Халил Рафати героины тунг дахин хэтрүүлэн хэрэглэж эмч нар амийг нь аврах гэж чармайж байсан нь саяхан мэт. Эмч нарын баг цахилгаанаар цохиулах арга хэрэглэснээр тэрээр эргэж ухаан орсон гэдэг. Энэ бол 2003 он. Халил 33 настай, Лос-Анжелес хотын гудамжинд унтаж бор хоногийг өнгөрөөдөг байв. Тэрээр кокаин, крак зэрэг хар тамхи хэрэглэж, дөнгөж 49 кг жинтэй, арьс нь нил шарх идээ болсон байлаа. “Би хар тамхи хэрэглэсэн, наймаалсан хэргээр хэдэн удаа баривчлагдсанаа санахгүй байна. Амьдрал тэр чигээрээ сүйрэл байсан. Бие минь үргэлж өвдөж унтаж чаддаггүй байлаа” хэмээн Халил өгүүлж байна. Америк эр Халил Рафати хар тамхинаас гарах гэж олон удаа оролдож бүтэлгүйтэж байсан ч ес дэх удаагаа хэтрүүлэн хэрэглэж амиа алдах шахсаны дараа амьдралдаа өөрчлөлт хийх ёстой хэмээн эргэлт буцалтгүй шийдсэн аж. Ийнхүү сэргээн засах төвд дөрвөн сарыг өнгөрөөж хар тамхины донгоос ангижирчээ. Эрүүл саруул амьдралтай залгасан Халил амьдралаа шинээр эхлүүлж, Калифорнид эрүүл хүнсний Sunlife Organics компанийг үүсгэн байгуулж саятан болсон юм.
Кафе болон органик жимсний шүүсээр үйлчилдэг, мөн интернэт худалдаа хийдэг зургаан салбараараа дамжуулж жилд зургаан сая долларын борлуулалт хийдэг болов. Түүний компани эдүгээ АНУ-ын 16 мужид, мөн Японд салбараа нээхээр зэхэж байна. Хэдэн жилийн өмнө гудамжинд цаасан хайрцагт хоног төөрүүлж байсан 46 настай Халил Рафати өнөөдөр хувийн нисэх онгоцоороо аялах болжээ. Хар тамхичнаас саятан болсон эрийн түүхээр кино хийх санал хүртэл Холливудаас ирээд байна. АНУ-ын төвийн Охайо мужийн уугуул Халил нь Польшийн еврей ээж, лал шашинтай эцгийн хүүхэд. Бага нас нь аз жаргалтай байсангүй. Сургуулиа дүүргэлгүй орхиж, танхай, хулгайн хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байв. 1992 онд 21 настай байхдаа кино жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр Лос-Анжелес руу шилжжээ. Жүжигчний замналаа эхлүүлж ч чадсангүй. Гэвч орон нутгийн нэгэн хамтлагт хөгжим тоглож, Элизабет Тейлор, Жефф Брижс, Guns N’ Roses-ийн гитарчин Слаш зэрэг Холливудын оддын автомашиныг угааж муугүй орлоготой байсан юм. Хар тамхинд бага багаар донтсоор хүндэрч амьдрал нь хяналтаас гарчээ. Өөр тэнэмэлүүдийн хамт гудамжаар гэр хийж, мансууруулах бодисоо олохын тулд хар тамхи наймаалдаг болов. Ингэж замарч явсаар ес дэх удаагаа эрлэгийн элчийн үүдэнд очоод гэнэт ухаарснаар Халил амьдралаа сайн зүг рүү эргүүлж чадсан юм. Хар тамхийг орхисныхоо дараа хэд хэдэн ажил хийж үзлээ. Малибу дахь нөхөн сэргээх төвд ажиллахын хажуугаар автомашин угааж, нохой салхилуулж, цэцэрлэг, зүлэг ч тордож янзалж явжээ.
“Би мөнгөө хэмнэж цааш нь хийж чадсан. Долоо хоногт долоон өдөр, өдөрт 16 цаг ажиллаж байлаа” хэмээн Халил өгүүлж байна. Удалгүй Халил Охайогийн хуучин найзтайгаа уулзсаны дараа өөрийн гэсэн жимс, ногооны шүүс үйлдвэрлэх сонирхолтой болжээ. “Найз маань хиппи шиг л нөхөр байсан. Тэр надад аминдэм, органик хүнс, супер тэжээллэг хоол ундны талаар ярьж, зааж эхэлсэн. Тэр үед ч би шинэ бизнес хийх хүсэлд автагдаж байлаа” хэмээн ярив. 2007 онд Халил нэг байшин хөлсөлж сар бүрийн 10 мянган ам.долларын төлбөрийг нь дийлдэггүй хүмүүст зориулан Riviera Recovery хэмээх хар тамхины донгоос ангижруулах өөрийн төвийг нээлээ.
Халил төвийнхөө үйлчлүүлэгчдэд өөрийн гараар бэлтгэсэн Wolverine хэмээх ховор нандин жимсний шүүс бэлтгэж өгдөг байв. Гадил, мака ногооны нунтаг, зөгийн бал, үүрний сархинцагийг хольж бэлтгэсэн шүүс эндээс хүчээ авч алдаршсаар гаднаас хүмүүс ирж худалдан авдаг болжээ. Эрэлт хэрэгцээ нэмэгдсээр Халил 2011 онд хамгийн сайн найз, тэр үед найз бүсгүй нь байсан эмэгтэйн хамтаар Sunlife Organics компаниа байгуулсан юм.
Жоорлосон мөнгөөрөө шинэ бизнесээ санхүүжүүлж, анхны салбараа Малибуд нээжээ. Эхний жилдээ л нэг сая ам.долларын борлуулалт хийж амжилт шууд л хүрээд ирж. Өнөөдөр түүний компани зургаан салбартай, 200 гаруй ажилтантай. Жимс, ногооны шүүснээс гадна тансаг зэрэглэлийн хүнс, чанартай малгай, цамц зэргийг интернэтээр худалдаалж орлогоо нэмэгдүүлж байна. “Өмнө нь ямар байсан, хэн байсан нь хамаагүй. Шийдэмгий сэтгэл, зүтгэл, тэмүүлэл байвал амжилт ирэх нь гарцаагүй” хэмээн Нью-Йорк дахь Deutsche Bank-ний шинжээч Роб Назара Халил Рафатийн талаар ярилаа. Sunlife Organics компаниас гадна Халил Riviera Recovery төвөө ажиллуулж, Малибуд йог нээжээ. Мөн намтраа бичихээр сэтгэл шулуудаж “Би үхлийг мартсан” хэмээн номоо 2015 онд хэвлүүлсэн байна. “Би өөрийгөө их ухаантай гэж хэлэхгүй. Гэвч надад амьдрах хүсэл бий. Өөрийгөө ямар нэг зүйлд зориулах үед бие, сэтгэл минь эрч хүчээр дүүрээд ирдэг” хэмээн Халил өгүүлсэн юм.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин