Гаднын банк айдас биш, арилжааны банк “хаан” биш

322129158e1cb34c160121Монголчууд бид хөмөрсөн тогоон дотор 26 жил амьдарч байна. Хөмөрсөн тогоог сөхөх л юм бол хөмөрсөн тогооноос гарагсад бус тогоог хөмөрч тавьсан хүмүүст л аюул учирах эрсдэл өндөр. Тиймээс тогоог хөмөрөгсөд тогоог сөхөхгүй байхыг хамгаас их хичээдэг. Хөмөрсөн тогоон дотор буй хүмүүст айдасыг мэдрүүлж, гаднах орчиныг хамгийн аймшигтайгаар ухуулж, тогоог сөхөх л юм бол сүйрэл болно хэмээн итгүүлнэ.

Гаднын банк орж ирэх юм бол улс орон сүйрч, эдийн засаг сөхөрч, тусгаар тогтнол алдагдана хэмээн хамгийн аймшигтай тоо баримтыг эдийн засагчид, арилжааны банкыг төлөөлсөн хүмүүс ухуулж, өдөр шөнөгүй иргэдийг айлгана. Төр засгаа дарамтална. Гэтэл гаднын банк оруулж ирэхгүй удах тусам тэд хүүгээ нэмж, зээлтэй иргэдээ өдөр шөнөгүй дарамталж, хүүгээс хүү тооцон, зээлээ төлж чадаагүй хугацаа хэтэрсэн иргэдээ хар дансанд бүртгэж тохуурхана.

Үнэндээ монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкинууд мөнгө хүүлэлийн хамгийн харгис аргуудыг зээлдэгч нартаа тулгаж, зээлдэгчээ бодох бус зөвхөн ашгийн төлөө улайрна. Гаднын банкууд орж ирээд эзэгнэлийг нь, байр суурийг нь, булхай бүхнийг нь илчлэх вий гэхээс үхтэлээ айна. Тиймээс тэд гаднын банк бол сүйрэл гэсэн аймшигт дүр дүрслэл бүхий тогоог иргэдийн сэтгэхүй дээр хөмөрчихөөд тогоо нь сөхөгдөх вий гэх айдастай байдаг.

Гаднын банк аймшиг биш боломж, дэвшил гэдэг талаас нь хэн нэгэн харчихвий гэхээс ч тэд айдаг. Дэлхий нийт хөгжиж байна. Бид ч хөгжиж байна. Харин банк санхүүгийн тал дээр чөдөртэй морь нэг л байр,, буурин дээрээ эргэлдсээр 26 жил болсон байна.

Эзэгнэлээ тогтоож, монополь болсон арилжааны банкуудын үйл ажиллагаанд салхи оруулж, хөшинги болж, тогтоол ус мэт нэг л хэмийн хатуу аргаар зээлдэгч нараа дарамталсан тэдний хөмөрсөн тогоог сөхөж, гаднын банкинуудад үүдээ нээцгээе. Тэд ашиг олж болох ч уян хатан бодлого барих нь гарцаагүй. Юм бүхнийг хүчээр бус бодлогоор, зээлдэгч нарын эрх ашгийг бодолцож, өөрсдийн ашгийг ч алдахгүй байх олон аргачлалыг нэвтрүүлэх биз.

Арилжааны хэдэн банкны өмнө сөхөрсөн улс орон байхаа больцгооё. Дэлхийд гарьяа, хөгжие. Банк санхүүгийн системийг бүхлээр нь өөрчилж, салхи орууъя. Банкныханы эрх ашгийг хойш нь тавьж, улс орны ирээдүйг бодсон шийдвэр гаргаж, гаднын банкнуудад үүдээ нээж чадвал бид сая “хөгжил” хэмээх үгийг энгэртээ нааж, хөмөрсөн тогооноос ард нийтээрээ гарч чадна. Үүнийг гагц мөнгө, авилга, хэн нэгний эрх ашгийг өмгөөлөхөөс ангид улстөрчид л шийдэж чадна. Банк, улс төр хоёр нэг хөнжилд байгаа тохиолдолд бол энэ нь мөрөөдөл хэвээрээ үлдэнэ.

Уг нь улс орны эрх ашиг хэдэн арилжааны банкны мөнгө хүүлэлээс илүү гэдгийг хаана хаанаа мэдэж байгаа. Харин арилжааныы банкны эрх ашгаас, хөмөрсөн тогооноос улс төр өөрөө гарч чадахгүй байгаа нь харамсалтай.

bataar.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих