М.Энхболдын замд тээглэсэн “чулуунууд”

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийн марафон улс төрийн намуудын дунд хэдийнэ өрнөчихсөн. Ирэх зургаадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН гэсэн 3 намаас нэр дэвшигчид өрсөлдөх боломжтой.

 

“Цахиагийн Элбэгдоржийн Чинбат”

 

 

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2 дахь удаагаа улиран сонгогдсон учир энэ удаа зөөлөн сэнтийгээсээ буухаасаа өөр аргагүй. Ардчилсан намынханд нүүргүй болчихсон учир хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр сойх арга ч байхгүй. Харин энэ удаа тэрбээр МАХН-ыг түшихээр болсон сурагтай. МАХН-ыг түшихдээ “Гацуурт”-ын Чинбатыг Ерөнхийлөгч болгохоор зүтгэж байгаа нууц төлөвлөгөө нь ч цухасхийх болсон. Өөрийн эзэмшлийн медиа группуудыг Л.Чинбатын мэдлийн гэгддэг медиа группуудтэй нэгтгэж, эзэмшлийн хувиа тохироод зохицчихсон гэж байгаа. Н.Энхбаярын хувьд Ц.Элбэгдоржийн өршөөлд хамрагдаж, үгэнд нь орохоос өөр гарцгүй болчихсон. МАХН-аас УИХ-д суугаа ганц гишүүн О.Баасанхүүгийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг хүндэтгэн хүлээн авах нь ч тодорхой. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшинэ гэдэг шуумыг дэгдээсэн нь энэ бүх нууцлал задрах шахсанд хэрэгжүүлсэн нэг арга ч байж магадгүй юм. Ямартай ч С.Ганбаатарын хувьд МАХН-аас ч байна уу, хаанаас ч байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь түүний мөрөөдөл учир шуум тархмагч Н.Энхбаяртай уулзалтууд хийж гүйж эхэлсэн байна билээ. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын “нөхөрлөл” хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах байх.

 

АН-ын толхилцоон дундаас хэн нэр дэвших вэ

 

 

 

АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн ч сонгуулиас өмнө аавын хаалга татах магадлал өндөр байгаа. Энэ магадлалаас гадна түүний найдаж байсан “Алтангадас”-ынхан С.Эрдэнийн үед жинэхэн утгаараа “Алтангудас” болж хувирлаа. Дотоод сонгуулиар “Алтангадас”-ынхан эсэргүүцэл зарлаж, ихэнх нь нэрээ дэвшүүлээгүй. Намын даргатайгаа арсалдсан экс даргад өөрийн сүр хүчийг үзүүлэхээ ч С.Эрдэнэ харин ч нэг мэдэх байх аа. Н.Алтанхуягийн хувь заяа 1 тиймэрхүү л төгсөх гээд байх шиг.

Р.Амаржаргал ч Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай байгаагаа ил, далд хэлбэрээр илэрхийлж эхэлсэн. Түүний хувьд намынхан дундаа ч, фракци дундаа ч нэр хүнд муутай байгаа. Нөгөөтэйгүүр, нам дотроо “хөл” муутай учир Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр дэмжихдэх нь юу л бол.

Э.Бат-Үүлийн хувьд мөн л хууль хяналтын байгууллагынхан мөн л шалгаад эхэлчихсэн. Түүний хүү Б.Чулуудайг ч шалгаад эхэлчихсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхагласаар байгаа. Үүнээс нь болоод ард иргэд түүнд тийм ч таатай хандахгүй байгаагаас гадна намынхан дунд нь “Намынхныхаа эсрэг “Ардын их хурал” гэгч хөдөлгөөнийг санаачлан, шинэ нам байгуулах бэлтгэлээ хангаад эхэлчихсэн” гэдэг яриа газар авчихсан.

“Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэдгээ хэдэнтээ илэрхийлсэн АН-ын экс дарга З.Энхболдын хувьд энэ удаа хамгийн боломжих хувилбар гэж харагсад цөөнгүй. “Шонхор” фракцийнхан Ардчилсан намын толгойд гараад суучихсан гэдэг утгаар нь ингэж дүгнэж байгаа нь лавтай ч АН-ын энэ их толхилцоон дундаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах нь зүүний үзүүр дээр будаа тогтоохоос ч хэцүү ажил болсон бололтой.

 

 

МАН доторхи манан

МАН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдэг тохироог хэдийнэ хийчихсэн. МАН-ын дарга ч Ерөнхийлөгч болох бэлтгэлээ хэдийнэ хангаад эхэлчихсэн байтал гай газар дороос гэгч болов. Ц.Нямдоржоос эхлээд Б.Бат-Эрдэнийг хүртэл бартаа саад М.Энхболдын замд тохиолоо.

Ц.Элбэгдоржтой түнжин хагарсан гэгдээд байгаа УИХ-ын гишүүн асан Х.Баттулга олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Бат-Эрдэнэ аваргаас уучлалт гууж, эр хүний замын хүзүү урт гэдгийг харуулаадахав. Х.Баттулгын хувьд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоноосоо хойш МАН-ынхантай сүжрэх болсон.  Тэгвэл саяхан Б.Бат-Эрдэнэ аваргын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг олон нийтэд ил болгов. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аварга Ерөнхийлөгчийн сонгуульд бараг ялалт байгуулчихсан нь дүн гарахаас өмнө тодорхой болчихсон байсан. Харин түүнийг буулгаж авахын тулд бүх л аргыг хэрэглэсэн талаараа Х.Баттулга тайлбарлачихсан. Одоо монголчуудын дунд Б.Бат-Эрдэнэ аварга шиг жудагтай, монгол ёс заншлыг эрхэмлэдэг хүн алга болчихлоо. Бүр түүнийг “Дахиад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл дэмжих үү” гэсэн санал асуулга хүртэл яваад эхэлчихэж.

Ц.Нямдоржийн хувьд Эрдэнэтийн асуудлаар хэсэгтээ шоудчихсан. Түүнээс шударга хүн МАН-д байхгүй шахам сэтгэгдлийг олон нийтэд тэр үлдээж чадсан уу, гэвэл тийм. Ямартай ч нам дамнасан луйвар болсон Эрдэнэтийн 49 хувийг нь улс буцааж авах ёстой гэдэг гаргалгаан дээр тэр ажиллаж, нэр хүндээ өргөчихлөө. Энэ явцад түүний хүү нь Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг байсан тухай мэдээлэл ил болж, эрхэм түшээгийн нүүрийг улалзуулаад амжсан ч нэг их газар аваагүйг бодоход тэр дор нь арга хэмжээ авсан нь тодорхой биз. Ямартай ч Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж 2-ын хувьд Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг Бага хурлын гишүүдээр хэлэлцүүлэх үед заалнаас нэрээ дэвшүүлэх сонирхолтой байгаа нь хэдийнэ тодорхой болчихлоо.

М.Энхболдын хувьд саадгүй замаар алхах дуртай нэгэн. Тийм ч учраас ямарваа нэгэн асуудал дээр хөдлөхдөө гарцаагүй, бат араанд нь хийж, бараг үр дүн нь тодорхой болсон хойно л шийдвэр гаргадаг зантай. Ямартай ч тэр энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн. Тэгэхээр замд нь тээглэх “чулуу”-нуудыг нэг нэгээр нь түүхээс өөр аргагүй болж байх шиг.

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих