Өргөмөл охин сураггүй алга болоод дөрөв хонож байна

Өнгөрөгч баасан гаригт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч хичээлээ тараад сураггүй алга болжээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлэхдээ “Хичээл тарахад ангийнх нь нэг охины аав охиноо авахдаа хамт дагуулаад гарсан гэнэ.

Гэтэл хар “Ланд”-тай хүн ирээд охиныг “Чамайг ээж чинь аваад ир гэсэн” хэмээн дагуулаад явжээ. Харин охинтойгоо үлдсэн залуу машиных нь дугаарыг тэмдэглээд үлдсэн аж. Түүнээс хойш охин олдоогүй бөгөөд цагдаагийн газарт мэдэгдтэл уг машины дугаар улсын бүртгэлд байхгүй байжээ.

Харин бямба гаригт Туулын бургаснаас охины хөл, гар олдсон байна. Охины цогцос мөн болохыг ээж нь үсний боолтоор нь таньсан бололтой” гэсэн юм. Ингээд энэ хэргийн талаар Цагдаагийн газраас асуутал “Тийм мэдээлэл ирээгүй” гэсэн юм.

Тиймээс 83 дугаар сургууль дээр очиж ангийн багшийг нь сураглаад зогсож байтал тус сургуулийн захирал Б.Мөнхбаяр ирсэн юм. Түүний хэлснээр охин сураггүй болсон нь үнэн гэнэ. Алга болсон хүүхэд тус сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг, С гэдэг аж.

Захирал багш намайг өрөөндөө дагуулж ороод С-ийн багш Б.Тогтохыг дуудлаа. Тэдний хэн нь ч сэрт хийлгэм хэргийн талаар сонсоогүй байв. Ингээд анги удирдсан багшаас зарим зүйлийг тодруулсан юм.

“ЭЭЖ НАМАЙГ ДАРАМТАЛДАГ” ХЭМЭЭН АНГИЙНХАНДАА ХЭЛДЭГ БАЙЖЭЭ
-Танай сурагч хэзээ алга болсон юм бэ?

-Өнгөрсен баасан гаригийн 12.30 цагийн үед хичээл тарсан. Ер нь ойролцоо гэртэй хүүхдүүд хамт явдаг.   Харин ганцаараа явдаг хүүхдийг замдаа саатаж, тоглож болохгүй. Шууд хариарай гэж сайн захидаг. Гэтэл 22 цагийн үед ээж нь яриад С гэртээ ирсэнгүй” гэсэн.

Маргааш нь дахиад залгахдаа “Одоо ч ирээгүй байна. Айлд байгаа байх. Амралтын өдөр болохоор ангийнхаа хүүхдийг дагаад явсан биз” гэж байсан. Хоёулаа цагдаа орж мэдэгдье гэхэд “Харж л байя” гэсэн юм. Би санаа зовоод зарим хүүхдээс асуусан. Тэр өдөр хичээл тараад С ангийнхаа Я-тай хамт явсан юм билээ.

Тэгээд замд нь С-ийн хүргэн ах таараад хашааныхаа үүдэнд хүргэж өгөөд буцсан гэсэн. Гэтэл гэртээ ороогүй бололтой.

-Өнөөдөр /өчигдөр/ танай ангиас ирээгүй хүүхэд байгаа юу?
-Ц гэдэг охин ирээгүй. Тэднийд очсон байж магад гэж бодоод утсаар ярьтал “Шүд өвдөөд эмнэлэгт очиж авахуулчихаад явж байна. С манайд байхгүй. Дагуулж ирээгүй” гэж байна.

-Ер нь ар гэрийнхэн нь ямархуу хүмүүс байдаг вэ?
-С айлын өргөмөл охин гэсэн. Энэ хичээлийн жилд Хэнтий аймгаас шилжиж ирсэн юм. Манай сургуульд ирэхдээ бүтэн өнчин хүүхэд гэж бүртгүүлсэн байдаг. Их сэргэлэн, авьяастай хүүхэд. Урлагийн үзлэгт гоцлол дуучнаар оролцохоор бэлдэж байсан. Ар гэрийн дарамтад амьдардаг гэх ямар ч байдал ажиглагдаагүй.

Гэтэл  өнөө өглөө ангийнхнаасаа асууж байтал “Манай ээж намайг” дарамталдаг. Би гэртээ харихаас айгаад байдаг юм.   Миний жинхэнэ ээж Баянхошуунд бий, Ээж дээрээ л очмоор байна. Энэ тухай багшид битгий хэлээрэй” гэж ярьдаг байсан гэнэ.

Би олон жил бага ангийн багш хийлээ. Маш их гайхаж, санаа зовж байна. Мөн хүүхдүүд “С-ийн гар, хөл нь хөхөрчихсөн байдаг” гэж хэлээд байгаа юм. Тийм гэж харагддаггүй, цовоо, хичээлдээ сайн хүүхэд.

-Ар гэрийнхэнтэй нь хэр холбоотой байдаг вэ?

-Бараг холбоогүй гэж болно. Эцэг, эхийн хуралд хааяа асран хамгаалагч нь гэх өргөж авсан эх нь юм уу, эсвэл хүргэн ах нь ирдэг. Уг нь ямар нэгэн зүйлээр бусдаас дутуу харагддаггүй. Манай сургуулиас өнчин хүүхэд гэж үзээд хичээлийн хэрэгсэл өгдөг.

-Хичээлээ тасалдаг байсан уу?

-Нэг удаа оройтож ирсэн. Яагаад оройтсоныг нь асуухад “Таван сартай дүүгээ хараад хожигдчихлоо” гэж байсан. Дахиж битгий хичээл таслаарай гээд л өнгөрсөн. Тэгэхэд л зодсон байж таарах нь.

-Цагдаад хэзээ мэдэгдсэн юм бэ. Ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Тэр оройдоо 102-т мэдэгдсэн гэсэн. Хэрэв ирэхгүй бол нэг дэх өдөр зургийг нь авч ирээрэй гэж хэлсэн байсан. Тэгээд би амралтын өдрүүдэд ээжтэй нь яриад “Хоёулаа С-ийн зургийг бариад цагдаа оръё” гэхэд “Ирчих байх аа. Ангийнхаа хүүхдийнд л хамт байгаа биз” гээд байсан.

Би ангийнхаа хүүхдүүд рүү ярихад бүгд л байхгүй гэсэн. Тэгээд би нуугаад л байдаг юм байлгүй гэж бодсон. Цагдаагийн газраас ямар ч мэдээлэл ирээгүй. Сая ээжтэй нь дахиад холбогдтол ярьж ч чадахгүй уйлаад байсан.

Ингээд С-ийн ээж болох Энхтуяа уруу залгатал “Хүүхдийн бие нь өвдөөд “Эх нялхас”-т үзүүлж явна. Удахгүй сургууль дээр нь очно” гэв. Харин тэдний хүргэн рүү залгатал “Сургуулийн арын шинэ гүүрний зам дээр ажиллаж байна. Ирээд уулз” гэсний дагуу очлоо. Тэрбээр замын асфальт хуулж байв.

Түүнийг Ганзаяа гэдэг аж. Энхтуяагийн охинтой гэрлээд таван жил болж байгаа гэнэ. Эхнэр нь Хэнтий аймгаас хоёр жилийн өмнө шилжин ирсэн бөгөөд өнгөрсөн намар хадам ээж нь С-ийн хамт ирсэн гэйэ. Энхтуяагийн нөхөр “Ганц худаг”-т хоригдож байгаа ажээ.

Ганзаяа “Үүнээс илүү нарийн учрийг мэдэхгүй. Манай эхнэртэй уулз” хэмээн гэрээ зааж өглеө. Хаягаар нь очтол түүний эхнэр Оюунцэцэг давхар биетэй нэгэн байв. Ойтой болов уу гэмээр хүүхэд тэвэрчихсэн “Ээж цагдаа руу С-ийн зургийг аваад явсан. Их санаа зовж байна” гэсээр угтсан юм. Хашаанд хоёр давхар жижиг байшин, мөн дөрвөн ханатай гэр байлаа.

- С-ийн талаар сураг байна уу?

-Нэг таньдаг хүн маань тэр өдер С 14.00 цагийн үед баруун гудмаар ганцаараа явж байсан гэж байна. Өөр ямар ч сураг сонссонгүй. Цагдаагийн газраас “Олдвол мэдэгдэнэ” гэсэн.

-Өргөмөл гэж дууллаа. Хаанаас өргөж авсан юм бэ?

-Төрсөн ээжийг нь Хулан гэдэг. Дөрвөн настай байхад нь үрчилж авсан. Тэднийд очсон байж магадгүй гэж бодоод асуутал “Ирээгүй” гэсэн. Ээжтэй суусан хүний төрсөн эгч нь байгаа юм. С эмээ дээрээ байдаг байсан. Гэтэл эмээ нь өнгөрөөд С бараг гудманд гарсан. Харин ээжтэй маань суусан хүн удахгүй суллагдах гэж байгаа.

-Өмнө нь хэлэлгүй гадуур хонож байсан уу?

-Нэг удаа Наранд байдаг ангийнхаа хүүхдийнд хэлэлгүй очсон байсан. Түүнээс биш гадуур хонож байгаагүй.

-Ангийнхан нь “С-ийг ээж нь зоддог гэсэн” гээд байгаа?

-Ер нь бид үрчлээд авсан юм чинь анхаарал тавьж, хэлэх үгээ хэлэлгүй яахав. Өмнө алга болоход нь би загнаад “Битгий ингэж сураггүй алга болоод бай. Хэрэв тэгвэл хүн аваад явчихдаг юм. Эмэгтэй хүүхэд хулгайлаад зардаг хүмүүс байдаг гэсэн. Чамайг тэнээд байвал аваад явчихна” гэж сэрэмжлүүлж хэлсэн. Түүнээс биш зоддоггүй. Хичээлээ тараад шууд ирдэггүй. Орой 4-5 цагийн үед л гэртээ ирдэг байсан.

-Тэгэхээр төрсөн ээжтэйгээ холбоотой байсан юм болов уу?

-Харин бид нар гайхаад байгаа. Өмнө нь айлд очихдоо ээж рүүгээ “Айлд байна. Намайг ирж ав” гээд ярьсан байдаг. Тэгэхээр холбоотой байдаг юм шиг билээ.

Ингээд С-ийн төрсөн ээж Хулантай холбогдлоо. “Охиноо алга болсныг сонссон. Гэхдээ над дээр ирээгүй. Туяа надаас нэхээд байгаа юм. Би өөрөө ч айлд толгой хоргодож байгаа хүн. С-тэй холбоо барилгүй удаж байна” гээд утсаа салгав. Ийнхүү С гэх охин хэнийд ч байхгүй бололтой.

Тиймээс эхэнд өгүүлсэн эх сурвалжийн мэдээлэл худлаа гэх газаргүй л болов уу. Энэ хэргийн талаар нэхэн сурвалжлах болно.

М.Наранболд
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих