Хүүхэд хулгайлагдлаа. Хүүхдийн төлөө газар, Боловсролын сайд юу хийж байна?
Хүүхэд хулгайлдаг бүлэг этгээд баригдсан талаар хэвлэлүүд мэдээлээд байгаа. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр бүлэг этгээдүүд бага насны хүүхдийг Сонгинохайрхан дүүрэг Нарангийн гол орчимд гэртээ түгжиж зодож дарамталдаг байсан нь тогтоогдлоо. Мөн сэжигтнүүд хүүхдээр хулгай хийлгэдэг байсныг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн илэрүүлсэн байна. Илрүүлсэн ч гэж дээ. Хуулийнхан эр зориг гаргаад хүүхэд хулгайлдаг бүлэг этгээдүүдийг газар дээр нь баривчилсан юм биш.
Сургуулийн насны хүүхдүүд ийм байдлаар бусдын гарт орж дарамтлуулж буйн “дохио”-г зургаан настай бяцхан охин Гэрэлээ цагдаагийнханд мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт хичээлээ тарж явж байгаад ийнхүү бүлэг этгээдийн “хавх”-нд орсон гэнэ. Тэд охиныг гэртээ түгжиж, буруу замд уруу татжээ. Харин зургаан настай бяцхан охин тэднээс зугтааж, гүйсээр Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн цагдаад мэдэгдсэнээр хэрэг илэрсэн байна. Тэрбээр өнөө жил сургуулийн босго алхсан гэнэ. Одоо Нийслэлийн 108 дугаар дунд сургуулийн нэгдүгээр ангид сурдаг тухайгаа холбогдох байгууллагууд хэлжээ.
Гэвч энэ мэдээлэл ташаа бололтой. Мэдээллийн мөрөөр хуучнаар Нийслэлийн 108 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдын ээлжийн амралт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлжээ. Тиймээс сургуулийн удирдлагууд болоод багш нар энэ тапаар ямар ч мэдээлэлгүй байв. Гэвч тэд сургуулийнхаа зургаан настай Гэрэлээ” нэртэй бүх л сурагчдынхаа ар гэртэй нь холбоо барьсан ч, бүлэг этгээдийн гарт орсон бяцхан охин тухайн сургуулийн сурагч биш болохыг хэлэв.
Бид зургаан настай охин хэн байсан, сэжигтнүүдийн гараас хэрхэн мултарч чадсаныг сурвалжлахаар эрлээ цааш нь үргэлжлүүлсэн юм. БСШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Н.Эрдэнэчимэгтэй холбогдлоо.
-Хичээлээ тарж яваад бусдын гарт орж, гурван өдөр гэрт нь түгжигдсэн зургаан настай сурагчийн талаар мэдээлэл авах гэсэн юм. Гэрэлээ чухам аль сургуулийн сурагч вэ?
-Мэдэхгүй. Энэ талаар одоогоор юу ч дуулаагүй л байна.
-Ингэхэд Нийслэлийн 108 дугаар сургууль хаана байдгийг та мэдэх үү?
-Үгүй ээ. Ер нь БСШУЯ-ны бага, дунд боловсролын газар гэхээр энэ бүгдийг мэдэж байх албагүй гэсээр утсаа таслав.
Ингээд БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, дараа нь сайдтай холбоо барьсан ч энэ талаар юу ч дуулаагүй л байв. Хүүхдийн төлөө үндэсний газар ч мөн адил. Мэд¬сэн, дуулсан ч юмгүй, таг дүлий байгаагаа хэлсэн юм. Юутай ч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн бага ангийн сурагчдыг зодож дарамтлан, хулгай хийлгэдэг бүлэг этгээдийг илрүүлээд байгаа. Охиныг хорьж байсан айлд 6-14 насны гурван ч хүүхэд байсан гэнэ лээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг өчигдөр Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн.
Ер нь сүүлийн жилүүдэд сургуулийн бага ангийн хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдыг эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх дүрмийг сургуулиудад мөрдүүлдэг болсон. Гэтэл энэ дүрэм одоо ор тас мартагдсан бололтой. Сурагчид одоо дээр нь нэмээд бусдад хулгайлагдаж, дарамтлуулж албан хүчээр хулгай хийдэг зам руу хөтлөгдөх боллоо. Гэтэл хүүхдийн төлөөх байгууллагууд, БСШУЯ, сургууль, багш нар нь юу ч мэдээгүй байдаг. Хүүхдийн төлөө газар, боловсролын сайд юу хийж байна?
Ч.ОРГИЛ
URL: