“Нарантуул” захад гал гарахад харуулууд нь нийлээд хөзөр тоглож байжээ

index(43)Өнгөрсөн оны шуугиант хэргийн нэг нь “Нарантуул” захад гарсан гал түймэр юм. Энэ явдал 2016 оны 3-р сарын 2-3”нд шилжих шөнө гарсан. Галын уршгаар 300 гаруй лангуу эзэмшидэг 101 хохирогч эд бараагаа шатаалгаж хохирсон. Захын эзэн Ш.Сайхансамбуу тухайн үед захиалгат хорлон сүйтгэх ажиллагаа, би эзнийг нь мэдэж байгаа гэх зэргээр ярьж байсан. Гэсэн ч эзэд нь захын боссын яриад байгаа “гадны захиалгат” ажиллагаа бус  биш харин өөрийх нь ажилтнууд буруутай болж таарчээ. Энэ хэрэгт “Нарантуул трейд”-ийн  ашиглалтын албаны дарга Ш. Амгаланбаатар,  “Нарантуул трейд”-ийн  цахилгааны инженер Б.Отгобаяр, “Нарантуул трейд”-ийн  харуулын ээлжийн Ж.Пүрэв-Очир болон тухайн өдөр гарч байсан Ч.Энхбаяр, С. Ганбат. Д.Цогтбаатар нарын харуулууд холбогджээ. Ашиглалтын албаны дарга, цахилгааныинженер нарыг галын аюулгүй байдал хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цахилгаанчин, цахилгааны инженерүүд нь цахилгаан дамжуулах утаснуудыг хооронд нь холбож галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарсан гэж буруутгасан. Шинжээчийн дүгнэлтээр захад цахилгаан холболтын маш их зөрчилтэй байсан нь илэрчээ. Баруун  саравчны гэрэлтүүлгүүд дандаа том том улайсах лампнууд хийсэн байсан гэнэ. Энэ шугмаас хэрэглэгчид дуртай утсаа татаж аваад лампнуудаа залгасан аж. Захад 250 волътын гэрэл маш олныг хийсэн агаад оройноос өглөө хүртэл залгаад үүрээр салгадаг.  Уг нь цахилгааны инженер нь баруун саравчны гэрэлтүүлгийн тэжээлийн хуучин утас нь ачаалал даахгүй, муудчихсан гэж ашиглалтын албаны даргадаа хэлж байжээ.  Түрээслэгчид ч хүртэл цахилгааны талаар гомдол мэдээлэл олонтоо гаргасан ч тоолгүй явсаар иржээ. Нэг түрээслэгч “…Манай лангууны дээд талаар буюу саравчны доогуур цахилгааны утас буюу гэрэлтүүлэг байдаг 2015 оны 11-р сард манай лангууны дээгүүр явсан цахилгааны утас гэмтэж лангуун дээр галтай утас унаад байхаар нь захын захиргаан дээр очоод хэлсэн. Мөн манай лангуу байрладаг хэсгийг хариуцсан зохион байгуулагч Тэрбишид энэ талаар хэлж цахилгааны гэмтлийг янзлуулж байсан. Мөн 2016 оны 2 сарын 29-ний өдөр лангуун дээрээ байхад цахилгааны утсанд гэмтэл гарч манай хажуу талын лангуу болох 121-122 дугаар лангууны дээрээс галтай утас унаад байсан. Гал гарахаас өмнө цахилгааны гэмтэл удаа дараа гарч байсан..” гэжээ. Өөр нэгэн түрээслэгч “…2016 оны 3-р сарын 2-ны өдөр өглөө 10:00 цагийн үед лангуун дээрээ байхад цахилгаанчин ирээд Гантөмөр, Золбоо нарын лангууны дээш гарч утас барьж үзээд энэ утас их халж байна, явцгүй болжээ”гэж хэлж байсан…”гэж мэдүүлсэн байна. Уг утсыг солихоор СИП кабелын 70 метр утас худалдаж авсан ч муудсан утсыг солих тал дэээр албан тушаалтнууд нь бие биендээ найдаад өнгөрчээ. Харин харуулуудын тухайд гал гардаг шөнө тэд хариуцсан пост дээрээ бус харин цуглаад хөзөр тоглож байсан нь илэрчээ.

Энэ тухайд шүүгдэгч нэгэн харуул нь “…2016 оны 3-р сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө нийт 12 харуул хамгаалагч үүрэг гүйцэтгэж хоносон. Хариуцлагатай жижүүр нь Гэрэлхүү, ахлахаар нь Ж.Пүрэв-Очир, 1 дүгээр постны харуул Б.Түмэнжаргал, 2 дугаар постны харуул Ц.Батхуяг, 3 дугаар постны харуул С.Ганбат, 4 дүгээр постны харуул С.Гантулга, 5 дугаар постны харуул Ж.Батбаяр, 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, 7 дугаар постны харуул Д.Цогтбаатар, 8 дугаар постны харуул Д.Пүрэвсүрэн, 9 дүгээр постны харуул З.Пүрэвдаш, 10 дугаар постны харуул Г.Энхболд, 11 дүгээр постны харуул Б.Наранхүү нар ажилласан…Ц.Батхуяг нь харуулын цэгээ орхиж 6 дугаар пост дээр очин хөзөр тоглосон гэдгийг би 3 дугаар постны харуул Ганбатаас мэдсэн. Баруун салхивчинд гал гарах үед 6 дугаар постны байранд харуул Батхуяг, 7 дугаар постны харуул Цогтбаатар, 6 дугаар постны харуул Энхбаяр нар хөзөр тоглосон байсан. Намайг 6 дугаар постонд очиход Шинэбаяр, Болдбаатар, Энхбаяр, Батхуяг нар байсан. Тэгээд 2 дугаар постны харуул Ц.Батхуяг, 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, зохион байгуулагч Болдбаатар, Шинэбаяр бид тав нийлээд 6 дугаар пост дотор хөзөр тоглоод байж байтал 03 цаг 26 минут болж байсан. Би гэрчийн мэдүүлэгтээ 01 цагаас 02 цаг хүртэл тоглосон гэж худлаа хэлсэн. Учир нь биднийг гэрчээр мэдүүлэг өгч байхад 2 дугаар постны харуул Ц.Батхуяг байцаалтаас гарч ирчихээд бидэнд 01-02 цаг хүртэл тоглосон гээд хэлчихсэн шүү, та нар ч бас тэгэж хэлээрэй гэж ятгасан юм…” гэжээ. Гал гардаг шөнө ээлжийн ахлах нь постоо эргэхийн оронд сонин уншиж байгаад унтчихсан байжээ. Харуулууд  1000 төгрөгний бооцоотой таван гар мушиг тоглосон гэнэ. Ийнхүү гал нь “Нарантуул трейд” компаний хайхрамжгүй ажиллагаа, ажилтнуудын хариуцлагагүй явдлаас болж гарсан байна. Харин мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд захын удирдлага гадны захиалгаар гал тавьсан хэмээн зүтгэсээр байжээ. Захын төлөөлөл нь шүүх хуралд “… тухайн шөнө гарч ажиллаж байсан хариуцлагатай жижүүр, харуулын ээлжийн дарга нар үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас галын аюул гарч маш их хэмжээний хохирол компанид болон наймаачдад учирсан…объектын харуул нь ажлын байрандаа байгаагүй, өөр газарт очиж хөзөр тоглож байсан, энэ нь хэн нэгэн хүн зохион байгуулалттайгаар харуулуудыг ажлын байрнаас нь хөндийрүүлж холдуулснаар гал гарсан гэж үзэж байна. Энэ хэрэгт Батсайхан болон түүнтэй холбоотой хүмүүсийг сэжиглэж байна…” гэжээ.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих