Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэний хутгасан “бантан” бэ

-Эрүүгийн хууль ч үгүйгээр хэвлэл мэдээлийн эрх чөлөөг хязгаарлаж болно гээд хар дээр цагаанаар биччихсэн байгаа юм даа, хуулийн төсөлд-

Юуны өмнө Засгийн газарт баяр хүргэмээр санагдав. Тэд олон жил ярьж, олон ч удаа уулзалт хэлэлцүүлэг хийж, олон ч хүний ухаан санаа уралдуулан байж гаргасан боловч салхи үзэхгүй байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Нэрнээс нь эхлүүлээд хэвлэл мэдээллийн биднийхээ эрх чөлөөг мандуулан тунхаглах гэж байна гэж баяр төрмөөр… Уг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хуулийг Засгийн газар боловсруулж буй хэмээгээд тус бүрд нь сэтгүүлч, судлаачдын саналыг авч байсан. Энэ бүх санаануудыг нэгтгээд нэг төсөл болгосон гэж ойлгогдож байгаа. Чингээд төслийг нарийвчлан харвал нэг л биш ээ. Ерөнхий зүйл заалт яг хэвээрээ мөртлөө, хамгийн амин чухал гэсэн заалтуудыг, хасах буюу, хамгийн их гамшиг дагуулж болох үгнүүдийг шигтгэж, үзэгдэх өнгө нь гоё юм шиг мөртлөө маш аймшигтай өөрчлөлтүүдийг тэд хийчихэж. Бүр хуулийн төсөл засч сурсан сурамгай, нямбай байдлаар шүү. Мэргэжлийн байдлаар хийсэн энэ өөрчлөлтүүдээс сонин хэвлэлийн нууц эздийн дэмжлэг авсан нь илт мэдэгдэм. Уг нь Ерөнхийлөгчийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага эзэд, санхүүжүүлэгч хувь эзэмшигчдээ жил бүр, өөрчлөгдөх бүрт нь гэж заасан заалт бол бас яалт ч үгүй байна. Гэхдээ эзэд нийтлэлийн бодлогод нөлөөлөхгүй байх, эрхлэн гаргагчтай гэрээ хийж баталгаажуулах, чингээгүй тохиолдолд ногдох шийтгэлийг хүртэл суулгаж өгсөн байсныг нь хасчихжээ. Тэгэхээр банкны эздийг ил болгон мэдээлэх ёстой гэсэн ч өнөөдөр ч хэрэгждэггүй хуультай адилхан хувь заяатай гэдгийг тааж цөхөх зүйл үгүй. Уг нь одоо ардаа эзэнтэй гэдэг нь тодорхой ч түүнийг зарлаж чаддаггүй, эзэд хэмээх голдуу улстөрчдийн тоглолт, хатуугаар хэлбэл дарамт Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамаг гай барцдын эх гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Тэдний дохио зангаагаар хэвлэл мэдээллийн үнэт чанар, ажил хөдөлмөр, эрх чөлөөгөө хасуулдагтаа бухимддаг сэтгүүлч бүүр эрхлэгч, гүйцэтгэх захирал, ерөнхий редакторууд ч байгаа л байх.

Бас нэг засвар уг нь анхны төсөлд төлбөрт, захиалгат нийтлэл, нэвтрүүлэгт ялгарах тэмдэг хэрэглэнэ /өнөөгийнхаар тусгаарласан боолт болон захиалгат нэвтрүүлэг гэсэн бичиг/ гэснийг захиалагчийн нэрийг заавал мэдээлнэ гэсэн байх юм. Энэ нь ч ёстой ирэх жилийн сонгуулиар улстөрчдөд зайлшгүй шаардлагатай заалт гэдэг нь харваас илт. Хэн захиалгат нэвтрүүлэг хийснийг нь заавал бич, үгүй бол хууль зөрчсөн гээд байгууллагыг чинь хаана гэсэн үг. Юун мэдээллийн эх сурвалжаа нуух. Ер нь бол энэ хоёр зарчмын хувьд өөр ойлголт ч захиалгат нэвтрүүлгийн захиалагчийг заавал зарлахгүй байх шаардлага бий гэдгийг мэднэ шүү дээ.

Энд бас Хэвлэлийн зөвлөл гээч байгууллагыг Ерөнхийлөгчийн дэргэд “байрлуулж”, гишүүдийг нь олон нийт санал болгож, Ерөнхийлөгч батлах юм гэнэ. Дээд шүүх биш дээ. Басхүү тэр зөвлөл нь улсын хэмжээнд цорын ганц бөгөөд нэлээд их эрх мэдэлтэй, гишүүд ял шийтгэлгүй байх энэ тэр гэсэн шалгууртай байх нь. Үгүй ээ, бидэнд ийм байгууллага хэрэггүй. Эрх чөлөөтэй байна гэсэн биш чонын амнаас гараад барын ам руу гүйж байгаатай л адил. Гөлгөө яалаа гэдэг шиг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Удирдах зөвлөлийг яаж сонголоо? Тэгээд тэр зөвлөл нь ч бас сонин хэвлэлийн консулын үүрэг гүйцэтгэх юм уу гэхээр хэвлэл, мэдээллийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана, үйл ажиллагааных нь талаар статистик судалгаа, тоо баримт гаргана гэх мэт баахан  үүрэг чимэг наачихаж. Ерөнхийлөгчийн томилсон хэдэн нөхөд л бүх сонин хэвлэл, радио телевиз, сайтыг мэргэжлийн удирдлагаар хангана гэнэ үү? Жинхэнэ главлит биш үү, энэ чинь. Дээрээс нь бас хэвлэлүүдийн рейтингийг тогтоосон худал, үнэн судалгаа гаргаад сууж байх юм гэнэ ээ тэд.

Та ийм социализмын главлит шиг байгууллагыг өөрийнхөө дор байгуулна гэсэн санал гаргасан юм уу, Ерөнхийлөгч өө. Таны хэвлэлийнхэнд танилцуулсан төсөл дотор чинь уг нь ийм зүйл байгаагүй сэн. Эсвэл Засгийн газар, тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн яам танд саймширч, ийм төрсөн өдрийн бэлэг барих гэж байгаа юм болов уу? Тэгж ярих юм бол энэ бол Ерөнхийлөгчийн санаачилсан хууль аа гэж мэлзээд, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар “Өөртөө зориулсан Хэвлэлийн зөвлөл байгуулсан хүн шүү дээ гэж хараат бус боллоо гээд баярлаж байгаад зөвлөлийнхөө “тархи”-ыг базуулсан хэвлэлийнхнээр нь гөвүүлж байхдаа ч сийхгүй шүү? Ерөнхийлөгч өө. Аминчлан захихад ийм заваан хуулийг санаачилсан, төсөл боловсруулсан гэдгээсээ эртхэн нэрээ татчихсан нь дээр байх аа? Сэтгүүлч таныг үе үеийн мэргэжил нэгтнүүд чинь хараах ч юм билүү. Бас уг хуулийг санаачлагч гэж байгаа Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Бат-Үүл нар анхныхаа төслийг эргээд нэг харах нь зүйтэй байх. Эсвэл та нар ийм зүйл санаачилсан. Дээр дурдсан олон хэлэлцүүлэг дээр хэвлэлийнхэн, судлаач, шүүмжлэгч нар л лав ийм санал яриагүй.

Мэдээж хэрэг хэвлэл мэдээллийнхэн гэдэг хэнд ч дийлддэггүй, хараа хариуцлагагүй байж таарахгүй нь зүй. Хэвлэлийн зах зээлийг өнөөдөр муухай харагдуулаад байгаа алдаа эндлийг засахын тулд хариуцлага тооцох нь зүй. Тийм ч учраас хариуцлагын тогтолцоог оруулж ирье гэдэг дээр манай хэвлэлийнхэн ерөнхийдөө санал нэгдсэн, мэдээж хэрэг Эрүүгийнхээс бусад хуулиар. Ерөнхийлөгчийн бэлтгэсэн төсөлд ч энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахуулахаар бүхэл бүтэн бүлэг заалт байсныг манай Засгийн газрынхан сэтгүүлчдэдээ хайртай юм болохоороо хасаад хаячихаж. Өнгөн дээрээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг харж үзсэн мэт боловч нарийндаа бол хэвлэлийн эрх чөлөө рүү халдах гээд байгаа дайснуудыг торгох заалт байсан юм сан. Тухайлбал, дээр дурдсан хэвлэн нийтлэгчээ зарлаагүй тохиолдолд тухайн компанийг /өөрөө хэлбэл, хуулийн этгээдийг нь/ гурав хүртэл сая төгрөгөөр торгоно оо гэж… мэдээж хэрэг нэр усаа зарлуулах дургүй эзэн байлаа ч хуулийн заалт, торгуулиар нь түрээ барьж байгаад эздээ зарлаж, нэрээ цэвэрлэж авах гэсэн хүсэлтэй редакциуд байж болох л юм. Тэгээд ч энэхүү торгуулийн заалтыг авч хаяснаар хуулийнх нь чухал чухал заалтууд тунхгийн шинж чанартай л болчихож байгаа юм.

Засгийн газрын хийсэн “хор”-ыг одоо хөндөе. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг хумьж болох онцгой хэдэн заалт. Өнгөц харахад бас их

-Онц болон дайны байдал зарласан

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан

-Бусдын эрх чөлөө, алдар хүнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах

-Хуулиар төр, байгууллага хувь хүний нууцад хамааруулсан мэдээ мэдээллийг хамгаалах тохиолдолд гэж байгаа юм. Хүлээн зөвшөөрч болохуйц шалтгаан нь. Хамгийн гол нь хэн үүнийг нь тогтоох нь тодорхойгүй. Ерөнхийлөгчийг муулж бичлээ гэхэд үндэсний аюулгүй байдалд харш ажиллагаа гээд үзчихэж чадна даа, цаадуул чинь. Яагаад гэвэл хэн үүнийг нь тодорхойлох юм бэ гэдгийг нь аваад хаячихаж. Бусдын эрх чөлөө, алдар хүнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдгийг хэн тогтоох ёстой билээ? Иргэн Ц.Элбэгдорж уу? Уг нь бидний яриад байсан төсөлд бол шүүхээр тогтоосон бол гэсэн үг байсан юм. Гэтэл энэ заалтыг оруулж ирснээрээ юун Хэвлэлийн хэвлэлийн эрх чөлөө? Бүр наад зах нь эрхийг нь хумиад, байгууллагыг нь татан буулгаад, шүүх, Эрүүгийн хууль ч үгүйгээр сэтгүүлчийн эрх чөлөөг хаачих бус уу? Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж болно гээд хар дээр цагаанаар биччихсэн байгаа юм даа, хуулийн төсөлд. Магадгүй энэ нь Засгийн газар шуурхайлан хууль өргөн барьсан гол зорилго нь ч байсан байх. Аль ч хэвлэлийг дуртай цагтаа шүүх, Эрүүгийн хууль гэлгүйгээр эрхийг нь хасч болох юм чинь… Ямар аймаар муухай бөгөөд далд атгаг санаатай засвар хийсэн нь одоо мэдрэгдэж байна уу? Бид ийм зүйл заалттай хууль өргөн бариулчихаад өөрийг нь өрлөөд алах гэж байхад “Эзэн минь намайг тэнгэр харуулав” гэж баярласаар амиа өгдөг хонь шиг байж болох уу, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн минь ээ.

Ер нь тэгээд эцсийн эцэст хуулиар эрх чөлөө хангах тунхаг тэргүүтэн нь эсрэгээр бас хорлох технологи ч болдог гэдэг. Ийн салбарынхнаар хэлэлцүүлж, саналыг нь авсан гэх хуулийг эзэд нь танихгүй болтол өөрчилсөн, үнэндээ улстөрчдийн сонгуулиас өмнө хэвлэлийнхэнд барих гэж буй цаазын ял бус уу гэчихэд хилсдэхээргүй байна. Өдий өлгийндөө байхдаа эрх чөлөөг хангах бус харин алах мангас болчихоод буй хуулийг хэлэлцэх, батлах явцдаа бүр ч чангаруулчих магадлалтай, манай хууль тогтоогчид. Гуйсаар байгаад Хэвлэлийн эрх чөлөөний хуулиа батлуулчихлаа гэсэн чинь өөрсдийгөө заазууран дор сайн дураараа тавиад өгчихсөн байх вий дээ, найзууд аа. Дээрээс нь өлгий дотроо байхад нь л “алуур” ороод өнгө өөрчлөгдсөн хуулийг баталсан хойно ч гэсэн “нямдоржтонгууд” “орон” дотроо засчих вий дээ, яана аа.  Эцэст нь хэлэхэд ирэх жилийн сонгуулиар хэвлэлийнхнийг томоотой байлгах “заазуур” болгож л байгаа юм биш үү, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг…

А.Алтантуяа

URL:

Сэтгэгдэл бичих