Эксийн тавьсан сум хаа хүрэх нь л сонин байна

Аль 1997 оноос л улс төрийн төв талбарт нэг нөхрийн нэрийг хар, цагаанаар бичих болов. Тэрбээр бүхэл бүтэн 12 жилийн хугацаанд нийгмийг бүхэлд нь ганцаараа хөдөлгөж явжээ. Тэгэхээр эл нөхөр тийм мундаг эр юм болов уу, эсвэл нэлээд гүйдэлтэй гар уу. Ямартай ч түүний намтрыг сөхвөл санасан бүхэндээ хүрч, сарвайсан болгоноо авдаг увидастай бас туршлагатай, гаршсан нэгэн аж. Ер нь түүний гар дүрээгүй газар ч гэж  бараг алга юм. Тиймдээ ч МАН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд хэр баргийн аавын хүүд тохиогоод байдаггүй албыг залгуулж явжээ.

Тэрбээр анх 1996 онд улс төр гэх их айлын хаяаг бараадахдаа Ерөнхий сайд асан С.Баяртай ихээхэн толхилцож явсан түүхтэй. Ямар сайндаа л Б.Даш-Ёндон даргад намыг шинэчлэх, огцрох шаардлага өгсөн хоёр бүлэглэл МАХН-д бий болж, залуу үеийнхний төлөөлөл болсон Н.Энхбаяр, С.Баяр хоёроор туг хийж байсан гэдэг. Нэг нь зургаагийн бүлэг, энэ бүлгийн гишүүн Н.Энхбаяр намын ерөнхий нарийн бичгийн дарга цаашлаад, нам толгойлох болсон. Харин нөгөө бүлэглэлийнхэн С.Бая­­рыг дэмжиж, намын шинэчлэ­лийн асуудлаарх баримт бичиг боловс­руулах, Онц их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах хүсэлт тавьж, бэлтгэл хангах ажлын хэсгийн ахлагчаар түүнийг нэр заан санал болгож бай­сан юм. Гэвч намын эрх мэдлийг авах сонирхолтой хүмүүст өөрийн гэсэн хүн хэрэгтэй байсан учраас Н.Энх­баярын оролцсон хамгийн сул зур­гаагийн бүлгийг сонирхож эхэлсэн аж.

Тиймдээ ч эл бүлгийн ард МАХН-ын нөлөө бүхий бүлэглэл бодлоготой тоглосон учраас Н.Энхбаяр намын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Харин Н.Багабандийн гэгдэж байсан бүлэглэлд намын бүх эрх мэдлийг алдахгүйн тулд хүчний ийм тэнцвэрийг сонгосноор С.Баяр золиос болсон гэдэг. Тэгээд ч тухайн үед намын хашир бурхинууд дээрх албан тушаалд нэр нь яригдаж байсан хоёр залууг дуудаж уулзахад, Н.Энхбаяр амыг нь дагуулаад байсан, харин хүчиндээ эрдсэн С.Баяр шинэчлэл яаж хийхийг та нар шиг хууччуулаар заалгахгүй хэмээж, хаалга савсан талаар одоо ч эл хүрээнийхэн хуучилдаг юм билээ. Ингэж л “Number one”-ний улс төрд цайдлах гараа эхэлсэн байдаг. Нөгөөтэйгүүр, эксийн мөнхийн өрсөлдөгч, сүүлийн могикан С.Баяр болж үлдэж билээ.

Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улс төрөөс хөөгдөх шахам гарсан нэгэн цагийн урт шар дээлтэй эрхэм энэ цагт дахин гарч ирсэн нь олныг элдэвлэж эхлэв. Тэрбээр энэ удаа С.Баярыг онилсонгүй. Харин түүний “сум” чигээ өөрчилж, нэгэн цагт хошуу холбон явсан журмын андаа хадрах болсон нь тун ч жигтэй. Нийгэм тэр чигээрээ эл хоёр нөхрийн “адал явдалт” романд бооцоо тавих нь холгүй юм болж байна. Гэхдээ хамгийн гол нь экс энэ удаад арай өөр төлөвлөгөөтэй хөдөлж буй бололтой. Тэрбээр бүхий л иргэний хөдөлгөөнийг эгнээндээ нэгтгэж, энэ тэрийг амжуулах болов. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр гэхэд л, “Амлалт нэхэх ард түмний холбоо” болон  “Мон­гол хас”-ынхныг ам, хэлээ болгон онил­сон байндаа “сум” тавьжээ. Шинэ “баг”-ийнхан энэ удаад Хууль зүй, до­тоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огц­руулах тухай саналаа УИХ-ын ги­шүү­дэд хүргүүлэхээр болжээ. Ийм үндэслэлийг тавих болсон нь Цаг­даа­гийн байгууллагын тухай багц хуу­лийн төсөлтэй холбогдуулан тавьж буй аж. Тус хуулийн төслийг Засгийн га­з­раас өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд тус­гас­наар нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд Цагдаагийн байгууллага нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Таг­нуулын ерөнхий газар гээд хүчний байгууллагуудын туслалцааг авна. Түүнчлэн галт зэвсэг ашиглах болж буй билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч онц байдал зарласан нөхцөлд гэж тусгасан байдаг. Гэтэл ирэх онд сонгууль болох учраас ямар ч нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнд урьтаас бэлтгэн ард түмний эсрэг буу шагайлгуулах гэж буй нь яавч байж болзошгүй гэж дээрх холбооныхон эксийн санааг хууль зүйн үндэслэлээр тайлбарлаж байгаа юм. Тиймээс УИХ-ын бүх гишүүний нэр дээр сайд Ц.Нямдоржийг дээрх үндэслэлээр огцруулах санал гаргасан захидал хүрэх аж. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд нар гардаж авчээ. Харин УИХ дахь Ард­чилсан намын бүлгийн хувьд дээрх хуулийн төслийг Зас­гийн газарт буцаах санал б­арим­талж буй аж. Тиймээс нэг талдаа сайд Ц.Нямдоржийг огц­руу­лах бичиг нэг их эрчтэй явж чад­ах­гүй байх магадлалтай гэнэ.

Ямартай ч эксийн санаа цаа­сан дээр бичигджээ. Эцэст нь хэлэхэд, өнөөд­рийн нийгмийн бодит үнэн гэвэл ард түмэн засаг төртэйгөө үзэж тараад, ний­гэм тэр чигээрээ эрх баригчдын эсрэг ордон гороолоод ч байгаа юм биш. Авлигачид гэх цуутай өнөөдрийн эрх баригчид  болон өчигдөрхөн өндөр албан тушаалд умбаж яваад түүнээсээ хагацсан, үүнээсээ болж хорссон хуучин эрх баригчдын хооронд тэмцэл өрнөчихөөд байгаа дэг шүү.

О.МӨРӨН

nud.mn


URL:

Сэтгэгдэл бичих