ашиглаарай гээд ойлгомжтой сурталчилгаа явуулж болдоггүй юм уу. Бас өгч байгаа бол татганаад байлгүй 50000-аа л өг л дөө. Ашиглаж ч үзээгүй байхад 50000-аас нь 3000 нь алга болчихлоо. Энэ байдлаараа 50000 нэгж нь өнөөдөртөө дуусч мэдэхээр байна шүү. Өгвөл өгсөн шиг өгч, чадахгүй бол худлаа сурталчилгаа хийхээ л больчих. Дээр нь 30 хоног фейсбүүк, мессенжер үнэгүй гэчихээд л энэ бонуснаасаа хасаад татганаад байх юм…

Амар
Үндэстэн агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих