“Амлах, хошгирох араншин” агаар , дуслын замаар халддагийг Н.Учрал гишүүн таг мартжээ

ZxmDjrXfДөрвөн жил тутамд байгуулагддаг төрийн хууль батлах дээд байгууллагад хэний ч таньж мэдэхгүй “улс төрч” гэгдсэн унага даага шиг бөөнөөрөө орж ирэгсэд байдаг. Энэ удаад ч гэсэн А.Ундраа, Д.Гантулга, Л.Энхболд, Н.Учрал гээд танихгүй баахан дэл сул хүмүүс дэвхрээд орж ирлээ. “Хоолойг нь сонсоод хошгиров оо” гэх шиг хэдэн рэп дуу дуулаад Тимон гээд гарч ирж байсан Н.Учралыг монголын рок non, рэп данс ертөнцөд нэг бүл нэмэх нь хэмээн санасан хүн ч бий байх.

Гэтэл урлагаа хаяад улс төрийн тогоонд дэгдээд ордог байгаа. Түүний эцэг “улаан” Ням-Осор гэдэг өндөр улаан шар буриад эрийг ерээд онд улс төр бизнесийн ертөнцөд байсныг санах хүмүүс байгаа байх. Улаан гээч тэр эрийн санаачилгаар одоогийн нутгийн зөвлөл гэдэг зүйл бий болж бас Эв нэгдлийн нам байгуулаад УИХ-ын сонгуульд дөрөв таван удаа нэр дэвшээд О.Заяа авгай шиг ялахын бахыг эдэлж амжаагүй нэгэн. Да.Ганболдын МҮДН-д зүтгэж явсан Н.Ням-Осор социализмын үед комсомолч явж хурган даргын суудалд сандайлсан нэгэн. Гэхдээ мань эр хэчнээн зүтгээд ч УИХ-д сууж чадаагүй. Сүүлдээ хамаг мөнгөө сонгуульд барж дуусах нь гэж бодсон уу нэгэнт боловсролын бизнес хийгээд дажгүй өөдөө гарч гавьяат багш, доктор профессор болсондоо сэтгэл ханасан уу улс төрөөс зайлсан. Намаа С.Оюуны ИЗН-д нийлүүлж өгөөд явсан гэх боловч тамгаа өгснөөс биш зуун хүн ч нөгөөх намаас нь С.Оюуны намд элсэж гийгүүлээгүй болов уу даа.

Өөрөө улс төрд зайгаа эзгүйрүүлээд зайлмагцаа голомт сахих ганц хөвүүн Н.Учралаа орондоо тавьжээ. Нам нам дагаж салбаганаад сайд байтугай дунд сургуулийн захирлын сэнтийд суугаагүй улаан Ням-Осор хөвүүн Учралыг МАХН-д шургуулсан нь MAH, МАХН болж хоёр салахад хөвүүн нь МАН-ыг дагажээ. Нарийндаа Ардын намыг дагасан мэт боловч хэрэг дээрээ Ухнын Хүрэлсүхийг бараадсан байлаа. Өндөр шар хөвүүний мэдрэмжтэй, мэдэмхий, өөртөө итгэлтэй, давилуун зан бас л цагтаа тиймэрхүү явсан Хүрэлсүхэд сүрхий нийцсэн байгаа юм. Улс төрд Ням-Осорын Учралын хөл тавих эхлэл ингэж тавигджээ. Тэгэхдээ тэрээр сурах боловсрохыг зорихын зэрэгцээ зэрэг нэмж оноо цуглуулахыг ч бас урьтал болгосон нь докторын зэрэг, Роял академи байлаа. Учралыг хар багын л адтай, овтой бацаан байсныг мэдэх хүн цөөнгүй. Том том дуугарсан эрдүү давлиун банди байсныг мэдэх хүн ч бас байдаг. Ээжийнх нь ах, нагац Ж.Хайдав арсланд түүнийг бөх болгох сонирхол байсан ч улаан Ням-Осор ондоо замыг сонгосон нь Учрал хөвүүнээ өөрийнхөө зүтгээд дөнгөөгүй оргилд авируулах хүсэл байв. Одоогоор хүү нь эцгийнхээ нэг хүслийг гүйцээж амжсан нь УИХ-ын гишүүний сэнтий юм. 2012 оны УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүх дарга нь түүнийг нэр дэвшүүлэх гээд Ц.Нямдорж зэрэг архаг хөгшдийн хаалтанд ороод намын жагсаалтад ч нэрээ зоолгож амжилгүй хоцорсон удаатай. Гэхдээ Учрал хүү Хүрэлсүх жанжнаа орхиогүй дагаад л явсны буянаар өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдов. Түүнийг улаан Нямаа төрж өссөн Хэнтий нутагтаа өрсөлдүүлэх санаатай байсан ч нам нь Учралыг Сонгинохайрхан дүүрэгт “хаясан”.

Сонгинохайрханыг сонгосон нь ч учиртай. Хэнтийд АН-аас Б.Гарамгайбаатар гишүүн, аймгийн дарга Ж.Оюунбаатар, ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар гэсэн “3 баатар” байсан нь улаан Ням-Осорыг төдийгүй Учралыг айлгасан. Аймхай хөвүүнийг МАН-ын Удирдах зөвлөл Сонгинохайрханд нохойд яс шидэж буй мэт хаясан нь З.Баянсэлэнгэ сайд, Л.Эрдэнэчимэг гишүүний өмнө бууз болгож шидсэн биш Учралын аз шовойж УИХ-д гарсан паянтай билээ.

Шулуухан хэлэхэд Учралыг ялна гэж МАН бүү хэл Хүрэлсүх жанжин нь ч төсөөлөөгүй. Тэд бодохдоо “Монос”-ын увайгүй Эрдэнэчимэг, азны Баянсэлэнгэ хоёрын нэг нь ялна гэж тооцоолсон. Харин Учрал мэгдээгүй гэдэг юм. Мэгдээд байвал дээшээ гарахгүй гэдгээ ч мэдсэн байх. Тэгээд л “Толгойн сүр малгайндаа гэдэг ч хойморт суугаа ноёдоос би малгайн отгоор дутуу ч гэсэн толгойны мэдлэг илүү” хэмээн сурталчилгааны зарлалдаа бардамхан бичиж байв. Бас болоогүй, баян аавынхаа хөрөнгөнд дулдуйдаж тойрогтоо нэгэн зүйл амласан. Тэр нь импортын бүтээгдэхүүн орлох арван төсөл шалгаруулах уралдаан байжээ. Төмс ногоо тарих, гар урлал хийх, үнээний ферм ажиллуулах, гахай бордож хиам үйлдвэрлэх гээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд амжилт олсон арван гэр бүлийг хувиасаа санхүүжүүлэн дэмжинэ гэсэн амттай шоколад шиг амлалтын зар тарааснаар Учралд оноо авах бололцоо гарч ирсэн гэцгээх юм билээ. Ерөөсөө Ардын намынханд амлалт өгөх шиг чаддаг сайхан арга байдаггүй гэхэд болно. Үүнийг Учрал аль эрт оюутан байхдаа мэдэрч “Хоолойг нь сонсоод хошгиров оо” гэсэн шиг дуулж явжээ.

Тэгсэн Учрал ухаан сууж, эрдэм нэмсэн гэж ярьчихаад амлалт өгдөг улс төрчдийн зан нь агаар, дуслын замаар халдварладаг өвчин лүгээ адилаар халддагийг өөрийнхөө биеэр нотолж аанай том амлалт өгөн байж УИХ-д заларсан. Одоо түүнийгээ таг мартсан бололтой. Тойргийнхон нь өнөөх хувиараа санхүүжүүлнэ гэж амласан 10 төслийн хариуг одоог хүртэл харуулдан горьдсоор суугаа билээ. Их хурлын гишүүн болж эцгийнхээ чадаагүйд хүрсэн хэдий ч Учрал түшээ аливаа халдварт өвчин агаар, дуслын замаар халддагийг таг мартаад өөрөө “амлаад амалснаа умартдаг” ах нарынхаа өвчний замаар алхаснаа бас мартаж орхисон уу яасан, харахаас яана…

Т.Тогоон

БАЙЛДАН ДАГУУЛАГЧ сонин 2017 он №03


URL:

Сэтгэгдэл бичих