АН-ынхан дахиад 20 жил лааз өшиглөх вий дээ

8209

Ингэж дүгнэх баримт нотолгоо хангалттай гэдгийг уншигч авхай та мэдэж байгаа. 1990 онд Ардчилсан хувьсгалыг нэг ч хүний хамраас цус гаргалгүйгээр хийсэн гэж бардамнадаг АН-ынхан яг л 90 жилийн түүхээрээ “гангарах”-аас өөрөөр ахиж дэвшдэггүй Ардын намаас ялгагдахгүй сул дорой улс төрийн хүчин болжээ.

Ардчиллынхан хэдийгээр дотоод зөрчлөө ил гаргаж хэмлэлддэг ч нөгөө талаараа намаа шинэчилж, гишүүдээ зөв чиглүүлж, фракцын зөрчлөө эвтэйхэн зохицуулж чаддаг нам байсан. Энэ нь ардчиллыг амьтай харагдуулдаг байсан нь үнэн. Харин эдүгээ нэг фракцын атганд бүрэн орж, “Шонхор” фракц ба бусад гэсэн зөрчил, маргаан туйлдаа хүрлээ.

Оготны хамраас цус ч гаргалгүй хийсэн ардчилал өнөө цагт олон хүмүүсийн нулимс, хагацал, дэгсдүүлж хэлбэл цус үзсэн тэмцэл болж хувирсан байна. Дургүй хүргэсэн нэгэндээ ямар ч хамаагүй хэрэг тохож шоронд хийдэг гутамшигт явдал Ардчилсан нам эрх барьж байхад гарч байв. Улс төрийн тавцанд нөхөрлөж явсан нэгнийхээ араас торох юмгүй хутга дүрдэг нөхөд ч энэ намд дэндүү олон болсон нь харамсалтай. Идсэн уусан, Монгол Улсыг хаашаа хөтөлсөн талаар энэ удаад ярих нь илүүц биз. Фракцуудын дотоод зөрчлийн талаар ярих ч юм биш.

Ах нарынх нь фракцын зөрчил залуу үедээ хүртэл халдварлаж, нэг намын байранд суугаа атлаа өөр намаас орж ирсэн аятай нэгнээ чичилдэг, үзэн яддаг, тэрний энэний хүн хэмээн хардаж сэрддэг явдал хэрээс хэтэрчээ. Ардчилал нүүрээ нуусан дарангуйлал болон хувирчихаад байгаа юм. Хатуухан хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сард сүр дуулиантай явуулсан АН-ын даргын сонгуулиас шинэчлэл огтхон ч үнэртээгүй.

Мөнгөтэй нэг нь суудал худалдаж авсан, хэн нь мөнгөтэйг харуулсан сонголт болсныг нуух юун. Засгийн газраа унагаж, намаа том ялагдалд хүргэсэн “Шонхор” фракц эрх мэдлээ улам зузаалж, хэзээ ч өндөрлөгөөс буухгүйн төлөө хийж болох бүх бузар булайг зохион байгуулсан дэндүү увайгүй үйл ажиллагаа болсон. Угтаа бол хариуцлага хүлээгээд, бүх эрх мэдлээс татгалзах учиртай нэг фракц бусдаас илүүгээр эрх мэдэлд шунаж тэмүүлсэн хуйвалдаан болж хувирсан юм.

Оготны хамраас цус ч гаргалгүй хийсэн ардчилал өнөө цагт олон хүмүүсийн нулимс, хагацал, дэгсдүүлж хэлбэл цус үзсэн тэмцэл болж хувирсан байна.

Хамгийн гутамшигтай нь намын даргын сонгуульд оролцох шинэчилсэн гишүүдийн жагсаалт утга учраа алдаж, намын байранд бүртгэсэн гишүүдийн анкет дотроос маш олон гадаадын иргэдийн зурагтай, мөн фэйсбүүкийн зургийг нь ашигласан хэдэн мянган хуурамч анкет гарсныг намын дотоод асуудал хэмээн хав дарж орхисон юм билээ. Намын байранд бүртгүүлсэн гишүүдийг сонгуульд оролцуулахгүй гэсэн шалтгаан нь ч үүнтэй холбоотой байсан гэх. АН-ын түүхэн гэгдэх шинэчлэл, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл ийм л хуудуутай замаар явагджээ.

Ардчилсан нам шинэчлэгдэж, гишүүдийн нам болох нь битгий хэл “Шонхор”-ын эсрэг тэмцлээ нэгтгэсэн бусад фракц бүлэглэлийн тулаан болон хувирчихлаа. “Мөнгөө төл эсвэл хэн ч биш бай” Шат шатанд тэмцэл нь туйлдаа хүрч, мөнгө төл эс бөгөөс хэн ч биш бай гэсэн бичигдээгүй хууль ч хэдийнэ хэрэгжээд эхэлчихэж, энэ намд. Ганцхан жишээ дурдъя. Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намынхан намын даргаа болон, сонгуулиас хойш дуулиан шуугиантай хэлэлцсэн намын Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн юм. Гэвч Улсын дээд шүүх Үндсэн дүрмийг нь Улс төрийн намын тухай хуульд нийцээгүй зүйл заалт агуулсан хэмээн бүртгэхээс татгалзаж, харин намын даргыг нь дүрмийн хүрээнд батламжилсан юм.

Бүхэл бүтэн 27 жилийн түүхтэй, Монголын томоохон улс төрийн хүчний нэг атлаа Улс төрийн намын тухай хуулиа мэдэхгүй байв уу, эсвэл мэдсээр байж мэдээжийн зүйл хийсэн үү гэдэг нь сонин. Ямархуу зүйл заалт тусгасан болоод Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзав гэдэг нь ч сонирхол татах асуудал болж хувирчээ. Гэтэл дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн намын Үндсэн дүрмийг өнөө хэр жирийн гишүүддээ танилцуулаагүй юм билээ. Тиймээс АН-ын жирийн гишүүд Үндэсний зөвлөлдөх хороо /шинэчилсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо/-г хуралдуулахыг шаардаж эхэлжээ.

Жирийн гишүүд дээд шүүх бүртгэхээс татгалзсан Үндсэн дүрэмтэй танилцах, мөн сүүлийн долоон жилийн хугацаанд салхи ороогүй ҮЗХ-ны гишүүдээ шинэчлэх намын дотоод сонгуулийг хуулийн хүрээнд явуулах, дотоод сонгуульд өрсөлдөж буй гишүүдэд тавьсан өндөр дэнчинг ямар дүрмээр тавьсан эсэх талаар тодруулга авахыг хүсжээ. Хоёрдугаарт, АН-ын дотоод сонгуульд өрсөлдөгчид Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд нийт зургаан сая төгрөг төлнө гэсэн намын дарга С.Эрдэнийн гаргасан тогтоол гишүүдийг нь бухимдуулж эхэлжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд болох намын дотоод сонгуулийн үеэр 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох учиртай. Ингэснээр өнөөх л улиг домог болтол ярьж буй нээлттэй, гишүүдийн нам болно хэмээн үзэж буй гэх. Харамсалтай нь энэхүү сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө төл гэсэн тогтоолыг С.Эрдэнэ вантан гаргажээ. Өөрийнх нь өнөөдрийг хүртэл улс төрд явж ирсэн зарчим гэхэд ч хэтийдэхгүй. Намын даргын гаргасан тогтоол ёсоор АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигч гурван сая, Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 1.5 сая, дүүргийн намын хороонд 500 мянга, аймагт 120 мянга, сумын төвийн намын хороонд нэр дэвшиж байгаа бол 12 мянган төгрөг тус тус төлөхөөр болжээ.

Асуудал ингээд дуусахгүй. Нэр дэвшигчид дэнчингийн мөнгөнөөс гадна хураамж төлөх ёстой болсон нь жинхэнэ маргааны сэдэв болоод байгаа юм. Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд дэнчингийн гурван саяас гадна дахиад гурван сая төгрөг байршуулах учиртай. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиж буй бол 90 сая, аймгийн намын даргад өрсөлдөж буй бол 15 сая, дүүргийн намын дарга 20 сая төгрөгийг тус тус хураамж хэлбэрээр төлөх юм билээ. Эдгээр мөнгийг нэгтгэвэл намын дотоод сонгуулиас л 10 тэрбум төгрөг босгох дүр зураг харагдаж буй юм.

Хэн мөнгөтэй нь орж ирдэг бичигдээгүй хуулийг АН-ынхан ч хэрэгжүүлэх нь тодорхой болжээ. Ардын намын албан тушаалаас босгох 60 тэрбумаас хол ялгарахгүй шийдвэрийг АН-ын дарга гаргасан нь Ардчилал хаашаа явж, юунд хүрэхээр тэмүүлж буйг хэлээд өгч байгаа бус уу. Өөрөө өөртэйгөө өрсөлдөх сонгууль болох уу Эрх мэдлээ алдахдаа улс төрийн намууд хөрөнгө мөнгөө ч давхар алддаг.

Гэвч намын дотоод сонгууль зөвхөн мөнгө харсан, намын санхүүжилт босгох гэсэн увайгүй үйлдэл болж хувирвал АН-ын шинэчлэгдэх тухай мөрөөдөл зөвхөн цаасан дээр үлдэх нь тодорхой билээ. Хэн мөнгөтэй, ар талдаа татаастай нь эрх мэдэлд хүрч, эгэл жирийн гишүүдэд намын хаалга анай л хаалттай хэвээр үлдэнэ. Ийм дүр зураг ч хэдийнэ бий болчихоод байгаа гэнэ лээ. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөөх өрсөлдөөнд 511 хүн л өрсөлдөхөөр анкетаа хүргүүлээд байгаа аж. Нэг суудлын төлөө ядахдаа хоёр хүн өрсөлдөж байж шударга өрсөлдөөн болох учиртай.

Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөөх өрсөлдөөнд 511 хүн л өрсөлдөхөөр анкетаа хүргүүлээд байгаа аж.

Харамсалтай нь дэнчин, хураамжийн дааж давах аргагүй мөнгө төлөх хүмүүс байхгүй учраас зарим тойрогт нэг л хүн өрсөлдөхөөр болжээ. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө гэсэн үг. Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг тойрогт, Увс, Хэнтий аймагт хоёр тойрог, Орхон аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрвөн тойрогт нэг нэг нэр дэвшигч бүртгүүлсэн бол С.Эрдэнэ вангийн тойрог гэгдэх Баянгол дүүрэгт гурван тойрогт нэг нэг нэр дэвшигч бүртгүүлжээ.

Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээс харвал эдгээр тойрогт дандаа С.Эрдэнийн данстай хүмүүс байгаа юм билээ. Тиймдээ ч Үндэсний бодлогын хороонд орж, намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсэн эгэл жирийн гишүүдийн хүсэл дахиад л талаар өнгөрч байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр тойрч шинэчлэл ярьсан “эвтэй” таван нэр дэвшигчийн мөрөөдөл салхинд хийсэж байна гэсэн үг. Ардчилсан нам гишүүдийн биш мөнгөтэй нэгний нам болно.

Намын гишүүд зөвхөн мөрөөдөлтэйгөө дахиад 20 жил явна гэсэн үг. Уг нь одоо бол улс төрийн намууд сонгуулийн өмнө нэгдсэн зохион байгуулалтад орж хэдийнэ дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орчихсон байх ёстой юм. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн энэ үед өрсөлдөгч намынхан нь нэгдсэн зохион байгуулалтад орж, нэр дэвшигчээ хүртэл далдуур сойгоод эхэлчихсэн байгаа. Харамсалтай нь АН-ынхан дотоод хэрүүлээсээ өнөө хэр салаагүй, эрх мэдэл, албан тушаалын төлөө орондоо ч унтах завгүй олзлолдон тэмцэлдсээр.

Үр дүнд нь төрийн бүх эрх мэдэл нэг намд шилжиж, АН-ынхан дахиад улс төрийн тавцанд хэн ч биш болж, гудамжинд лааз өшиглөх нь цаг хугацааны л асуудал болчихлоо. Үүнийг ойлгоход заавал улс төр судлаач, эс бөгөөс мэргэн цэцэн байх шаардлагагүй. Ардчилсан намын өнөөдрийн дүр зураг л ирэх жилүүдэд энэ нам шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн улс төрийн хүчтэй өрсөлдөгч байх уу, эсвэл өвөр зуураа ясаа булаацалдаж, хэмлэлдсээр дуусах уу гэдгийг харуулаад өгч байна. Ардчиллын нэр хүнд Баабар нийтлэлчийн оноож хэлсэнчлэн ёроолдоо хүртэл унаж байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Б.ӨНӨРТОГТОХ


URL:

Нэр: кк Огноо: 20 March 2017

цэрэгт байхдаа хүн алж байсан Эрдэнээ нь хээв 1 цэргийн баяраар бон аппетит гээд нэвтрүүлэгт орчихсон шааж явах гэж

Сэтгэгдэл бичих