Эрдэнэтийн томилгооны ард …
“Эрдэнэт” үйлдвэрийн томилгоо, төрд авах шийдвэр, үүнийг хэрэгжүүлсэн арга механизм нь хуульд хэр нийцтэй байсныг анхны шийдвэрийг гаргасан УИХ-ын эрхэм гишүүд өөрсдөө гайхаж сууцгаана.
Тэднийг “үл мэдэх”-дэж байх хооронд Эрдэнэт үйлдвэрийн шинэ ТУЗ эхний хурлаа хийж, дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орлогч захирлуудыг томилох шийдвэр гаргалаа. Тодруулбал, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилга хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүү хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус тус томилжээ. Харин “Эрдэнэт үйлд¬вэр”-ийн нэгдүгээр орлог¬чийн түр орлон гүй¬цэт¬гэгчээр “Монголын зэс” компанийн төлөө¬лөл Б.Шинэбаатар ажиллахаар болсон нь 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаатай холбоотой аж.
Шинээр томилогдсон орлогч захирлуудыг дагаад олон нийтийн дунд “Хэний ямар хүн оччихов, хэн лоббидов, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү” гэхчлэн хардлага хөвөрлөө. Ингэж хардахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалт энэ тэр гэж юм огт байсангүй. Бас нөгөөх ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар АТГ санал дүгнэлтээ өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Ийм нөхцөлд томилгоо хийгдээд гэнэт зарлагдсан нь араасаа олон асуудал дагуулж байна.
ОХУ-тай хамтарсан үйлдвэр байхад хэрэгжиж байсан хамтарсан зөвлөл гэгч дөнгөнөөс мултармагц шинэ ТУЗ нээлттэй сонгон шалгаруулалт энэ тэр гэж цаг алдахыг хүссэнгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал, дэд захирал хийгээд явчихаж чадна гэж өөрийгөө үзэж байгаа Монголын олон залуустай хэрчим бялуугаа хуваалцахыг хүсээгүй биз. Удирдлагуудын орон тоог өөрийн хүмүүсээрээ дүүргээд авах нь ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнгийн алсын хараа байсан биз.
Ямар ч сонгон шалгаруулалтгүй, гэнэтийн томилгооны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, хууль зөрчигдөж байхыг үгүйсгэх аргагүй учраас олон нийтийн дунд “Хуучнаараа, дарга нарын шахааны газар хэвээр байх нь” гэдэг бас нэгэн хардлага хэвээр үлдэж байна.
ТУЗ-ийн эхний хурлаас гарсан Эрдэнэт үйлдвэрийн бүтцийг толгойноос нь данхайлгах шийдвэрүүд ч үүнийг батална. Гурван дэд захиралтай байсан бол одоо дөрвөн орлогчтой болсон, Ерөнхий захирал ажлын алба нэрийн дор долоон зөвлөхтэй болсон, газрын тоо нэмэгдсэн зэрэг багтаж байна. Захирлын тоо нэмэгдэхээр зардал өсөх нь тодорхой.
Авууштай нь Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагууд овоо түргэн ажиллаж магадгүй нь. Хяналт, шаардлага тавих бүтэц байхгүй учраас хэдэн мянган ширхэг бэлгэвч, хичнээн контейнер 00-ийн цаас байсан ч нэг тээнэгэлзэлгүй худалдаа, наймаагаа явуулах боломжтой. “Совет”-ын үеийн дотоод аудитын газрыг ч тэд аргандаа оруулсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийн нэгжүүдийг баталсан А199 тоот тушаалын хавсралтаас үзвэл, Дотоод аудитын газар нь Ерөнхий захирлын шууд удирдлагад багтах хэсэгт оржээ. Ерөнхий захирлын шууд удирдлагад байгаа дотоод хяналтынхан захирлынхаа үйл ажил¬лагаанд хөндлөнгийн хяналт тавьж чадах уу гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм. Компанийн засаглалын сайн жишгээр бол, Дотоод хяналт нь ТУЗ-ийн шууд удирдлагад байж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг жишиг “Эрдэнэт”-д энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөд тусгалаа олсонгүй. Эсрэгээрээ ТУЗ нь ч Ерөнхий захирлынхаа дэвэлтээр хөдөлдөг дэлхийн ямар ч улсад байдаггүй цоо шинэ жишгийг Эрдэнэтэд нэвтрүүлж байна. Дэлхийд ТУЗ-ийн гишүүдийн цалинг хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоодог. Харин Эрдэнэтэд цалингийн хэмжээ Ерөнхий захирлын үзэмжээс хамаарна. Үүнийг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нээлттэй хүний хувьд сэтгүүлчдэд учирласан. ТУЗ-ийн цалингийн хэмжээг тодорхойлох тухай санал Х.Бадамсүрэнгээс ирсэн гэж. Тийм байхад ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн Х.Бадамсүрэнг өмгөөлж дугаралгүй л яахав. Юун хяналт, юун хариуцлага.
Энэ бүх өөрчлөлтүүдийн ард улс төрчдийн шахаа хэрхэн цэцэглэхийг цаг хугацаа л харуулна. Товчхондоо бол, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр салаа замын уулзвар дээр зогсож байна.
Ш.Даваа
Засгийн газрын мэдээ сонин
URL: