Тавантолгой Чалькогийн “хавх”-наас гарлаа
Ерөнхий сайд хэлсэндээ хүрэв. Тэрбээр төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ “Эрдэнэс-Таван толгой” компанийн 350 сая ам.долларын үлдэгдлийг энэ сард багтаан төлж дуусгах тухайгаа онцолж байсан юм. Тэгвэл “Эрдэнэ-Таван толгой”-н “Чалько”-д төлөх өрийг өчигдөр бүрэн төлж дууссаныг тус компанийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцууллаа. Ингэснээр Монгол Улс, тэр дундаа Тавантолгой “Чалько”-гийн “хавх”-наас гарч байна. Нэг үгээр хэлбэл, Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд Тавантолгойгоос ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж “Чалько”-д тавьсан 350 сая ам.долларын зээлийг зургаан жилийн дараа бүрэн төлж барагдуулж байгаа нь энэ.
“Чалько”-гийн өрийг барагдуулснаар Тавантолгойн Цанхийи зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж Засгийн газрын “Чалько”-гийн өрийг барагдуулахад оновчтой чиглэл баримталж, нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлэх шийдвэрийг гаргаад байсан юм. Мөн “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууц зөв менежментийн үр дүн баримталсан нь “Чалько”-гийн өрийг бүрэн гүйцэд барагдуулахад голлох нөлөө үзүүлсэн гэдгийг холбогдох албаныхан тодотгож буй.
Дээрээс нь Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэл шалгарсныг дуулгасан юм. Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор хоёр дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг харуулсан явдал болох аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тодотгосноор одоо компаниа ашигтай ажиллуулахаас гадна иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагуудад үүрэг болгоно лээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Баримт сөхвөл, Тавантолгойн нүүрсийг 2016 оны есдүгээр сард тонн тутмыг нь 27 ам.доллараар борлуулж байсан бол аравдугаар сард 33 ам.доллар болж өссөн байдаг. Улмаар олборлогч компанитай хэлэлцээ хийсний дүнд арванхоёрдугаар сард 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллар болж 120 хувиар өсчээ. Харин Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар 72.5 ам.долларт хүргэж, өмнөх үнээс 169 хувиар өсгөсөн байна. “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жил 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар гурван сая гаруй тонныг олборлосон байна. Хэрвээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ одоогийн ханшаараа өндөр байвал тус компанийн зүгээс 550 сая ам.доллар буюу 2.8 их төгрөгийн орлого олох боломжтой аж. Компанийн удирдлагуудын хэлснээр энэ онд багтааж Засгийн газраас гаргасан “Хуралдай” бондтой тэнцэх хэмжээний мөнгийг олохоор зорьж байгаа гэнэ.
Ийнхүү гурван ч Засгийн газар дамжин, зургаан жилийн турш сунжирсан “Чалько”-гийн өрийг бүрэн барагдуулснаар Тавантолгойн нүүрс нэг компаниас хараат бусаар дэлхий зах зээлд өрсөлдөх боломж бүрдэж байна. Цаашлаад зургаан жилийн турш хувь хишиг хүртэх нь тодорхойгүй явж ирсэн 1072 ширхэг хувьцаа “амь орох” нь. Үр дүнд нь нүүрсний салбараас эдийн засагт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, тэр хэмжээгээрээ иргэд баялгаасаа хувь хүртэх учиртай. “Чалько”-гийн өрийг төлж барагдуулахад Засгийн газар, тэр дундаа толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани зөв менежментээр удирдсаныг энд тодотгох хэрэгтэй. Тус компанийг байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд анх удаагаа ашигтай ажиллаад байгаа юм.
“Эрдэнэс-Таван толгой ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр зарим асуултад хариулт авлаа.
-“Эрдэнэс-Таван толгой” компани энэ онд бусад өр төлбөрөө барагдуулж дуусна гэсэн. Ямар өр төлбөр байгаа талаар танилцуулж болох уу. “Чалько”-гийн өрөөс гадна бусад өр зээл байгаа шүү дээ?
-Хүний хөгжил санд төвлөрсөн 239 сая ам.долларын өрийг манай компани төлөх ёстой. Энэ бол иргэдэд “Эх орны хишиг” нэрээр тараасан 21 мянган төгрөгийн өр. Энэ ондоо багтаагаад өр төлбөрөө барагдуулна. Түүний дараа гадаадын зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ.
-Зургаан жил үргэлжилсэн “Чалько” компанийн өрийг бүрэн төлөөд дуусгачихлаа. Тэгэхээр Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах боломжтой юу?
-Зүүн Цанхийн нүүрсийг бид зах зээлийн үнээр борлуулах боломж үүссэн. Гэхдээ “Чалько” компанитай хийсэн гэрээний дагуу таван жил тус компанид Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг нийлүүлнэ. Энэ бол бүр өмнө нь хийсэн гэрээ. Гэрээнд өөрчлөлгг оруулж зохицуулалт хийх эрх бидэнд бий. Энэ дагуу саналаа тавиад хэлэлцээ хийж байна Хэлэлцээ маань жаахан асуудалтай байгаа. Ер нь Зүүн Цанхийн нүүрсийг Баруун Цанхийн нүүрстэй ижил үнээр борлуулна гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, төрийн өмчит хоёр компани урт хугацаатай гэрээ хийчихсэн учраас түүнийгээ мөрдөхгүй байж болохгүй байна. Зүүн Цанхийн нүүрсний 20 хувийг нь л өөрсдөө борлуулна.
-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Хэзээ бодит ажил болж иргэд ногдол ашгаа хүртэж эхлэх бол?
-Ерөнхий сайдтай уулзахад энэ ондоо өр төлбөрөө барагдуулж дуусахаас гадна хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохын төлөө ажиллана гэсэн. Тиймээс энэ жил ногдол ашиг өгөх магадлалтай.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: