Төрийн албыг төрлийн алба болгож, хүний алтан аминд хүрсээр л байх уу
Өнгөрөгч долоо хоногт нийгмийг цочроосон үйл явдал Завхан аймгийн Идэр суманд болсон. Тодруулбал, Төрийн албанд тасралтгүй 28 жил ажилласан туршлагатай боловсон хүчин, Завхан аймгийн Идэр сумын иргэн Т нь хууль зөрчиж, улс төрийн шалтгаанаар ажлаас халсан явдлыг эсэргүүцэн өөрийгөө шатааж амиа алдсан билээ.
Дээрхи харамсалтай үйл явдлын гол учир шалтгаан нь Завхан аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга Д.Батсайханы төрсөн ах Идэр сумын ЗДТГ-ын дарга Д.Батчулууны “Төрийн албаны тухай” болоод “Эрх ашгийн зөрчлийн тухай” хуулиудыг ноцтой зөрчин, эрүүл саруул ажлаа хийж явсан иргэнийг үндэслэлгүй халсан тушаалтай холбоотой аж.
Д.Батчулуун нь Төрийн албаны шалгалтанд I байранд орсон иргэн н.Нямжавыг ажилд авсан гэж байгаа боловч н.Нямжавын нөхөр нь тус сумын орлогч дарга, санхүү эрхэлсэн дарга нь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас хуулийн дагуу ажиллаж болохгүй учир дараагийн байранд орсон талийгаач Т-г ажиллуулах ёстой байсан байна. Гэвч хуулийг уландаа гишгэж Төрийн албыг төрлийн алба болгосон хэсэг нөхдийн увайгүй үйлдэл эрдэнэт хүний алтан аминд хүрчээ.
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь намын харьяаллаар иргэдийг ажлаас нь хомроглон халж буй нь жирийн иргэдийн эсэргүүцэл, зэвүүцлийг хүргэж байгаа аж. Энэ үйл явдлын өмнөхөн Завхан аймгийн Тэс сумын Засаг даргаар ажиллаж байсан иргэн Н амиа егүүтгэсэнийг ч түүнтэй холбоотой гэж үзэх хэсэг байгаа юм. Цаашдаа ийм үйл явдал гарсаар байх уу. Эдгээр хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ.
URL: