“Алтан хараацай”-нуудгүй ардчиллын удирдагчийн ой
Ардчиллын удирдагч С.Зориг амьд сэрүүн байсан бол өчигдөр 55 насны босгоор алхах байлаа. Өмнө нь энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөх хүмүүсийн урт цуваа хөвөрч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Баатар, төр, засгийн өндөрлөгүүд, өөрсдийгөө ардчиллын “Алтан хараацай” хэмээдэг эрхмүүд хүндэтгэл үзүүлдэг байсан бол энэ жил бараг чимээгүй өнгөрөв. Бараг гэхийн учир морин цагт АН-ын дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Лу.Болд, С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, дүү С.Оюун нар “Зориг сан”-гийнхан болон Ардчилсан холбооны анхдагч цөөн хүний хамт хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын Үндэсний түүхийн музейд “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г нээснээр үйл явдал өндөрлөв. Энэ үеэр ирсэн зарим хүний байр суурийг хүргэе.
С.Баяр/С.Зориг агсны ах/: АМЬД СЭРҮҮН БАЙСАН БОЛ 55 НАС ХҮРЭХ БАЙЛАА
-Хэрэв Зориг маань амьд сэрүүн байсан бол өнөөдөр 55 нас хүрэх байлаа. Энэ өдрийг өөдрөг сайхан, эерэг талаас нь жил бүр дурсдаг. Жилд хоёр удаа энэ хөшөөн дээр ирж цэцэг өргөдөг. Дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрөөр нь, аравдугаар сарын 2-нд буюу түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн өдөр энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Бид өнөөдөр энэ хөшөөн дээр уламжлал ёсоор ирлээ. Өглөө 09:00 цагт МУИС-ийн С.Зоригийн нэрэмжит лекцийн танхимд /С.Зориг агсны хичээл зааж байсан танхим/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа оюутнуудад зориулж С.Зоригийн тухай, ардчиллын тухай лекц уншсан. Одоо бид хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна. Үүний дараа Үндэсний түүхийн музейд үзэсгэлэнгийн нээлтийг хийнэ. 55 насных нь ойд зориулж, ардчилсан хөдөлгөөний түүхийн цуврал ном гаргасан. Эхний ээлжинд хоёр ботийг хэвлүүлсэн. 2000-2016 оныг хамарсан гурав дахь ботийг удахгүй хэвлүүлнэ. Ингэснээр 1990 оноос хойш болсон Монголын ардчилсан шилжилт, зах зээлийн тогтолцоонд шилжсэн шилжилтийг монгол-англи хэлээр уншигчдад хүрнэ. Үндэсний түүхийн музей дэх үзэсгэлэнд нь ардчилсан хөдөлгөөний түүхэн гэрэл зургууд, Зоригийн өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйлүүд, хувцас, үнэмлэх, барьж явсан цүнхийг нь тавьсан байгаа. Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
С.Оюун/ С.Зориг агсны дүү/: ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ҮЙЛДЭГЧ, ЗАХИАЛАГЧИЙГ ТОГТООСОН ГЭХЭД ЭРГЭЛЗЭЭТЭЙ
-С.Зориг агсны 55 насны ой, аллагын хэргийг илрүүлсэн гэх шүүх хурлын явцтай давхцаж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?
-Шүүх хурлын хувьд хэрэг илрээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг хаалттай явж байгааг бид буруу гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүх дээр ч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ч хурлыг нээлттэй явуул гэсэн хүсэлтээ тавьсан. Олон нийтэд ил тод мэдээлэх ёстой гэж бид үзэж байгаа. Харамсалтай нь хаалттай явж ирлээ. Энэ хэрэг илрээд, шийдэгдээд, зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь олдоод тогтоогдсон гэхэд эргэлзээтэй.
-Шүүх хурлыг буруу явагдсан гэж үзэж байна уу?
-Шүүхийг буруутгасан юм алга. Тийм ч боломжгүй. Бид мэдэхгүй шүү дээ. Хамгийн гол нь шүүх хурлыг нээлттэй явуулаачээ гэж л хүсч байгаа. Хэрэг илрээд, шийдэгдээд, зохион байгуулсан, захиалсан хүмүүс нь олдоод тогтоогдсон гэхэд эргэлзээтэй гэж би бодож байна.
-Дээд шүүхэд өмнөх хүсэлтээ дахиад тавих уу?
-Шүүх хурлыг нээлттэй явуул гэсэн хүсэлтээ дахиад тавина.
Л.Баатарсүрэн/ Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, Монголын Ардчилсан холбооны анхлагчдын нэг/: БИД ТҮҮНИЙ ӨВИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ
-С.Зориг агсны 55 насны ойн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Жил бүрийн энэ өдөр цуглаанд ирж оролцож, зул өргөдөг. Ардчиллыг дэмжигчдийн өмнөөс хөшөөнд нь цэцэг өргөдөг. Монголын төр талийгаачаар дэндүү тохуурхаж байна. Сая шүүх хурал гэж баахан жүжиг тоглолоо. Муухан найруулагчийн дульхан тавьсан жүжиг гэмээр шүүх хурал гэх “гурил зуурсан”-д харамсч байна. С.Зоригийн үхэлд жирийн малчин, ногоочин хүн ямар ч хамаагүй гэж би боддог. Үүнийг ганц би ч биш хүн болгон хэлдэг. Энэ Монголын ард түмний үг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Монгол хүний саруул ухаанд итгэсэн энэ хүний өвийг бид хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ. Одоо хамгаалахгүй бол хэзээ хамгаалах вэ. Ийм цаг үед бид хүрч ирсэн байна. Өнөөдөр хөшөөнд нь цэцэг өргөх хүндэтгэлийн цуглаанд МоАХ-ныхон цөөхөн иржээ. Төрийн өндөрлөгүүд үзэгдсэнгүй. Өмнө нь ямархуу байдалтай ирдэг байсныг, өнөөдөр ямар байгааг, хэн нь хэн байв гэдгийг монголчууд харьцуулж харж, ойлгож байгаа гэж найдна.
Ч.ЗОТОЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: