Хохирогчийн оролцоогүй шүүх хуралдаан боллоо
Цагдаа зодсон хэрэгт өөрийгөө гүтгэгдсэн хэмээн манай сонинд хандаж байсан П.Идэрзоригийн шүүх хурал өнгөрсөн сарын 29-нд болов. Улсын шүүгч н.Булган, яллагч Н.Ариунжаргал нар тус хэргийг шүүн тасаллаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Чимгээ ажилласан бөгөөд энэхүү шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөл болон мөн хохирогч болох Цагдаагийн ахлагч Х.Барсбодд оролцсонгүй.
Хохирогчийн зүгээс “гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйлгүй, миний оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлтийг шүүгч уншиж танилцуулаад, шүүгдэгчээс хэргийн хохирогчийг хуралд байлцуулах эсэхийг асуусан юм.
Шүүгдэгч хохирогчийг хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч хохирогчийн оролцоогүйгээр шүүх хуралдаан үргэлжлэв. Улсын яллагч Эрүүгийн хуулийн 230-р зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийн дагуу шүүгдэгчид 1.6 жилийн хорих ял оноолоо.
Үүнд өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэргийн хохирогч нь цагдаагийн байгууллагад ажилладаг бөгөөд, гэрчилж байгаа хүмүүс нь нэг дор ажиллаж байгаа тул нэг талыг барьсан байх магадлалтай байна. Учир нь шүүгдэгчийн талаас гэрчийн оролцоо байхгүй.
Түүнчлэн тухайн өдрийн эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэг алга байгаа зэрэгтэй холбон тайлбарлаад, шүүгдэгчид оноосон ялыг тэнсэн харгалзах болгож өгөхийг хүслээ. Шүүгдэгчийн зүгээс гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт гомдолтой байгаагаа илэрхийлэн эсэргүүцэх хандлага гаргасан боловч, өөрт нь оноосон хорих ялыг хорихоос бусад хэлбэрээр шийдвэрлэж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлэв.
Ингээд шүүхээс П.Идэрзоригт оноосон 2 жилийн хорих ял 4 жилийн тэнсэн харгалзах ялаар солигдлоо.
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ”
URL: