Хар тамхи зөөвөрлөсөн монгол одууд 45 жилийн ял сонсчээ
Хар тамхи зөөвөрлөсөн, тээвэрлэсэн, худалдсан хэрэгт ял сонссон одуудын тухай дараахь мэдээллийг хүргэж байна.
DJ Өөжий буюу О.Ганболдод 12 жилийн хорих ял оноолоо
Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хилээр нэвтрүүлж худалдаалсан хэрэгт гурван жилийн хорих ял эдлэж байх хугацаандаа өршөөлөөр суллагдсан DJ Өөжий буюу О.Ганболд дахин хар тамхины хэрэгт холбогдлоо. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-ын Замын-Үүдийн боомтоор 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис хилээр авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм. Хураагдсан бодисыг цагдаагийнхан Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Эл давтан хэрэгт нь түүнд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хавтаст хэргийг нь өнгөрөгч долоо хоногт прокурорын хяналтад шилжүүлжээ. Одоогоос гурван жилийн өмнө шүүхээр яллуулж байсан түүний хэргийн талаар эргэн сануулахад 2007 онд Бээжинд Б.Рагчаабазар гэх хүний захиасаар хар арьст залуутай уулзаж, түүнээс мансууруулах бодис авч эхэлжээ. Тэрбээр хар арьст залуугаас худалдаж авсан мансууруулах бодисоо Монгол Улсын хилээр удаа дараа оруулж ирсэн байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тухайн үед шүүх хурлын үеэр Өөжий хилээр мансууруулах төрлийн бодис оруулж ирснээ хүлээж байв. Гэвч Өөжийд шүүхээс оноосон гурван жилийн хорих ял хэт хөнгөдсөн үү тэрбээр дахин хар тамхи оруулж ирэхийг завдан баригдлаа. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол давтан үйлдэлд нь 15 хүртэлх жилийн хорих ял онооно.
Зохиолч бүсгүй хар тамхины хэргээр 12 жилийн ял сонслоо
Хятадад бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгальмааг золиослогч болох Л.Гантуул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан, зөөвөрлөсөн хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс 12 жилийн хорих авсан юм. Тэрбээр “Дурлалын сүм оройгүй”, “Шүлгийн түүвэр” зэрэг номоо гаргаж байсан зохиолч эмэгтэй. Уг хэрэгт хамт сэжигтнээр татагдаж шалгуулж байсан түүний төрсөн эгч Л.Гантуяа “Шар нохойн там” кино зохиолыг бичсэн юм. Уг кино Олон улсын кино наадамд тун амжилттай оролцож, Франц, Германы кино театруудаар гарч үзэгчдийг байлдан дагуулж байсныг уншигчид санах биз ээ.
Л.Гантуяаг УМБГ-аас хар тамхины хэрэгт дүүтэй нь хамтатган сэжигтнээр тооцон шалгасан ч хэрэгт холбогдолгүй болж цагаадсан. Харин түүний төрсөн дүү Л.Гантуул хамсаатан болох Ё.Оюунбилэг нар нь 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдаж яллуулсан. Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг золиослож хар тамхи тээвэрлэгчээр ашиглаж байсан гэх үйлдлээр эрүүгийн хэрэгт татагдсан юм. Шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жилийн хорих ял, Малайз улс руу хар тамхи зөөвөрлөсөн Ц.Оюун-Эрдэнэ, Вьетнамаас БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн П.Алтансүх нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноосон юм. Харин Л.Гантуулын төрсөн дүү Л.Гандавааг уг хэрэгт холбогдолгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгосон билээ.
Хар тамхины хэрэгт холбогдсон Улсын начин Ц.Улаанхүүд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрөгч есдүгээр сард болж гэм буруутай үйлдэлд нь 11 жилийн хорих ял оноосон юм.Түүний хар тамхи зөөвөрлөсөн, нуун дарагдуулсан, бусдад худалдахыг завдсан талаарх мэдээллийг гэрч Д.Болдбаатар өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр УМБГ-т мэдүүлснээр хэрэг манджээ.
Гэрчийн мэдүүлгийг авснаас тав хоногийн дараа УМБГ-аас Ц.Улаанхүүгийн гэрт нэгжлэг хийхэд 523 грамм хар тамхины бодис гарчээ. Тэдгээр бодисыг лабораторийн шинжилгээнд явуулсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарчээ. Ингээд Ц.Улаанхүүг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.1-т зааснаар сэжигтнээр шалгаж эхэлсэн байна. Гэрч хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ “Би Ц.Улаанхүүгийн гэрт нь очиж хамт архи уусан. Ц.Улаанхүү согтсоныхоо дараа “Ахад нь нууц зүйл байгаа” гэсэн. Маргааш нь түүнээс энэ талаар асуухад “Би тийм зүйл ярьсан юм уу. Санахгүй байна. Гэхдээ ахад нь 42-43 ширхэг хар тамхи байгаа. Гурвыг нь хүнд өгчихсөн байгаа. Үлдсэнийг нь чи зараад ахдаа ашгийнхаа 30 хувийг өгчих. Энэ талаар ямар нэг асуудал гарвал бие биеэ танихгүй шүү” гэж хэлсэн” гэжээ. Энэ яриа болсны дараа Д.Болдбаатар хуулийн байгууллагад энэ талаар мэдээлэл өгсөн байна. Шүүгдэгч Ц.Улаанхүүгийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.1-т зааснаар 11 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр баталсан билээ.
“Харанга” хамтлагийн гишүүн Х.Лхагвасүрэн шүүхээс 10 жилийн ял авч байв
Нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан дагуулсан хэрэг бол “Харанга” хамтлагийн гишүүн, ард түмний хайртай дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож шүүхээс 10 жилийн хорих ял сонссон явдал. Тухайн үед тагнуулынхан болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд түүнийг нэлээд хэдэн сар мөрдөж шалгасны эцэст гэрээс нь мансууруулах төрлийн бодис хураан авч баримтжуулан хэрэг үүсгэжээ. Шүүхээс Х.Лхагвасүрэнг хар тамхи хэрэглэсэн төдийгүй бусдад зарсан гэдэг үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргаж олныг цочирдуулсан.
Давж заалдах шатны шүүхээр ч мөн энэ ялыг хэвээр үлдээснийг рок попынхон төдийгүй фенүүд нь ч эмзэглэн хүлээн авч, ял авсан дуучин маань 409 дүгээр хорих ангид ял эдэлж улмаар өршөөлийн хуульд хамрагдан сулллагдсан юм. Лхагваа хоригдож байх хугацаандаа сайн дурын уран сайханчдыг удирдан “Тоосго” нэртэй хамтлаг байгуулж уран бүтээлээ туурвиж байжээ.
Н.Түвшин shuud
URL: