Монгол Улс агаарын замаа шинэчиллээ
Монгол Улсын олон улсын өнгөрөлтийн агаарын замуудад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хоёр дахь шатанд тогтоогдсон агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун зургаа, Улаанбаатар хотод хөөрөлт буултад ашиглагдах нэг агаарын замыг өнөө өглөөний 08:00 цагаас ашиглаж эхэллээ.
PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог. Агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг ашиглан нислэг үйлдсэнээр нислэгийн зай богиносож, эдийн засгийн хувьд түлш болон хугацаа хэмнэх ашигтайгаас гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт багасаж байгаль орчинд ээлтэй байх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Мөн Улаанбаатар хотод хөөрөлт буулт үйлдэх чиг шулуун агаарын зам тогтоосноор Зүүн өмнөд Азийн хотууд болон БНХАУ-ын Хөх хот руу нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлт хялбаршиж, нислэгийн зам богиносох давуу тал бий болох юм.
Манай улсын хувьд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт үзүүлэлтэд тулгуурласан навигаци /PBN/-ийг 2020 он хүртэл бүрэн хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тухай тусгасан байдаг.
ИНЕГ-т байгуулагдсан Олон улсын агаарын замуудын үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хэсгээс агаарын замуудыг тогтоон нислэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг боловсруулан, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
Эх сурвалж. ЗТХЯ
URL: