Олдохоор өлдөнө гэдэг энэ үү

7875Олдохоор өлдөнө гэдэг дээ. МАН-ынхан яг л ийм байдалд орчихжээ. Парламентад үнэмлэхүй олонхи болсон нь сайхан хэдий ч нөгөө талаараа нам доторх бүлэг, нам доторх сөрөг хүчин, нам доторх талцал хуваагдлыг бий болгоно чинээ бодоогүй байсан биз ээ. Гэтэл өнөөдөр МАН-ынхан дотроо “хөлөө жийлцэж”, хөгшин, залуугаараа талцаж эхлэв. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын улстөрчид намаа шүүмжлэх болсон. Энэ нь цаагуураа нэгийг хэлээд л байгаа хэрэг. Ялангуяа Ц.Нямдорж нэлээд ширүүн байгаа. Намынхаа бүлгийн хурал дээр хүртэл концессын гэрээг бие биедээ өгч байна, бүгдээрээ нэг нэгийнхээ барьцаанд орчихсон хэмээн шүүмжилж өгсөн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах ёстой гээд ч хэлээд авсан. Түүнийг энэ бүгдийг ярьж эхлэхээс өмнө “Ц.Нямдорж бол Хятадын тагнуул” гэсэн дайралтыг түүн рүү чиглүүлсэн.

Энэ бүгд мэдээж Ц.Нямдорж болон бусад гэсэн хүмүүсийн хоорондын үл ойлголцол, нэг нэгэндээ дургүй гэхээс илүү ард нь том эрх ашиг, эд хөрөнгө, эрх мэдэл байгаа гэдэг нь нууц биш. Тэр эрх ашиг нь юу вэ. Ц.Нямдорж УИХ-ын дарга болох, аль эсвэл тэр Ерөнхийлөгчид үзэх үү. Энэ нь хэнд ашиггүй бас хэний замд садаа болж байна вэ гэдгээс нь харвал Ц.Нямдорж нам дотроо дайсан олонтой болж.

Ө.Энхтүвшиний хувьд үе үе намаа шүүмжилж суугаа. Олдохоор өлдөнө гэдэг шиг нам нь хэт олуулаа парламентад орж ирсэн нь өөрөө эрх мэдлийн төлөөх “тулааныг” өрнүүлчихсэн болохыг тэр хамгийн сайн мэдэж, бас хэлж байгаа. Намыг залуучууд авч яваад хөгшчүүдийнхээ үгэнд орохгүй байгаад ийнхүү ундууцаж, хөгшин, залуугаараа талцах эхлэлийг тавьж буй бололтой.

Хоёр сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед нам дотроо талцал хуваагдлыг бий болгоод байгаа нь олон гишүүнийх нь санааг зовоож буй гэнэ. Арга ч үгүй биз. МАН олонхи болоод, Засгийн газар нь иргэдийнхээ халаасыг хоослох шийдвэрийг гаргаж, иргэдээ яаж танаж, хасах вэ гэдгээ бодож байна гэх шүүмжлэлд их өртсөн. Иймд нэр хүндээ унагаах ямарваа нэг үйлдлийг гаргахгүй байхыг ч нэг нэгэндээ сануулаад амжсан юм.

МАН-д “Элсний 13” гэх бүлэглэл үүсэж байсан нь үнэн. 65-ын бүлэг дотор үүн шиг бүлэглэл үүсэхгүй гэх баталгаа үгүй. Нэг нэгэнтэйгээ муудалцаж, маргаж байгаа энэ үед шүү дээ.

М.Төр

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих