“Хүнс” нэртэй хор хүсээгүй ирээдүйг бий болгож байна
Хор болсон хоолноос монголчууд бид татгалзах цаг нь болжээ. Учир нь хүн идэхийн тулд амьдрах бус амьдрахын тулд иддэг. Гэтэл бидний хүнсний хэрэглээнд өдөр тутам хэрэглэгдэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнүүд бидний амь насанд заналхийлж аюулын харанга дэлдэх боллоо.
Даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдал нь дэлхийн улс орнуудын амин чухал бодлого, стратегийн зорилго, үндэсний аюулгүй байдлын нэг илэрхийлэл болжээ. Орчин үед дэлхийн олон орон хөрөнгө хүчээ зэвсэглэлд зарцуулахаас илүү эдийн засгаа хүчирхэгжүүлэх, ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдрах орчинг бүрдүүлэх, түүх соёлоо сахин хадгалах, хүнсний аюулгүй байдал, эрүүл оршихуйг бий болгох зэрэг нь улс үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон.
Учир нь бид идэж хэрэглэж буй хүнс хоол маань чанартай юу, бие организм, сэтгэл санааны эрүүл оршихуйг хангаж чадах уу анхаарлаа тэр бүр тавихгүй байсаар өдий хүрсэн. Энд тэнд хэсэг бүлгээрээ хоолны хордлогоор өвдөхөд л хаа сайгүй сүйд болохоос биш эрүүл байж, аз жаргалтай амьдран урт удаан наслахын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүн бүрт байдаггүй. Төр засаг ч анхаарах нь тааруу. Хил гаалиар хэн дуртай нь, ямар ч хамаагүй хүнс оруулж ирдэг.
Тиймээс иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хоол хүнсээ сонгохдоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал нь иргэдийн худалдан авалт, зохистой хэрэглээтэй шууд холбоотой гэсэн үг юм. Та л өөрийгөө хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавихгүй бол хэн ч таныг бодохгүй.
Мөн сүүлийн жилүүдэд манай улсад ил задгай худалдаа цэцэглэж байгаа. Уг нь төр, засгаас ил задгай худалдаа хийхийг хориглосон ч, харамсалтай нь энэ нь биеллээ олдоггүй. Үүнээс үүдэн хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг, халдварт бус өвчлөл болон хавдраар өвчлөгсдийн иргэдийн тоо эрс нэмэгдсэн.
Энэ нь хүнсний бүтээгдэхүүний буруу хадгалалт, химийн бодис хэмжээнээсээ хэтэрсэн зэргээс хамааралтай гэнэ. Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэхүү байдал нь төрийн зохицуулалт байхгүйтэй шууд холбоотой гэлцдэг. Тухайлбал, импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтаар нь хадгалах агуулах сав хомс. Мөн тээвэрлэлтийн горим зэрэг нь ноцтойгоор зөрчигддөг байна. Энэ мэтчилэн иргэдийн гар дээр хадгалалтын хугацаа дууссан, буруу горимд хадгалсан зэрэг чанаргүй бүтээгдэхүүн очдог аж. Уг нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хүнсний чанар эрүүл ахуйн аюулгүйн байдлыг хангах зохистой хэрэглээний соёлыг нэвтрүүлэх нь улс орнуудын нэн тэргүүний шийдвэрлэх асуудлын нэг юм.
Тиймээс бид МХЕГ-ын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Л.Уртнасангаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Хүнсний чанар аюулгүй байдал аль шатанд хамгийн их алдагддаг вэ?
-Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна гэхлээр нэгдүгээрт хэрэглэгч нар хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож, зөв хадгалж чадахгүй байна. Гэрийн нөхцөлд хадгалсан ч зөв температурт хадгалдаггүй. Хэрэглэгчийн хувьд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг тааруу байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах, түгээх шатандаа хүнсний аюулгүй байдал алдагддаг. Үүнд худалдааны газрууд тухайн хүнсний бүтээгдэхүүний шошгонд байгаа нөхцөлийн дагуу хадгалдаггүй. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах улсын хэмжээнд ч ховор байдаг. Зориулалтын тээврийн хэрэгсэл бараг байдаггүй, ер нь бол хадгалах, тээвэрлэх гэдгийг улсын хэмжээнд нэгдсэн бодлого зохион байгуулалт зохицуулалттайгаар шийдэхгүй бол хүнсний аюулгүй байдал алдагдах, эрсдэл үүсэх магадлал тун их байгаа. Мөн иргэд хоол хүнсээ буруу хадгалдаг. Тухайлбал, нэг газар ороод хоол идчихээд үлдсэн хоолоо савлаж гараад өдөржингөө цүнхэлж явж байгаад орой идчихдэг. Энэ нь маш буруу.
-Хүнсний аюулгүй байдал алдагдсан өнөө үед чанаргүй, муудсан бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэхэд иргэдэд нэлээд түвэгтэй болсон санагддаг. Үүнийг хялбараар мэдэх боломж бий юу?
-Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх, түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх, Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсөн, дарахад хонхолзож, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй, Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторх хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал авахгүй байх хэрэгтэй гэх мэт маш олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Мөн хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг мэдэж байхад хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэлээс эрүүл мэндээ 100 хувь биш юм аа гэхэд хангалттай хэмжээнд хамгаалж чадна.
Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсөн, дарахад хонхолзож, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй, Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторх хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвалавахгүй байх хэрэгтэй гэх мэт маш олон зүйлийг анхаарах хэрэгтэй.
-Тэгэхээр ямар нэг бүтээгдэхүүнд доголдол үүссэн. Хүнсний аюулгүй байдал алдагдсан байна гэж үзвэл иргэн хаана хандах ёстой юм бэ?
-Иргэд манай шуурхай албаны 70128012 гэсэн утсаар холбогдож мэдээллээ өгч болно. Тэгсэн тохиолдолд манайх дүүрэг харгалзахгүйгээр мэдээллийг хүлээж авч тухайн дүүргийн байцаагчид нь мэдэгддэг. Ингэснээр ямар асуудал гарсан тэр чиглэлийн байцаагч нь цаг алдалгүй очиж эрсдэлд суурилсан хяналт шалгалтаа хийгээд, зөрчлийг арилгуулж болохоор түвшинд байвал арилгуулдаг. Үнэхээр ноцтой хүний амь нас эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар нөлөөлөх түвшинд байвал үйл ажиллагааг нь зогсоодог. Мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн нөхцөл байдалд тохирсон торгууль шийтгэвэрийн арга хэмжээг шуурхай авч гомдол гаргагчид мэдэгддэг байгаа.
Харин дараа нь бид хүнсний аюулгүй байдлын асуудал хүн бүрт хамаатай учир иргэдийн байр суурийг сонирхлоо.
ЧД-ийн иргэн Х.Анхтуяа:
- Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд иргэд итгэхээ больсон. Гэсэн ч ямар хоосон хонолтой биш аргагүй эрхэнд хүнс хэрэглэх нь ойлгомжтой. Миний бодлоор бөөний захуудын үйл ажиллагаа болон орчныг сайтар шалгаж, хяналтандаа авах хэрэгтэй болов уу. Мөн ил задгай борлуулдаг хүнсний ногоо, жимс жимсгэний мухлагуудыг цэгцэнд нь оруулмаар байна. Зун болж байгаа болохоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Гэхдээ иргэд хүнсний бүтээгдэхүүний чанарын талаар тодорхой ойлголттой болж аль болох байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэх болсон. Иргэд мөн өөрсдөө ухамсарлаж эрүүл мэндээ хамгаалах ёстой.
БЗД-ийн иргэн Ж.Туяа:
-Хүнсний аюулгүй байдалд сэтгэл дундуур байдаг. Ялангуяа лаазалсан бүтээгдэхүүнийг маш сайн шалгаж, авах хэрэгтэй. Манайхан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хугацааг өөрсдөө бичээд тэмдэглэчихдэг. Үүнд итгэхэд хэцүү. Уг нь иргэд сүүлийн жилүүдэд эрүүл хүнсэнд ач холбогдол өгч эрүүл мэндээ хамгаалж байна. Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс үүдэн дотор эрхтний хорт хавдрын өвчлөл газар авлаа. Тиймээс мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай. Цэцэрлэг сургуулийн хоолноос хүүхдүүд их хорддог. Мэргэжлийн хяналтынхан онцгой анхаарах хэрэгтэй байна.
Т.Гэрэл
zaluu.com
URL: