ОУВС: Дэлхийн эдийн засаг 2017 онд 3.5 хувиар өснө
Олон Улсын Валютын Сангаас дэлхийн эдийн засаг өсөж байгааг онцоллоо. Тус байгууллагын шинээр танилцуулсан “Дэлхийн эдийн засгийн төлөв”-ийн тайланд дэлхийн эдийн засаг 2017 онд 3.5 хувиар өснө гэж таамагласан байна. Энэ нь нэгдүгээр сард танилцуулсан таамгаас 0.1 хувиар өссөн дүн болжээ. Харин ирэх 2018 онд дэлхийн эдийн засаг 3.8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Үүний дотор Их Британийн эдийн засаг 2017 онд хоёр хувиар өснө гэсэн таамаг гарсан байна. Энэ нь АНУ-ыг эс тооцвол хөгжингүй эдийн засагтай орнуудын дотроос хамгийн өндөр өсөлтийн таамаг болжээ. Энэхүү үзүүлэлт BREXIT-ийн санал асуулгаас өмнө гаргасан таамгаас 0.2 хувиар буурсан дүн гэдгийг шинжээчид онцолж байна. Харин улс төрийн орчинд дотоод, гадаад хүчин зүйлсээс шалтгаалж тааламжгүй нөхцөлд ороод байгаа Бразил, ОХУ-ын эдийн засаг 2017 онд огцом биш ч тодорхой хэмжээнд өснө гэсэн таамгийг Олон Улсын Валютын Сан гаргажээ.
Ерөнхийдөө олон улсын хэмжээнд протекционст бодлого болон худалдааны зөрчил зэрэг нь улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг Олон Улсын Валютын Сангийн шинжээчид анхааруулсан байна. Хэдий тийм боловч энэ удаагийн тайлан харьцангуй өөдрөг гарчээ. 2008 оны санхүүгийн хямралаас хойш Олон Улсын Валютын Сан ихэнх тохиолдолд дэлхийн эдийн засаг төдийлөн сайн өсөхгүй гэж таамаглаж ирснийг зарим шинжээчид онцоллоо.
Н.Номин-Эрдэнэ
BloombergTV.mn
URL: