“Эрдэнэс Тавантолгой”-н өр дундрахгүй!
Он он дамнан яригдсан Чалкогийн өрийн үлдэгдэл болох 80 сая ам.долларыг ирэх дөрөвдүгээр сар гэхэд төлж дуусна хэмээн Ерөнхий сайд хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний борлуулалтын орлогоосоо төлж барагдуулна гээд буй. Мэдээж сайн хэрэг. Тус компанийн тухайд өнгөрсөн жилүүдэд зүүн цанхиас олборлосон нүүрсний 65 хувийг олборлогч “TTJVCO” компанид, үлдсэн 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байсан. Харин ирэх сард тэр өрөө дарчихвал сайн хэрэг. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н өр ингээд дундрахгүй. Учир нь, тус компани 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлага гарган ажиллаж ирсэн. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг, өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн. Олны дунд яригддаг Чалкогийн өр үүнд 8 хуваасны нэг л болно гэдгийг нэр бүхий эдийн засагчид хэлж ярьж буй.
Харьцуулахад, “Эрдэнэс Тавантолгой” нь орон нутгийн өмчтэй жижиг гэх тодотголтой ТТ-н олборлолтын зардалтай харьцуулбал 51.3 хувь, Энержи Ресурстай харьцуулбал 106 хувиар өндөр олборлолтын зардалтай ажиллаж байгаа гэх. Яг энэ арга барилаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь 8 жилийн дараа дуусахаар байна гэх анхаарал татсан мэдээллийг эдийн засагчид хэвлэлийнхэнд өгсөн билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: