Дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээснээс болж намаа шинэчлэхээр болсон. Энэ хүрээндээ шинэ даргатай болсон. Намын даргад өрсөлдөгчид 250 сая төгрөгийн дэнчин төлж байж, сунгаанд өрсөлдөх эрхтэй болсон. Одоо дотоод сонгуулиа хийх гэж байна. Ирэх сарын 2 гэхэд аймаг, нийслэл, дүүрэг, сумын намын дарга нар тодрохоос гадна Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг ч тодруулна. Tsenzurgui.mn сайтын хувьд нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээс эхлэн танилцуулж эхэлсэн. Тэгвэл энэ удаа дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төвийн дүүргийн даргад нэр дэвшигчид 20 сая төгрөгийн дэнчин төлсөн бол Налайх, Багануур, Багахангай дүүргийн намын даргад нэр дэвшигчид 10 сая төгрөгийн хураамж төлсөн гэж байгаа.
Гоц мөргөгчид
Нам нь үнэмлэхүй ялалт байгуулаагүй ч ИТХ-даа олонхи болсон бол тухайн намын дарга улиран сонгогдох эрхтэй бөгөөд одоогоор энэ шалгуурыг БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, СБД-ийн АН-ын дарга Д.Баттулга, БГД-ын АН-ын дарга нар даваад байгаа ч шинэ шинэ асуудал ундарсаар байна.
Гэхдээ Баянзүрх дүүргийн АН-ынхны хувьд асуудал дээсэн дөрөөн дээр байгааг МАН-ынхан анхааруулсаар байгаа. Учир нь МАН-ынхан АН-аас нэр дэвшигч 6 хүн нь сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж асуудлыг шүүхийн шатанд аваачсан. Гэсэн ч АН-ын дарга С.Эрдэнийн хувьд БЗД-т АН олонхи болсон гэж үзэж, Д.Пүрэвдаваад өрсөлдөгч олдоогүй юм. С.Пүрэвдаваагийн хувьд УИХ-ын гишүүн Ж.Батзандантай таардаггүй болохоор өнгөрсөн хугацаанд чамгүй олон хэл аманд өртөж, нам дотроосоо өдөөн хатгалгын гол бай болж байсан удаатай. Тэр үед Д.Пүрэвдаваа МҮДН-д харьяалагдаад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг л явдаг байлаа. Харин одоо эргэлт буцалтгүйгээр Шонхор фракцийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан. Тийм ч болохоор дүүргийн Засаг дарга болох эрхээ нээлгэчихсэн гэж байгаа. Д.Пүрэвдаваагийн хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засаг даргаар ажиллахдаа олон ч асуудалтай тулгарч, тэсч үлдэж чадсан нэгэн.
Баянгол дүүргийн АН-ын дарга уг нь одоо намын даргаар ажиллаж байгаа С.Эрдэнэ байсан. Тэрбээр дүүргийн намын даргын албан тушаалаа хэн нэгэнд хүлээлгэж өгсөн тухай мэдээлэл гараагүйг бодоход давхар дээлтэй байгаа бололтой юм. Баянголын АН-ын хувьд ИТХ-д олонхи болж чадсан учир намын даргаар хэнийг сонгох нь С.Эрдэнийн мэдэх асуудал. Ямартай ч Засаг даргаар сонгогдсон С.Одонтуяа гоц мөргөх магадлал өндөр байгаа. Түүнийг намынхан нь “Шонхорын тэргүүн хатагтай” гэлцдэг. Олны үг ортой ч байж магад. УИХ-ын гишүүний суудлаас буусан ч дүүргийн Засаг дарга хэмээх зөөлөн сэнтий дээр газардсан түүний хувьд бусад экс гишүүдийгээ бодвол азтай. Одоо бүр дүүргийн АН-ын даргад гоц мөргөөд явж байгаа нь бүр ч азтай л гэх үү дээ. Ямартай ч түүний нөхөр Г.Өлзийбүрэн нь нам нь ялсан ч юу ч үгүй байна. Харин хатагтай С.Одонтуяа нам нь ялагдсан ч дүүргийн Засаг даргатайгаа л байх нь хэн гэдгийг нь бэлхнээ харуулах биз ээ.
Ардчилсан намын Засаг даргатай 2 дүүргийн нэг нь Сүхбаатар. Бас ч болоогүй эмэгтэй хүн гэж байгаа. Ямартай ч дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Х.Болормаагийн хувьд дүүргийн АН-ын дарга, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиж буй Казино Баттулгын бэр дүү гэдгийг намынхан нь андахгүй. Тэр ч утгаараа хэрэв Д.Баттулга Нийслэлийн АН-ын дарга болбол түүний урд гишгэх улаан хөлтөн гарахгүй байх. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн санхүүг атгаж байсан энэ хатагтайтай өрсөлдөх аавын хүүгээр Д.Бадарсан тодрохгүй бол ямар ч өрсөлдөгч байхгүй гэх юм билээ.
СХД-ийн АН-ын дарга, Засаг дарга асан М.Чинболд намын даргад нэр дэвшиж буй. Дарга байхдаа намаа үнэмлэхүй ялагдалд оруулсан хүн дахин даргад нэр дэвших эрх байдаг ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Ямарсайндаа л намынх нь удирдлагууд ичгүүртэйгээр намаа ялагдал хүлээлгэсэн нөхрийг дүүргийн намын даргад нэр дэвшиж байхад таг чиг байхав. Ямартай ч Н.Алтанхуягийнхан энэ удаа дотоод сонгуульд нэр дэвшихгүй байгаа нь түүний хувьд өдрийн од шүүрснээс ялгаагүй байж ч магадгүй. Учир нь Н.Алтанхуягийнхан Сонгинохайрхан дүүрэгт үеийн үед ноёлолоо тогтоохыг оролдсоор ирсэн түүхтэй. М.Чинболдын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүнд СХД-тээ нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Түүнээс гадна СХД-ийн Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээсэн нь хэл амтайхан ч гэлээ Засаг дарга, намын даргаар ажиллаж байсан түүний хувьд гутамшиг гэлтэй. ИТХ-ын дарга асан Х.Нямбаатартайгаа хэл амаа аятайхан ололцчихоод байдаг байсан энэ эрхэм өнөөдөр дүүргийнхээ АН-ын даргад өрсөлдөж байгаа бол “журмын анд” Х.Нямбаатар нь УИХ-д заларч буй.
ТОСК-ийн А.Гантулга, экс гишүүн Г.Баярсайхан нар мөчөөгөө өгөхгүй
ТОСК-ийн даргаар ажиллаж байсан А.Гантулга Хан-Уулын намын даргад нэр дэвшиж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших гэж Б.Батбилэгтэй шөргөөцөлдөж, нэлээд асуудал үүсгэсэн. Ямартай ч ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа багагүй хөлжсөн гэдэг хэл аманд өртөж байсан түүнд 20 сая төгрөг төлөөд дүүргийн намын даргад нэр дэвших ч энүүхэнд биз. Тэрбээр дүүргийн АН-ын дэд дарга Ц.Буяндалайтай гал гарсан өрсөлдөөн өрнүүлж магадгүй.
УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы хувьд Чингэлтэй дүүргийн АН-ын даргад нэр дэвших нь тодорхой. Түүний өрсөлдөгчөөр дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн Д.Алтанхуяг тодорсон. Ямартай ч Г.Баярсайханы хувьд УИХ-д 2 удаа сонгогдсон ч дүүргийнхнийхээ итгэлийг алдсаны улмаас өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээсэн нь лавтай. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад түүнийг чингэлэг чингэлгээр нь чингэлтэйн иргэдэд нүүрс тарааж байгааг цахим ертөнцөөр шуугиж байсан ч чингэлэгтэй нүүрснүүд нь чингэлтэйнхэнд нөлөөлж чадаагүй юм. Одоо АН-ынхандаа юу тараах бол гэдэг нь сонин байна. Тараах зүйл нь үр дүнгээ өгдөг л байгаадаа.
Алслагдсан 3 дүүргийн хувьд төвийн 6 дүүргээс дэнчин нь 10 сая төгрөгөөр дутуу учир харьцангуй нэр дэвшихэд хүндрэлгүй байгаа нь лавтай. Налайх дүүргийн хувьд өнгөрсөн 4 жилд ИТХ-ын даргаар ажиллаж байсан М.Дашхүү намын даргад нэр дэвшиж байгаа бөгөөд түүний өрсөлдөгчөөр Ч.Одонхүү тодорсон. Харин Багануурын АН-ын даргад нэр дэвшигч Ч.Очирхүүгийн хувьд өнгөрсөн 4 жил Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан нэгэнн гээд бодохоор хэний хүн гэдэг нь тодорхой байгаа юм. Түүний өрсөлдөгч Л.Алтансүх тодроод буй. Багахангай дүүргийн АН-ын даргад Ц.Алтанцэцэг, Б.Мөнхжаргал нар нэр дэвшинэ.
У.Жанцан
Цензургүй.мн
URL: