Хүүхдүүдийн инээд дүүрэн өргөөнд улстөр хэрэггүй
Монголын хүүхдийн ордон гэж байх. Уг нь улстөрөөс ангид хүүхдийн сайн сайхан, гэрэл гэгээт ирээдүй өөд хөтлөх ариун босготой өргөө байх учиртай газар. Гэтэл цадаж ханадаггүй, цадигаа алдсан алдсан улстөр энд бас үүрээ зассан байх юм.
Намаас нам дамжсан улстөрийн бужигнааны дараа тус байгууллагын удирдлага өөрчлөгдөв. Намын ээлжит бялуунаас хувь хүртэгсэдийн нэг Б.Цэнгэлмаа гэгч тус байгууллагын даргаар томилогдов. Удирдлага солигдвол ажил сайжирдаг үе байв. Харин өдгөө улстөрийн томилгоогоор ирсэн дарга нар ажил сайжруулах бус албан тушаалаа ашиглан ажилчидыг халах, солих үйлдэл хийдэг болж.
Ямар нэгэн албан байгууллага, яам, тамгын газар бол мэргэжилтэй хүн нь томилогдоод цааш явах байх. Харин хүүхдийн байгууллага гэдэг хэн нэгний эрх ашиг бус хүүхдүүдийн эрх ашиг хөндөгддөгөөрөө бусад байгууллагаас ангид. Хүүхэд гэдэг ёстой л цав цагаахан цаас. Ямар ч толбо тусаагүй толь мэт гэгээн тунгалаг. Тэнд хүүхэдтэй ажиллаж чаддаг, хүүхдүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн л хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Хүн бүхэн хүүхдүүдэд хүлээн зөвшөөрөгдөөд байдаггүй. Хүүхдүүдийн шүүлтүүр гэнэн, гэгээхэн боловч хамгийн зөв сонголт, хамгийн мэргэн шүүлтүүр байж чаддаг.
Тэрхүү шүүлтүүрээр орж, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс бол Бүжгийн дугуйлангийн багш Б.Хулан, концермейстер Ц.Оюунчимэг нар. Шинэхэн ирсэн дарга байгуулага, хүүхдүүдийн эрх ашгийг гэхээсээ илүүтэй халаа сэлгээг эрхэм болгож дээрх хоёр багшийг ажилаас нь чөлөөлөв. Хүүхдүүдийн хувьд дасч, хамтран ажиллаж ирсэн багш нараасаа салах нь дэгсдүүлж ярьдаг хүнд өнчирсөнөөс өөрцгүй юм болов. Харин улстөрч даргад хүүхдүүдийн ирээдүй, сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл чухал байсангүй.
Тус төвийн сургалт, үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдүүдийн эцэг эхчүүд Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаад өргөдөл, хүсэлт гаргаад ч дийлсэнгүй. Хүүхэдгүй хүн шиг л аашилж байна даа гэж аргаа барсан эцэг эхчүүдбайсан гэх. Тэр хүнд хүүхдийн эрх ашиг бус шахааны, танил тал, бялуунаас хувь хүртэгсэд нь чухал байсан бололтой. Монголчууд улстөржиж болно. Хамаагүй. Гэхдээ хүүхдийн байгууллагаруу ортолоо улстөржиж, намчирхаж, халаа сэлээг зүүн, баруунгүй хиймээргүй байна.
Удирдаж, хичээл зааж байсан багш нь өөрчлөгдсөн тохиолдолд хүүхдийн сурах идэвхи буурах, хичээл, дугуйландаа сонирхолгүй болох, ирээдүйд итгэх итгэл нь алдрах, өөртөө итгэлгүй болох шинж тэмдэгүүд илэрдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Тиймээс ч дэлхийн ямар ч улс орнууд, агуу удирдагч нар, улстөрчид хүүхдийн асуудлаар улстөр хийхийг цээрлэдэг, хориглодог. Харин манайд л эрээгээ алдсан эр, эм улстөрчид хүүхдийн байгуулагыг хүртэл улстөржүүлээд сууж байх юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга н.Алтансүх, НХХ-ийн сайд Н.Номтойбаяр нар хүүхдийн ертөнцөд толбо үлдээхгүй байя гэвэл анхаарал хандуулах цаг болжээ. Хүүхдийн ордон төрийн ордон биш. Албан тушаалын хувиарлалтын ч газар биш. Тэнд хүүхдүүд инээлдэж, итгэлцэж, ирээдүй өөд тэмүүлж байдаг өргөө. Улстөр тэнд хэрэггүй. Дассан багш нар нь, хамтран хичээллэдэг үеийн нөхөд нь, маргаашийн тухай хамгийн гэгээн мөрөөдлүүд амилж байдаг газар гэдгийг хаана, хаанаа анхаараасай хэмээн эцэг эхчүүд нь хүртэл үгдамжуулсныг төрийн түшээдэд хүргэх байна.
С.Эрдэнэ
bataar.mn
URL: