Эдийн засгаа эмнэлгээс гаргана. Харин яаж….
УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Эдийн засаг “эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн” бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, “эмнэлгээс гаргах” гол ажлыг энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай” гэлээ.
Хүмүүсийн чихэнд тов тодорхой наалдаж хоцорсон энэ үг эдийн засагт ирэх сайн дохионы эхлэл болж буув. Бид эдийн засгаа сэхээний орон дээр буй өвчтөнтэй зүйрлэдэг жишиг тогтоод буй. Байгаа үнэн төрх нь энэ байх. Гэхдээ үүнийг эмчилж эдгээх үүрэг МАН-ын засаглалын үед ногдоод байгаа бөгөөд хэр санй “эмч” болохоо үүгээрээ харуулах учиртай. УИХ-ын дарга эдийн засгаа “эмнэлгээс гаргана” гэлээ. Ингэж харвал эдгэж илээрших цаг хугацаа тийм ч хол байгаа бололтой. Үүний тулд хууль эрх зүйн орчинг эхэлж онилж байгаа нь дээрхи үгнээс анзаарагдана. Энэ зорилгодоо хүрвэл хаврын чуулганы гавьяа тэр болно. “Грамм”-руу буутлаа дордсон эдийн засгийг “эмнэлгээс гаргана” гэдэг амаргүй нь тодорхой ч нөгөө талаасаа эрх баригчдын хувьд томоохон шалгуур, хэн болохоо харуулах боломж мөн.
М.Энхболд Бангладешийн Дакар хотод болсон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 136-р чуулган дээр хэлсэн үгэндээ Монголд дундаж чинээлэг давхаргыг нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Эдийн засгийг эмнэлгээс гаргах эрмэлзэл энэ үгтэй нь бас учир шалтгаанаар холбогдож байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн сэргэлт иргэдийн амьжиргааны түвшин хамтдаа нэг хамаарлаар урагшлах учиртай.
Төсөв тамиржиж байна
Хаврын чуулганы барьж авах эхний асуудал Төсвийн тодотгол болж байна. Төсвөө тодорхой болгочихвол ОУВС-ийн хөтөлбөр болон түүнийг дагалдан гарч ирэх тэрбумаар тоологдох зээлийн шугам нээгдэнэ. Ингэснээр эдийн засагт хэрэгтэй байгаа мөнгөн урсгалыг дуудна. Харин ОУВС-ийн энэ хөтөлбөр хэд хэдэн болзол тулгалттай. Тухайлбал, зарим татварыг нэмэх, тэтгэврийн насыг цаашлуулах гэхчлэн иргэдэд тэр бүр таалагдаад байхааргүй шаардлага. Гэхдээ татвар нэмэх асуудлыг иргэдийнхээ эрх ашигт нийуүүлэн шийдэх хэрэгтэй гэдгийг эрхэм спикер чуулганы нээлтэн дээр онцолсон. Өөрөөр хэлбэл нэгийг бүтээх гээд нөгөөг дордуулж болохгүй гэсэн үг. Төсвийн талаархи сайн мэдээ чих дэлссээр байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биелсэн. Түүнчлэн татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биелээд байна. Ийм янзаараа үргэлжилбэл энэ жилийн тухайд төсвийн орлого хангалттай биелэхээр байгаа. Харин харамсалтай нь Засгийн газрын өрийн үлдэгдэл 18.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 76.9 хувьд хүрч, зээлийн хүүнд 2017 оны төсвийн жилийн батлагдсан зардлын 16 хувийг буюу 1.3 их наяд төгрөг төлөхөөр болоод байгаа аж.
Мөнгө болоод баялгийг хариуцлага сахилга дагалдах ёстой
Эдийн засагт орж ирэх мөнгийг хариуцлагатай хяналттай, үр ашигтай зарцуулж баймаажин өгөөж хишгээ өгнө. Тийм ч болохоор эдийн засгийг эмчлэхдээ хүнээсээ эхлье гэсэн чиг хандлага байгаа нь тодорхой байна. УИХ-ын даргын хэлсэн үгэнд “Төрийн албан хаагчдын дунд сонгуулийн мөчлөгөөр л ажиллах сэтгэхүй энгийн зүйл, хэвийн үзэгдэл болтлоо даамжирлаа. Үүнийг даган төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд бид хөгжихгүй, урагшлахгүй” хэмээн асуудлыг мөнгө санхүүтэй гэхээсээ илүүтэй хариуцлага, санаачлага сахилга баттай холбож өгчээ. Урагшлах замд сахилга хариуцлагагүй байдал, албан тушаалын өрсөлдөөн, улстөржсөн талцал хамгаас илүүтэй саад болж болзошгүй гэсэн анхааруулга.
Эдийн засаг “эмнэлгээс гарах” эхний бөгөөд энгийн учир холдогдол энэ болж байна. Үүнийг мөнгө санхүү, бүтээн байгуулалтаар үргэлжлүүлнэ. Нэг томоохон бүтээн байгуулалт эхлэхэд түүнийг дагаад өөр олон хүний ажил амьдралд эерэг нөлөөгөө авчирдаг.
Энэ онд эхлэх бүтээн байгуулалтууд
Эдийн засаг гэдэг энэ утгаараа дэм дэмдээ үргэлжлэх цикл буюу эргэх холбоо болой. Урин дулааны улирал ирж эхний бүтээн байгуулалт Яармагийн гүүрээр эхлэв.
Хавырн чуулганаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батална. Ингэснээр энэ жил төмөр замын томоохон төслийг эхлүүлнэ. Олон жил яригдсан 1200 гаруй км төмөр зам барих төсөл амилна гэсэн үг. Мөн 1400 гаруй км хатуу хучилттай зам, 640 уртааш метр төмөр бетон гүүрийн төсөл үргэлжлэхээс гадна 430 км авто замын барилга, их засварын ажлыг шинээр эхлүүлнэ. Үүнтэй зэрэгцэн амаг орон нутаг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Улаанбаатар–Дарханы чиглэлийн замын өргөтгөл, Замын цагдаагийн гүүрэн гарц, эрчим хүчний томоохон төслүүдийг нэрлэж болно.
П.Булган
uls.mn
URL: