Шүүх эрх мэдлийн халдашгүй, аюулгүй байдал хангагддаг уу
Энэ асуултад хариулах үзүүлэх сургалт энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд боллоо. “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалтад Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар оролцсон юм.
4-5 цагдаа шаардлагатай боловч зарим шүүх танхим цагдаагүй
Гэмт хэрэгтнүүдийн үйлдэл нарийсч, бүлэглэлийн шинжтэй болсон талаар цагдаагийн байгууллага сэрэмжлүүлсээр удаж буй. Зохион байгуулалттай, хорон үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхдүүд шүүх танхимд зогсдог. Гэтэл шүүх танхимд байгаа хүмүүсийн, тодруулбал шүүгч, хохирогч, улсын яллагч, өмгөөлөгч, тэнд суугаа иргэдийн аюулгүй байдал хангагдсан уу. Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх танхимд шүүгдэгч хоолойгоо зүссэн нь тодорхой хариулт. Шүүх хуралдааны танхимд болсон үйл явдлыг дүрсжүүлсэн баримтаас харахад шүүгдэгч хоолойгоо зүсч, ширээ сандал өшиглөж байхад ганц цагдаа ноцолдож харагдсан. Шүүгчид яах учраа олохгүй самгардаж, нэг нь өнөөх амиа хорлохыг завдагчийн дэргэдүүр алхаж байна лээ. Хэрвээ тэр нөхөр дэргэдүүр нь өнгөрсөн шүүгчид халдсан бол ганц цагдаа хорьж дийлэх үү. Энэ мэт шүүх танхимд юу ч болох, хэнд ч халдах эрсдэл байна.
Шүүх танхимд бусдын амь нас, эрүүл мэндэд халдвал хэрхэхийг үзүүлэх сургалтаар харууллаа. Үзүүлэх сургалтын эхэнд цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг тусгай багаж хэрэгслээр шалгасны дараа хэргийн оролцогчдыг нэг бүрчлэн шалгаж оруулж байв. Хамгаалалын офицер, цагдаа шүүх хуралдаанд оролцогчдод журам сахиулах зөвлөмж өгсөний дараа шүүх бүрэлдэхүүн орж ирэв. Шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгч рүү дайрч, ширээ сандлаа өшиглөхөд хамгаалалтын гурван цагдаагийн нэг нь өчих мэх хэрэглэж унагаад нөгөө хоёр нь танхимаас авч гарсан юм. Дараагийн үзүүлэх сургалтаар шүүхийн шийдвэр уншиж танилцуулж байтал хохирогч шүүгч рүү эд зүйл шидэж шүүгчийн амь насанд заналхийлсэн үйлдэл гаргалаа. Энэ үед мөн л цагдаа нар хохирогчийг танхимаас авч гарсан юм. Ийм эрсдэл гарсан үед шүүгч ширээнийхээ доогуур орох, бусдад заналхийлсэн этгээдийг шууд танхимаас гаргах зэрэг нэг тэргүүнд авах арга хэмжээг үзүүлэх сургалтаар харуулсан.
Энэ кейсээр хохирогчийн зан байдлын талаарх мэдээллийг урьдчилж авсан учраас цагдаагийн гурван алба хаагч нэмэлт хүчээр дэг сахиулжээ. Ер нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 4-5 дэг сахиулагч шаардлагатай гэдэг олон улсын жишиг байдаг аж. Гэтэл манай улсад эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ганц, хоёр цагдаа дэг сахиулдаг. Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн орон тооны боломж ийм. Бүр зарим шүүх хуралдаан дэг сахиулагчгүй байх нь ч бий аж. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтохын танилцуулснаар зарим аймгийн 3 шүүх хуралдааны танхим дунд ганц хамгаалалтын цагдаа бий гэх. Нийслэлийн 8 шүүхийн 47 хуралдааны танхимд 26 хамгаалалтын офицер, цагдаа журам сахиулдаг аж.
Шүүх танхимд аюултай байдал үүслээ гэхэд ослын дуудлага өгөх хонх, гадаа нь богино хугацаанд шуурхай тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгааг туслах комиссар П.Энхтогтох танилцуулсан. Ядаж л яллагдагч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий тусгаарлалтын хаалттай болох шаардлага байгааг дуулгаж байна лээ.
Гурван шүүх хуралдааны дунд байдаг ганц дэг сахиулагч нь өмнөх өдөр эргүүлтэй, хамгаалалтад гарсан гэдэг шалтгаанаар ажлын байран дээрээ нойрмоглодог, идэвхигүй ажилладаг зовлонг Шүүхийн тамгын газрын дарга нарын зүгээс тавьж байв. Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэг журам сахиулах учраас баяр ёслолын үеэр хамгаалалтад гаргахаас өөр аргагүй гэдэг тайлбарыг цагдаагийн байгууллагын удирдлага тавьсан. Цагдаагийн албаны тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа. Үүгээр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн орон тоог нэмэх бодлого барьж байгааг туслах комиссар П.Энхтогтох танилцуулсан юм.
Зориулалтын бус машинаар шүүгдэгч, ялтанг хүргэдэг
Тахарын албыг татан буулгахад шүүгдэгч, ялтанг хуяглан хүргэдэг тусгай тоноглогдсон автомашинуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуваарилсан байдаг. Мөн зарим орон тоог тус байгууллагад шилжүүлсэн билээ. Тиймээс орон нутагт цагдаагийн байгууллагын хэв журмын болон жижүүрийн шуурхай албаны тоноглогдоогүй, энгийн машинаар хуяглан хүргэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг аж. Энэ нь шүүгдэгч эсэргүүцэл үзүүлэх, оргон зайлах зэрэг эрсдэл байгааг харуулж байна. Тиймээс тоноглогдсон машин, зарим орон тоог цагдаагийн байгууллагад шилжүүлэх хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн гэдгээ Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох танилцуулсан юм.
Дорноговь аймагт болсон үзүүлэх сургалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба өнөөх тоноглогдсон машинаараа ялтанг хуяглан хүргэх үйл ажиллагааг харуулсан билээ.
Дорноговь аймаг дахь шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан “үймээн” гарсныг цагдаагийн алба хаагчид тарааснаар үзүүлэх сургалт үргэлжиллээ. Жагсагчид шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүсгэж, чулуу мод шидлэж байв. Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг хүч нэмэгдүүлэн, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид хамгаалалтад гарлаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай заалтыг цагдаагийн алба хаагч чанга яригчаар танилцуулж, жагсагчдыг тарахыг шаардаж байлаа. Бамбай, гав, бороохой зэрэг тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид жагсагчдыг түрж, ахлагчийг нь сугалан баривчилж байгаа нь үзүүлэх сургалтаас харагдана. Алба хаагчид жагсагчдыг “Цаашаа, цаашаа” гэж түлхсээр шүүхийн хашаанаас гаргаж байв. “Үймээн”-ийг ахлагчдыг баривчилсан учраас жагсагчдын идэвх суларсан нь ажиглагдана. Түлхэгдэн шүүхийн хашаанаас гарсан жагсагчид аяндаа тарж одов. Цагдаагийн алба хаагчид энэ үед шүүхийн онцгой бүсийг хамгаалалтад авсан байлаа.
Гамшгийн үед шүүхийн ажилтан бүр үүрэг хүлээнэ
Шүүхийн байранд гал гарвал хэн, ямар арга хэмжээ авах вэ. Үзүүлэх сургалтаар Дорноговь аймгийн шүүхэд “гал” гарлаа. Хамгийн түрүүнд шүүхийн холбоо, зарлан мэдээллийн ажилтан түгшүүрийг дохио дуугаргаж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн утсанд дуудлага өглөө. Барилгын 1, 2 дугаар давхар тэр чигтээ утаатай болов. Шүүхийн ажилтнууд өөр өөрсдийн хариуцсан хэргийн материал, эд мөрийн баримт, серверийг авч аврах хаалгаар гарцгаасан юм. Гамшиг, ослын үед ажилтан нэг бүр үүрэг хүлээх ёстойг үүгээр харууллаа.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах удирдагч Онцгой байдлын ахмад Х.Отгонбат 1 дүгээр тасгийн бие бүрэлдэхүүн хамт ирэхэд шүүхийн бүртгэл мэдээллийн ажилтнуудын ирцийг танилцуулж, нөхцөл байдлын мэдээллийг өгөв. Ингэснээр аврагчид барилгад хэдэн хүн байгааг мэдэж, аврах эрэн хайх ажиллагаа тодорхой болж буй юм. Аврагчид “гал түймэр”-ийн тархалтыг зогсоож, барилгад эрэн хайх аврах үйл ажиллагаа зохион байгуулж байв. Энэ хооронд аврах гарцаар гарсан ажилтнууд эд мөрийн баримт, хэргийн материал, серверийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Эд мөрийн баримт дотор химийн бодис байсныг онцгойгийнхон хүлээн авав.
“Гал”-д бүслэгдэн ухаан алдсан, гэмтсэн ажилтнуудыг аврагчид зөөвөрлөн гаргаж, түргэн тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж байлаа. Барилга битүү утаатай байсан учраас аваарын гарцаар дээш гарсан хүмүүсийг аврах олс, торхон дамнуурга, тавцан, шуудан, карбин зэрэг аврах ажиллагааны багаж ашиглан буулгалаа. Ослын үед цагдаагийн байгууллага шүүхийн онцгой бүсийг хамгаалалт авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг хаасан юм. Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газрын хамтарсан “Гамшиг ослын үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалт энэ хүрээнд болсон юм.
Шүүхийн тамгын газрын дарга нар шүүхийн онцгой бүсийг хэрхэн тогтоох талаар тодруулж байлаа. Тийм тохиолдолд онцгой бүс тогтоох нь бэрхшээлтэй байгааг тайлбарлаж ч байв.
Дорноговь аймагт болсон үзүүлэх сургалт нь шүүх эрх мэдлийн халдашгүй, аюулгүй байдлыг хангахад анхаарч, хүний нөөц болон эд хөрөнгийн боломжоор хангах шаардлага байгааг харууллаа.
zaluu.com
URL: