Тоглолтын өмнө дэлбэрэлт боллоо

1m33sqsb6cid1olb5gavctl2ki_bУржигдар шөнө Герман улсын Дортмунд хотод гурав дараалсан дэлбэрэлт болсны улмаас “Боруссия Дортмунд”, “Монако” багуудын тоглолтыг хойшлууллаа. Аваргуудын лигийн хү­рээнд явагдах байсан тус тоглолтыг хойшлуулж, цэнгэлдэх хүрээлэнг хамгаалалтад авсан байна.

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан “Боруссия Дортмунд” болон “Монако” клубын тоглолт энэ сарын 12-ны орой Германы Дортмунд хотод болох хуваарьтай байлаа. Гэвч тэмцээн эхлэхийн өмнө “Боруссия” багийнхны сууж явсан автобусны ойролцоо гурван удаагийн дэлбэрэлт болж, багийн гишүүн Марк Бартра шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Азаар өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон газрыг тусгай хамгаалалт авч, тоглолтыг лхагва гаригийн орой хүртэл цуцалсан юм.

Германы хэвлэлд мэдээлж буйгаар замын хажууд тэсрэх төхөөрөмж байрлуулсан байсан гэнэ. Халдлагыг үйлдсэн гэмт этгээд автобусан дотор захиа үлдээсэн байсныг олжээ. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Халдлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэлийн гишүүд зохион байгуулсан байж болзошгүй гэж Германы цагдаа нар мэдээлэв. Мөн өөр нэг дэлбэрэлт хотын прокурорын газрын ойролцоо болсон ч хүмүүс өртөөгүй аж.

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний хоёр тоглолт уржигдар болох хуваарьтай байсан. Гэвч дэлбэрэлтийн улмаас Германы “Боруссия Дортмунд”, Францын “Монако”-гийн тоглолт хойшлов.

Италийн “Ювентус” баг өөрийн талбайдаа Испанийн Каталоны “Барселона”-г хүлээн авч тоглон 3:0-ээр бут ниргэжээ. Италийн багаас 7, 22 минутад Дибала дубль хийсэн бол, 55 дахь минутад Д.Кьеллини тоглолтын эцсийн цэгийг тавилаа. Хариу тоглолт хоёр долоо хоногийн дараа “Барса”-гийн талбайд болно.

 

М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих