УЛСТӨР ДЭХ ЦУНАМИ МЭТ ДАВАЛГААЛДГААРАА Н.ЭНХБАЯРЫН ШОУ ХОРЛОНТОЙ
Төрийн албыг хөлжиж баяжих хэрэгслээ болгогчид хийгээд төрийн нэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг санаархагчид, эрх баригчдын завхрал, албан тушаалын “марафон”, түүнийг тойрсон хууль бус үйлдлүүдийг цаг ямагт уншигчдадаа зоригтойгоор хүргэж, “сувгаа солихгүй” байхыг үргэлж хүсч ирсэн Масс.мн мэдээллийн сайт энэ удаа ч уншигч таныг “Сонгууль дуустал сувгаа бүү солиорой” хэмээгээд нэгэн шинэ буланг таны өмнө дэлгэн тавьж байна. Масс.мн мэдээллийн сайтын хуудаснаа долоо хоног бүр шинэчлэгдэх “Шоумэн” булангаар та жирийн иргэд, ард олны өмнө эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэгчид хэрхэн жүжиглэж, шоуддаг болохыг тэдний өмнө нь тавьж байсан жүжиглэлт, шоунуудын олон арван баримт, жишээн дээр харах болно. Үүний дараа та хэн нэгний шоу, уран арга мэхэнд авталгүй, мэлмий юугаа цэвэр тунгалаг байлгаж, өөрийнхөө төлөө жинхэнэ часхийсэн сонголт хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд “Шоумэн” булангийн анхны салхийг “Намбэр ван”-аараа хагалахгүй бол өөр хэнээрээ эхлэх билээ.
Түүний шоунд хахаж цацаагүй, бялуураагүй монгол хүнийг олоход хэцүү. Яг л улс төр дэх цунами мэт давалгаалдгаараа Н.Энхбаярын шоу хорлонтой. Тэр албан тушаалын өндөрлөгт хэт хурдан авирсан шигээ шоу зохион байгуулахдаа ч ядах юмгүй гаршсан юм.
УЛС ТӨРИЙН ТОГООН ДАХЬ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН “АХЛАХ ТОГООЧ”
1999 оны хавар МАХН-ын даргын 11 дүгээр хороолол дахь гэрт хулгай орсон тухай мэдээ тэр хаврын түймэртэй авалцсан мэт тархав. Энэ дуулианаар Их тэнгэрт амьдардаг тусгай хамгаалалттай нөхдөөс дутуугүй хамгаалалтанд МАХН-ын дарга орж санаа нь амарлаа. Бүх юмаа тусгай байлгахыг хүсч эхэлсэн намын даргын хүсэл хүзүүгээр нь татаж удсан ч үгүй Н.Энхбаяр Ерөнхий сайдын сэнтийд залраад Их тэнгэрт нүүж очив. Түүнийг улстөрийн тэнгэрт “од” болон гялалзахад садаа болох баримт материалууд нүд ирмэхийн зуурт сугалаад авчихмаар амархан ганц нэг хуудас зүйлс байсангүй бололтой. Тиймдээ ч толгой сийрэг гэргий нь Тагнуулын байгууллагад шургалан “замыг нь засч” амжсан.
“Намбар ван” 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр дараалан 4 жил сонгогдсон ба янз янзын технологи ашиглаж гарч ирсэн энэ амжилтдаа мансууран өөрийгөө “хугацаагүй” сонгогдсон мэт санаж улс төрийн тогоог хамгийн хүчтэй хутгагч болсон юм. Тэр бол улс төрийн тогоонд “Авлига хээл хахууль, албан тушаалын холимог хуурга” хийхдээ гаршсан өндөр зэрэглэлийн “Ахлах тогооч”. Тийм ч учраас түүнийг насаар нь дагах “Авлигын загалмайлсан эцэг” хэмээх “Зууны манлай хоч”-ийг ард түмэн хайрласан. Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэлцдэг хэд хэдэн шалтгаан бий.
ТҮҮНИЙ ТААЛАЛД ОРШВОЛ АЛБАН ТУШААЛЫН АЛТАН ШАТААР АЛЦАН МАЙГА Ч БАЙСАН ХАМААГҮЙ ӨГСӨНӨ
Түүний болоод эрхэм тэргүүн хатагтай О.Цолмонгийн таалсан залуучууд ямар ч чадал чансаатай, хэнбугай ч байсан албан тушаалын алтан шатаар алцан майга ч байсан хамаагүй гялалзтал өгсдөг байв. Харин таалалд нь нийцээгүй хэнбугай ч түүний аваачсан өндөрлөгөөс эргээд чангаас чанга ойчдог байлаа. Одоогийн МАН-ын ирээдүйтэй залуучууд гэгддэг Г.Шийлэгдамба, Г.Занданшатар, Д.Загджав, Д.Зоригт, Ё.Отгонбаяр нарын тухайн үедээ таалалд нь оршсон улстөрчдөөс гадна АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд Н.Энхбаярын “угжны хүүхдүүд” улстөрийн тавцанд олон бий. Монголын нөлөө бүхий бизнесмен, АН-ын лидерүүдийн нэг, төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа эрхэм ч тухайн цаг үедээ зөвхөн Н.Энхбаярт таалагдахын тулд чөтгөртэй нэг хөнжилд орж, шуламтай янаглахаас ч буцахгүй авирлаж байсан юм.
Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авсан. “Зууны мэдээ” сонинг дотроос нь хувьцааг нь бага багаар хуссаар байгаад нэг л өглөө редакцийг нь орвонгоор нь эргүүлсэн, ТВ-9 телевизийг өмчлөхдөө Монгол улсад бэлэглэсэн тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдийн хамба Б.Чойжамцтай мар мархийтэл инээж суугаад хуваагаад халаасалчихсан зэрэг нь юу ч биш. Хэвлэлийг худалдаж авсан гэдгийг энэ талаас нь хэлээгүй байна. Тухайн үеийн чөлөөт гэгдэж байсан, одоо хөл дээрээ зогссон олон хэвлэлүүд түүний далд дэмжлэгийг авч боссон. Чөлөөт мэдээллийн хэрэгслийг дөнгөж бойжиж эхэлж буй нярай үед нь Н.Энхбаяр багахаан хэмжээний мөнгөөр угжаад л нялх балчир цагаас нь мөнгөнд дуртай болгох ажил хийсэн юм. Н.Энхбаяр л анх сэтгүүлчдийг магтаал бичихэд нь мөнгө өгч, бусдыг муулж, гутаан доромжлоход нь хөлс өгч “урамшуулах” ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг зохион байгуулагч нь түүний ухаант гэргий байж, харин гардан гүйцэтгэгчээр Гантулга гэгч нөхөр ажиллаж байсан юм. 2000 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа нэр дэвшигч Д.Оюунхоролтой Завханд ажиллаж байх үеэр нөхрөө хардсан эхнэр нь хэвлэлүүдээр мөнгө тараан Д.Оюунхоролыг “үгээр намнаж” байсан билээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн үеийн шоуг ийм арга хэлбэрээр өрнүүлж сурсан хүмүүс.
БӨГСӨӨ БУСДАД ДОЛООЛГОЖ БАЙСНАА ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ТУНХАГЛАЖ ЧАДАХ ОНГОРХОЙ НҮХ ТҮҮНИЙ ХАМАР ДОР Л БИЙ
Н.Энхбаяр улстөрд хэрхэн бохир аргаар санхүүжилт бий болгож, мөнгө босгодгийг үзүүлсэн. Тэр хууль бус аргаар хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж чаддаг бөгөөд өөрөөсөө холуур өнгөрөөхөө мэднэ. Гэвч энэ бохир ажлынх нь хохирогчид дандаа намынх нь журамт нөхөд байдаг нь харамсалтай. “Зарим хүмүүс ердөө ой муутай болохоороо л бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг” гэж Лев Толстойн үг бий. Манай Н.Энхбаяр гайхуулах юмаар баялаг хүн. Түүнээс өөр хэн ч 500 сая төгрөг авлигад хариугүй авчих шахсан тухайгаа ам ангайж чадахгүй. Арван дөрвөн тэрбумын Чимэдцэрэн, айхтар захиа бичдэг Сүрэнхор ч ийм үг унагахаасаа айна. Н.Энхбаярын айж ичилгүй үг унагасан ам нь харин ой муутайгийнхаа харгайгаар хэн гэгч нөхөр 500 сая төгрөг өөр лүү нь барьж гүйснийг нэр устай нь хэлж чадахгүй гацчихсан. Мөн бөгсөө бусдад долоолгож байсан тухайгаа эрээ цээргүй тунхаглаж чадах онгорхой нүх түүний хамрын дор л бий.
Түүний шоунууд дэндүү олон бөгөөд танд санахад хамгийн ойр байгаагаас нь цухас дурсцгаая.
”Н.Энхбаяр их өрийг тэглэв”. Энэ мэдээ 2003 оны өвөл шинэ оноо угтаж авах гээд буузаа чимхэж суусан монголчуудыг баярын хэдэн өдөр Н.Энхбаяраас өөр үзэх юмгүй болгож байсан билээ. “Алтан сарнай” ёслолын цэнгүүн дээр нулимсаа дуслуулан байж өр тэглэснээ ахин дахин онцолж хундага тулгасан өдрүүд тэгэхэд болж байлаа. Үнэндээ Н.Энхбаяр гэгч нэг их мөнгөтэй хүн гарч ирээд тэр их өрийн үлдэгдэл 250 сая долларыг төлчихөөгүй юм. Их өр тэглэсэн гавьяагаар Н.Энхбаяр шоудсан тухай ярихаасаа өмнө энэ өр яагаад бий болсныг цухас дурдах нь зөв болов уу?
Бид ардын хувьсгалаас өмнө Орост таван сая рублийн өртэй байсан ч үүнийг оросууд цайруулжээ. Манай хамгийн том өр 1921 онд цаасан төгрөг хийхээр Оросоос нэг сая мөнгөн рубль зээлж авснаас үүдэлтэй 11 тэрбум долларын өглөг байсан билээ. Анхны зээлээс хойш увуулж цувуулан олон удаа зээлсэн энэ их мөнгө яван явсаар бидний үед хуримтлагдаж, дааж давшгүй төлөөс болсон байв. Оросууд хэд хэдэн удаа өрөө төлөхийг шаардаж байсан ба 90 –ээд оны эхээр “70 хувийг нь тэглэе, үлдсэнийг нь өг” гэж байв. П.Очирбат ерөнхийлөгчийн үед 85 хувийг нь тэглээд үлдсэн 15 хувийг нь төлөх тухай шийдвэрийн төсөл гарсан ч Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр дэмжсэнгүй. “Их өр”-ийг тэглэж, энэ мөнгөний асуудлаас гарах үйл явдалд биечлэн оролцсон хүмүүс бол Н.Энхбаяраас гадна П.Жасрай, Ч.Улаан, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, Б.Жигжид, Н.Буяндэлгэр, Ж.Бямбадорж, Ч.Ганзориг, Д.Лүндээжанцан, Н.Удвал нар юм. Хоёр улсын хэлэлцээний үеэр М.Касьяанов “95 хувийг тэглэнэ” гэсэн үгтэй орж ирэхэд нь “Арай л их сонсдож байна” гэж өөдөөс нь хэлснээрээ л Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр гавьяаг өөртөө бага зэрэг нааж болох. Энэ бол жижиг улсын Засгийн газрын тэргүүний хувьд том улсын өөдөөс дуугарсан их зориг гэж өөрийгөө дөвийлгөдөг ч үнэндээ Засгийн газрыг толгойлж байгаа хэний ч үүрэг нь байсан. М.Касьяанов хэлэлцээ дуусахад 98 хувийг тэглэж, үлдсэн хоёр хувийг банк хоорондын шилжүүлгээр авах болсон. Энэ хоёр хувь болох 250 сая долларыг хэрхэн төлсөн бэ? УИХ-аас 2005 онд томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр энэ мөнгийг 2003 оны 12 дугаар сарын 19-өөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр төлжээ. Монгол банкин дахь улсын төсвийн данснаас 50 сая, Монгол банкны данснаас 100 сая болон 37 саяар хоёр удаа, “Айванхоу майнз” компанийн “HSBC bank Canada” данснаас 50 сая, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ХХБ дахь данснаас 13 сая нийт 250 сая доллар шилжжээ. Харин ч энэ өрийг яаран төлөхдөө Н.Энхбаяр Монголын ард түмний өмнөөс “Айванхоу майнз” компаниас 50 сая доллар зээлж бидний үр хүүхдийг ахин өрөнд унагасан байдаг юм. Юун өр тэглэх, бид өртэйгөө л үлдсэн. Бидний мөнгөөр өр төлж шоудаад, биднийг ахин өрөнд унагачихаад их өрийг тэглэлээ хэмээн цээжээ дэлдэж шинэ жилийн баяраа хийж байсан нь энэ. Түүнээс гадна ОХУ энэ мөнгөнөөс 200 сая долларыг нь л аваад 50 сая нь Н.Энхбаяр, М.Касьянов нарын хооронд алга болсон гэсэн яриа ч одоог хүртэл явсаар байна.
“Н.Энхбаяр 1000-ны зам тавилаа”. Жаахан бүтээн байгуулалт өрнөж, ажил явагдаж, энд тэндхийн төсөл хэрэгжиж байвал түүнийг шүүрч авч, өөрийн нэрийг нааж наалдуулж явдаг хүмүүс бол дан ганц Н.Энхбаяр биш, сүүхээтэй бүх улстөрчид ингэдэг л дээ. Энэ л жишгээр Н.Энхбаяр өөрийгөө мянганы замтай холбож шоудсан. Мянганы замын төсөл Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед эхэлсэн нь үнэн. Энэ төслийг хэрэгжүүлэх тогтоолыг тухайн үеийн УИХ-ын гишүүд гаргаж байсан юм. Тогтоолоор чиглэлийг нь ч баталж өгсөн. Н.Энхбаяр “Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэгчийг их ярьж шоудсан. Гэхдээ цогц бодлогод Мянганы зам гэж байгаагүй, орон нутгийг холбосон автозамын сүлжээний тухай бий. Харин Н.Энхбаяр энэ бодлогыг өөрийн бас нэгэн шоу болгож хувиргасан юм. Үнэн хэрэг дээрээ УИХ-ын тогтоолын 3-т Мянганы зам барих ажлыг бүх ард түмний үйл хэрэг хэмээн үзэж иргэн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсугай гэсэн сайхан үг байдаг. Энэ бүтээн байгуулалтад жирийн замчдаас эхлээд орон нутгийн иргэд, хувийн хэвшлүүд ч идэвхтэй оролцож ирсэн ба дан ганц Н.Энхбаяр өөртөө “патентжуулж” наах гэж оролддог нь луйврын шинжтэй увайгүй үйлдэл.
“Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч ирлээ”. Нэг хэсэг бид хэдэн ерөнхийлөгчтэйгөө мэдэхээ байв. Тэгээд сүүлдээ энэ шоунд нь дасаж дадаад одоогийнхоо ерөнхийлөгчийг “Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэж бичиж, дуудахаа шахсан. Долоон настай Жавхлан гэдэг хүү “Том болоод Ерөнхийлөгч болно” гэж ярьдаг байж. Нэг удаа ээждээ “Ерөөсөө ерөнхийлөгч болохоо болилоо. Тэр чинь дөрвөн жил л хийдэг ажил байна. Тийм ажил хийхгүй, өөр мэргэжилтэй болно” гэсэн аж. Н.Энхбаяр, энэ хүүгийн сэтгэхүй хоёр өөр байна. Мань эр Ерөнхийлөгчийн албаа мөнхийн мэт санаж явсан болохоороо одоо ч энэ байдалтайгаа эвлэрэхгүй “Гутгаар ерөнхийлөгч малчин айлд очлоо”, “Гутгаар ерөнхийлөгч Солонгост айлчиллаа” хэмээн өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталдан шоудлаа. “Ерөнхийлөгч асан” гэж хэлж, ярьж байгаа бол бас шоуных нь дозонд бид автаж болох. Гэвч тэр дозоо хэтрүүлсээр байгаад хар тамхинд донтогч шиг улс төрийнхөө карьерт донтож, эдгэшгүй хүндээр өвчилсөн нэгэн болохоо харуулсаар байна. Түүний энэ дүр төрх сэтгэл судлаач, сэтгэлзүйчдэд эрдмийн ажлын том сэдэв болох нь гарцаагүй. Тэр дандаа амжилттай шоудаад байдаггүй, улстөрд авсныхаа нүхийг өөрөө дэндүү яарч ухсан. Ерөнхийлөгчийн сонгуульд өеөдчихөөд гүйцэд босч ч амжаагүй байхдаа л дараагийн марафонд яаран гүйж орсон нь түүний өвчний шинж тэмдгийг улам тодруулсан. Намдаа адлагдах болсон шалтгаан нь нөхөн сонгуулиар өөрийг нь тонгорч гарч ирсэн нэг намын нөхрийнхөө эсрэг хар пиар хийж дөвчигнөснөөс үүдэлтэй гэлцдэг.
“МАХН ба Энхбаяр”. Монгол ардын хувьсгалт намыг нэрээ солихыг сэм сануулж, өдөөж байсан хүн нь Н.Энхбаяр гэдэг. Энэ санаа нь түүнийг намдаа хайргүй болсон цагаас ахин амилж эхэлсэн. МАН гэсэн шинэ нэрийг авах тухай яриа гарч, энэ нь баталгаажихаас бүр өмнө Н.Энхбаярын зүгээс МАХН гэсэн нэр түүнийх болно гэсэн салхи салхилаад эхэлчихсэн байсан юм. Бүр тэр үед л шинэ МАХН-ын генсек, лидерүүдийн албан тушаал, ашиг хонжооны хуваарилалт, улстөрд бүтээх дүрүүд ч тодорч эхэлсэн байв. Яг л Н.Энхбаярын найруулгаар шоу үргэлжилж, бүх юм түүний зохиосон сценариар өрнөж “МАН” төрж шинэ нэрээ баруун чихэндээ гурав шивгэнүүлж байх үест “МАХН” гэдэг бас нэг үр хөврөл аавынхаа толгойд олдчихсон “амаржих” өдрөө хүлээж байлаа. “Ардчилал, коммунизм хоёрын дундуур явахыг гурав дахь зам гэдэг юм. Би өөрийн ард түмнээ дагуулаад гурав дахь замаар явна” гэж Н.Энхбаяр арваад жилийн өмнө гадаадын телевизэд ярилцлага өгч байсныг санаж байна. Одоогийн түүний үйлдлүүд нь тэртээх мөрөөдлийнх нь үргэлжлэл болж таарав уу.
“ЭВИЙН ХҮЧИЙГ САРНИУЛНА, ЭХ ОРНЫ ХИШГЭЭР ШОУДНА”
Н.Энхбаяр өөрийнхөө эсрэг жагсаал хийлгэж, тэндээс улстөрийн хонжоо олж чаддаг, өөртөө зориулж хөдөлгөөн өрнүүлж, түүгээр бусдыг төөрөгдүүлж чаддаг гарамгай PR-ч хүн. Гэсэн ч Н.Энхбаяр хөгшрөхийн хэрээр түүний шоунд татагдан оролцогч фенүүд нь хамтдаа насаа элээж байгаа. Шинэ залуу үе түүнийг ойлгоё гэсэн ч чадахгүй. Н.Энхбаярын үеийг залуу үеийнхэн түрж үгүй хийнэ. Түүнийг хэн дагаж шоудах вэ? гэхээр нас голдоггүй, мөнгө харвал хэнтэй ч хамаагүй наалдчихдаг биеэ үнэлэгчтэй адил сэтгэхүйтнүүд л болж таараад байна.
2009 онд МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр “Эвийн хүчийг бэхжүүлнэ Эх орны хишгийг өгүүлнэ” гэсэн уриатай байсан. Үнэндээ одоо түүний хийж буй үйлдэл, гаргаж буй ааш авир бүхэн “Эвийн хүчийг сарниулна, эх орны хишгээр шоудна” болчихоод байгаа. 2004 оны сонгуулийн хэмжээ хязгааргүй олон шоуны нэгэн дээр Н.Энхбаяр “Бид дахиад ийм шоу тоглолт олныг хийнэ” гэж тунхаглаж байсан билээ. Уншигч та “Энхбаярчууд шоудахдаа ч, гүтгэхдээ ч дандаа доозыг нь хэтрүүлдэг” гэж бичсэн Баабарын нийтлэлийг ч бас олоод харчихад гэмгүй буй за.
Ш.Монголтоосго mass
URL: