Халдварт шар өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэхийн тулд
Халдварт шар өвчний тархалт хавар, намрын улиралд ихэсдэг аж. Сүүлийн үед бага насныхан энэ өвчнөөр олноороо өвчлөх болж зарим цэцэрлэгт ч шар өвчин дэгджээ. Тиймээс вируст гепатит өвчнөөс сэргийлэх вакциныг хэрхэн хийлгэх талаар сурвалжиллаа.
Ундны усны 71 хувь, хүнсний бүтээгдэхүүний 35 хувьд халдварт шарын А гепатит вирус байгааг мэргэжилтнүүд тогтоосон. Тэгэхээр хамгийн түрүүнд ундны усаа заавал буцалгаж хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Мөн гадуур зарагдаж байгаа самрыг огт хэрэглэхгүй байвал өөрийгөө өвчнөөс сэргийллээ гэсэн үг гэнэ.
Халдварт шар өвчнөөр хүмүүжигч нь өвдсөн цэцэрлэгээс нийт эцэг, эхчүүдэд шар өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэхийг зөвлөж буй. Гэхдээ шууд очоод вакцин хийлгэх нь буруу гэнэ. Учир нь шарын халдвар авсан ч 15-50 хоног шинж тэмдэг нь илрэхгүй нууц байдаг аж. Тиймээс шинжилгээг өгсөний дараа заавал вакцин хийлгэх учиртай. Халдварт шарын шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабортарид 5000 төгрөгийн үнэтэй хийдэг аж.
Нэгэнт сайн дураараа, мөнгөө төлөөд хийлгэж байгаа учраас эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй. Шинжилгээний хариу нэг цагийн дараа гарна. Ингээд шинжилгээгээр халдварт шарын халдвар аваагүй нь тогтоогдвол урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж болно. Сайн дураараа хийлгэж байгаа учраас вакцин ч бас үнэтэй. 28100 төгрөгөөр А вирусаас сэргийлэх вакцин хийж байна лээ. Вакцин хийлгэсэн өдрөөсөө 15 хоногийн дараагаас дархлаа тогтож эхэлнэ. Хоёр дахь тунг нь зургаан сарын дараа хийлгэх учиртай. Ингэснээр 15 жил А вирусын халдвараас сэргийллээ гэсэн үг аж. Вакциныг нэг нас долоон сартайгаас эхлэн хийнэ гэж эмч ярьсан. Гэвч эцэг, эхчүүдийн ярианаас хоёроос дээш настай хүүхдүүдэд дээрх вакциныг хийж байгаа аж. Вакцин хийлгэсний дараа халуурах, бөөлжих зэрэг гойд шинж илэрдэггүй гэнэ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд сайн дураараа вакцин хийлгэхээр ирсэн маш олон хүн байсан. Эхлээд шинжилгээ өгөх гэж дугаарлана, дараа нь вакцинаа хийлгэх нь дугаарлана. Вакциныг 15.00 цаг хүртэл хийдэг юм байна. Тэгэхээр өглөө эрт л очихгүй бол зорьсноо биелүүлж чадалгүй буцах бололтой. Тэнд байсан эцэг эхчүүд томуугийн эсрэг вакциныг ч хүүхдүүддээ хийлгэж байсан. Томуугаас сэргийлэх вакциныг 10 мянган төгрөгөөр хийж байна. Хоёр вакциныг нэг өдөр хийх боломжтой. Тэгэхгүй бол нэг төрлийн вакцин хийснээс хойш сарын дараа нөгөөг нь хийдэг гэнэ.
Ингэхээр нэг өдөр хоёр өөр өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэхийн тулд шинжилгээний төлбөртэйгээ нийлээд 43 мянган төгрөг шаардлагатай юм байна. Хэрвээ хүүхэд тань түрүүлгээ харж хэвтээд, уйлагнаад, ноомой болоод байвал яаралтай эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөж байсан. Мөн баруун хавирганы доогуур өвдөх, арьс шарлах, бага зэрэг халуурах, өтгөний өнгө цайвар болж шээс өтгөрвөл, хоолонд дургүй болж бие сулрах зэрэг шинж илэрвэл шинжилгээ өгөх шаардлагатай болжээ гэсэн үг аж.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
URL: