Ш.Пүрэвсүрэн: Монгол дахь авилгын сонгодог жишээ Ноён уулын асуудал

3g900smpam19l96un5nkdg78iu_bХөрс судлагч, доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа

-Гацууртын ордын лицен­зийг хүчингүй болгуу­лах нэхэмжлэлтэй ээлжит шүүх хурал /2017-04-04-нд болсон/-ын дараа та нилээд бухимдангүй хуралдааны танхимаас гарч харагдсан. Дахиад хойшлуулчихав уу?

-Тэглээ. Хурлыг янз бүрийн шалтгаанаар хэдэн ч удаа хойшлуулж болдог шүүхийн энэ эмх замбараагүй эрх дархыг хязгаарласан хууль журам гаргаж болдоггүй юм байх даа. Ганцхан энэ хэрэг ч биш бусад олон хэргийг яаж жил дамнуулан сунжруулж байгааг бид хангалттай харлаа. Арай дэндүү юм. Манай урд, хойд хоёр их хөршийн байдлаас харахад тухайн хэргийг бүрдүүлсэн баримт материалыг нь үндэслээд хэдхэн хоногийн дотор шийдвэрээ гаргачихдаг тогтолцоотой юм билээ.

-Энэ шүүх хурал хэд дэх удаагаа хойшилж байгаа билээ?

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш анхан шат, давж заалдах гээд хоёр шатны шүүх хоорондоо шидэлцсээр 10 гаруй удаа хойшиллоо. Хойшлох бүртээ өмгөөлөгч нь өвчтэй, ажилтай, хэргийн материалын бүр­дэл дутуу, хариуцагчийн талын хүсэлтээр гээд түмэн шалтгаан тоочдог. Хотын мань мэт нь бас яах вэ. Нутаг орныхоо хувь заяаны төлөө санаа зовнисон Мандал сумын өндөр настан голдуу хэсэг иргэд чирэгдэж байгааг хараад өрөвдөх юм.

-Сая ямар шалтгаанаар хойшлогдов?

-Хэргийн эзэн хэн­гэргийн дохиур “Сентерра Гоулд Монгол” компанийн хүсэлтээр юм байх аа. Аль найман жилийн өмнө 2009 онд ашиглалтын лиценз авахынхаа өмнө АМХГ газар өгсөн байх ёстой материалаа одоо хүртэл бүрдүүлж дуусаагүй байна. Шүүх хурал удаа дараа хойшлоод байгаагийн үнд­сэн шалтгаан ердөө энэ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, эрсдлийн үнэлгээ хийгдээгүй, тухайн бүс нутагт хүнцлийн агууламжийг тогтоогоогүй, цэвдгийн судалгаа хийгээгүй байж лицензээ шууд авчихдаг шидтэнүүдийн нэг бол энэ компани. Монгол Улсад авилга, хээл хахууль ямар хүчтэй байгаагийн сонгодог жишээ юм даа.

-Нийгмийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын дотроос хэнбугай ч хүлцэн тэвчиж үл болох зүйлийн нэг нь Ноён ууланд алт ухах гэж байгаа явдал гэж би боддог. Цаашлаад Монголын газар нутгийг ямар ч аюул эрсдэлд хүргэж болзошгүй байх шүү?

-Зүүнхараа, Баруун­хараа, Батсүмбэр, Борнуур гээд нэрлэ­хээр Монголын га­зар тариалангийн үйлд­вэр­лэлийн үндсэн эх нутаг нь чухам энд л байдаг. Хараа, Бороо голын үржил шимт хөндий хэзээнээс монгол түмний түүх, амьдрал, ирээдүй байсаар ирсэн. “Ноён уулыг дэлбэлэн ухаж, түүнээс гарах үр дагаврыг үл ойлгох мэт дүр эсгэх нь хаанахын хэний санаа вэ? Монголд минь үлддэггүй алтны ашгийн төлөө бидний амин нутаг, эх орны минь дархлаа ирээдүйг самрахыг хэн аймшиггүйгээр хүсээд байна” гэсэн олон зуун агрономич шавь нарынхаа асуултын хариуг олох үүрэгтэй хүний нэг гэж би боддог. Мөн энэ тэмц­лээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ шавь нартаа энэ дашрамд амалчихъя.

-Бас нэг асуулт байдаг нь “Ноён уулаа хамгаалах нэрээр хэсэг бүлэг хүмүүс “Сентерра Гоулд” компанийг шантаажилж мөнгө нэхэж байна” гэж ярих боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эх орончдын дүр эсгэн зарим нэр бүхий төрийн болоод ТББ-ууд уул уурхайн компаниудыг дарамталж мөнгө нэхдэг талаар хэвлэл мэдээллээр зөндөө л юм гардаг. Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжигсдийн дотор ийм санаа өвөрлөсөн хүмүүс байгааг би үгүйсгэж чадахгүй. Миний хувьд гэвэл би өдий хүртэл наслахдаа амь амьдралаа хэнбугайгаас ч дутахааргүй төвхнүүлсэн, хэзээ ч хулгай хийж байгаагүй, хэний ч өмнө хэлэх үгтэй, сэтгэл цэвэр хүн гээд хэлчихвэл өөрийгөө хэт дөвийлгөсөн болчих уу. 2009 оноос хойш “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн санаачлан Facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээ ашиглан 50 мянган хүний гарын үсэг цуглуулж, Засгийн газар өгчээ. Ийм том хариуцлага өөр дээрээ тохсон энэ хөдөлгөөний үйл ажиллагаа ямар замаар явж байгааг Монголын олон нийт анхааралтай ажиж байгаа болов уу. Миний хувьд Ноён уулаа авч үлдэхийн төлөө буг чөтгөртэй ч ханьсахад бэлэн байна.

-Та цаашид энэ чиглэлээр ямар ажил хийе гэж бодож, төлөвлөж байна?

-Бид тун хариуцлагатай хоёр сонголтын өмнө ирээд байна. Эх нутгаа харийнхнаар сүйтгүүл­чи­хээд хортой хүнс, ирээдүйн өвчний эх үүсвэрээ бэлдэх үү? Эсвэл хоёр идэхгүй, хоосон хонохгүй ч хойч үедээ онгон байгаль эрүүл орчин үлдээх үү? Өнөөгийн ертөнцийн хөгжлийн чиг хандлага ирээдүй үеийнхээ төлөө эрүүл цэвэр бүтээг­дэхүүний үйлд­вэрлэл хэрэг­лээг сонгож байна. Өч­нөөн мянган жилээр ор­шин суусан энэ л ну­тагтаа бид амьдарсаар л байх болно. Монгол нутаг, монголчуудын тус­гаар тогтнол, оршин тогтно­хуйн дархлаа нь эх нутаг, газар дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах сэтгэлд минь оршдог гэж би боддог.

 

Ч.ОЛДОХ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 April 2017

ХУЦ

Сэтгэгдэл бичих