Баабар хэнийг нэрлэв
Баабарын бичсэн “Жамух” нийтлэл энэ долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал болов. З.Энхболд, М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын тухай. Тэдний хэн байгаад одоо хэний байран сууринд оччихоод байгаа тухай сануулсан юм болов уу даа. Энд З.Энхболдын тухай ингэж бичсэн байна.
…Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир… Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпараци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол… гэж. Улс төрийн хүрээнд бол хэдийн танил болсон энэ нэрүүдийн тухай уншигчиддаа тайлбарлавал яах уу, хэхэ.
“Улаан хацарт”-ыг бол нийслэлчүүд бүгдээрээ мэднэ дээ, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр. “Ярьдаг бөх” ч гэсэн, Далай даян дархан аварга, УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ ээ гэж байгаа. Харин “баян горхины далайн дээрэмчин” гэдэг нь Баянгол дүүргээс сонгогдсон С.Эрдэнэ гишүүн. “Байгалийн гамшиг” гэхээр харин хүмүүс төөрөлдөж магадгүй, хаанахын ямар царай муут вэ гэж. Гэвч тэр нь “Фортуна” хочит Н.Батбаяр юм байна. Түүнийг гэнэт гэнэт тэнэг тэнэг юм сэдээд, тэр нь араасаа сүйрэл дагуулчих гээд байдаг болохоор намынхан нь энэ нэрийг хайрласан аж. Түүнээс биш царай зүс, бие бялдрын хувьд бол Баабартай юу зүйрлэх вэ. “Балтуушир” гэдэг нь харин Д.Балдан-Очир гишүүн юм болов уу гэж таав. Бодвол нөгөө Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нөхдүүд бололтой. Баабар л хэлсэн юм болохоор энэ нэрүүд ч “домог” боллоо л доо.
Б.ГАЛ news
URL: