Хонконгийн сонгуульд Карри Лам яллаа
Хонконгийн сонгуульд ямар ч гэнэтийн сонин болсонгүй. Бээжинд талтай гэгддэг Карри Лам Хятадын засаг захиргааны онцгой бүсийн шинэ удирдагчаар сонгогдлоо. Хонконгийн иргэдийн төлөөлөл болсон 1194 гишүүнтэй онцгой хорооны 777 гишүүн түүнд саналаа өгчээ. “Иргэдийг төлөөлж санал өгдөг онцгой хорооны гишүүдийг Хятадын Засгийн газар сонгож байна. Хонконгийн иргэд сонгуульд шууд оролцохыг хүсч байна” хэмээн Хонконгийн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонг EL PAНS-т ярьжээ. 2014 онд Бээжингээс ардчиллыг шаардсан шүхрийн хувьсгалыг удирдаж байсан Вонг “Хонконгийн ирээдүйг Хятадын лидер Си Зиньпин удирдан залж байна. Хонконгчууд энэ үйл хэрэгт оролцож чадахаа болилоо” хэмээн өгүүлэв. 2014 онд 79 өдрийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн Хонконгт өрнөхөд тэр үеийн Засгийн газрын төлөөлөгч, өнөөдрийн сонгуульд ялалт байгуулаад байгаа хатагтай Карри Лам урьдчилан сонгосон нэр дэвшигчдээс ялагчийг тодруулдаг тусгай хорооны санал хураалтын системийг дэмжин мэдэгдэл хийж байсан юм. Хятадын Засгийн газрын гуравдугаар хүн Жан Дэжиан ч энэ санааг дэмжиж “Бээжингийн ашиг сонирхол, үндэсний эрх ашгийг эрхэмлэдэг итгэлтэй хүн Хонконгийг удирдах ёстой” хэмээн мэдэгдэж байв. Онцгой хорооны гишүүд нь Хятадын Коммунист намтай холбоо сүлбээтэй санхүү, шашин, худалдаа, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдөөс бүрдсэн байдаг аж. Хонконгийн Ардчилсан намын Натан Лау тэргүүтэй долоон төлөөлөгч сонгуулийн энэхүү системийг эсэргүүцэж саналын хуудсаа хоосон өгсөн байна. Ардчиллыг дэмжигчдийн ихэнх нь Хонконгийн сүүлчийн Засгийн газрын Сангийн сайд Жон Цангийн төлөө саналаа өгчээ. Цанг 365, дээд шүүхийн шүүгч асан Ву Квок 21 санал авчээ.
Төрийн албанд 40 жил зүтгэсэн 59 настай Карри Лам эдүгээ Хонконгийн эдийн засгийг сэргээхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болов. Мөн тусгаар тогтнох хөдөлгөөн эргэн сэргэж, улс төрийн тэмцэл хурцадсан нийгмийг эргэн нэгтгэх хэрэгтэй болж байна. Зарим иргэд санал хураалт болсон байрны гадаа ирж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол, нөгөө хэсэг нь Хонконгийг удирдах анхны эмэгтэй удирдагчийн ялалтыг тэмдэглэхээр цуглажээ. 1997 онд Британийн эзэмшлээс гарч Хятадын мэдэлд ирсэн Хонконг нь “Нэг улс – нэг систем” бодлогын хүрээнд Бээжинд захирагдах ёстой гэж байгаа ч тус хотын иргэдийн дийлэнх нь үүнийг хүсэхгүй байгаа юм.
Н.МӨНХЖИН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: