Цэргийн үхэлд Батлан хамгаалахын сайдыг, оюутны үхэлд Боловсролын сайдыг…
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд дадлага сургуулилт хийж байсан 350 дугаар ангийн хоёр албан хаагч болгоомж алдсанаас үүдэлтэй гранат тэсэрч амь насаа алдсан хэрэг гарсан. Санаатайгаар цэргүүдийн голд бөмбөг тэслээгүй байх гэж бодож байгаа. Анхаарал, сонор сэрэмжийг сургалтын үеэр цэргүүдэд өгөх ёстой байсан л даа. Гэвч тэр сонор сэрэмжийг олж авахаар, цэнэгтэй тэсрэх бөмбөгтэй хэрхэн харилцах тухай л цэргүүд суралцаж байсан шүү дээ.
Гэтэл цэрэг амь насаа алдсан хэрэгт салбарын сайд нь буруутай юм гэнэ. Бараг л сургалтын үеэр гарнаас нь хөлтлөөд явж байх ёстой байсан хэмээн зарим нь хэтэрхий улс төржүүлэх боллоо. Парламентийн танхимд суугаа эрхэм гишүүд ч энэ тухай ярьж, огцруулах бичиг өргөн барьж байхыг бодоход гэнэтийн ослоор далимдуулж, багахан улс төр хийгээд явья гэж бодсон ч байж болох юм.
Тэгвэл саяхан нэг оюутан хонхны баяраа тэмдэглэж яваад нас барсан хэрэг гарчихлаа. Оюутнууд л болсон хойно наргиж цэнгэж яваад л ийм байдалд хүрсэн нь ойлгомжтой. Тэгвэл оюутнууд хонхны баяраа тэмдэглэж, архи ууж, дараа нь амь насаа алдсан хэрэг гарсан учраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь огцрох ёстой гэж ойлгож болох уу.
Батлан хамгаалахын сайдыг цэргийн үхэлтэй холбож огцруулах гэж байгаа бол Боловсролын сайдыг оюутны үхэлтэй холбоод огцруулсан ч болохоор. Цаашлаад Зам тээврийн сайдыг орон нутгийн зам дээр гарч буй ослуудтай холбож огцруулья. Мөн хагалгаа амжилтгүй бол нас барсан, эсвэл төрөл амжилтгүй болж эндсэн энэ бүх асуудлыг Эрүүл мэндийн сайдад нялзааж түүний ч бас огцруулж болохоор байна. За тэгээд ан амьтан үхэж, мод тайрч байгаа асуудалтай холбогдуулж Байгаль орчин ногоон хөгжлийн сайдыг, тэтгэвэр тогтоолгож чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа ахмадуудын өмнөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг, санхүүгийн чадамжаас хамаарч гадны улсыг зорьж тэндээс хорт хавдар авч ирж буй залуусын өмнөөс Сангийн сайдыг, уурхай дээр амиа алдаж байгаа залуусын өмнөөс Уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрийн сайдуудыг, барилгын ослоос үүдэлтэй асуудалд Барилгын сайдыг, энэ бүгдийг нэгтгээд Ерөнхий сайдыг огцруулж болохоор байна. Бүр цаашилбал, муу ажиллаж, олон хүний амь нас эрсдүүлж байгаа Засгийн газрыг чиглүүлж чадаагүй УИХ-ыг, хориг саад тавьж чаддаггүй Ерөнхийлөгчийг, Үндсэн хуулийн цэцийг огцруулах шаардлагатай болчих гээд байна.
Үүнийг л улс төржилт гэх байх л даа. Цалин амьдралд хүрэхгүй байна. Би ч бас нөхрийн, аавын үүргээсээ огцрох цаг болчихжээ, тэгвэл.
Шархүү
undesten.mn
URL: