Шагналаа тарааж дууссан бол ажилдаа ирцгээ!
Монгол Улс энэ сарын сүүлчээр Евро бондын 580 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Эл өрийг төлөх, эдийн засгийн хямралаас гарах гарц нь ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”. Гэвч УИХ-ын гишүүд гадаад дотоодод томилолтоор явж, ирц бүрдэхгүй байгаан улмаас ОУВС-аас татгалзсан хариулт сонсох эрсдэл тулгараад байна.
Тодруулбал, нь ОУВС-ийн төлөөлөгчид УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзах үеэрээ “Гуравдугаар сарын 10-наас ажлын 5-10 хоногийн өмнө Монгол УИХ Төсвийн тодотголоо батлах ёстой” гэдгийг анхааруулсан. Харин УИХ-ын гишүүд намрын ээлжит чуулган өндөрлөв үү үгүй юу тус тусын тойрогтоо томилолт өвөртөлж, ажилдаа ч ирэх завгүй шагналын хур буулгаж яваа.
Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, ард түмнээс “кок” үнэлгээ авахаар шийдэв бололтой. Улсын аварга малчин, улсын аварга тариаланч, сайн малчин, мянгат малчин, алтан төлийн эзэн гээд одон тэмдгийг баруун солгойгүй цацаж, хямраагүй мэт хөдөөгүүр тэнэж явна.
Цагаан сарын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад томилолтоор ажилласан бол Ерөнхий сайд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон аймагт, Шадар сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Увс, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаар тойров. Харин УИХ-ын гишүүд тус тусын тойргийн сум болгоноор хэсүүчилж одон тэмдэг гардуулсан.
УИХ-ын шилэн дансны мэдээллээс үзвэл томилолт зочны зардалд эхний хоёр сарын байдлаар 132 сая төгрөг зарцуулжээ. Улс орон эдийн засгийн хямралтай ийм үед одон тэмдэг тараахын тулд улсын төсвөөс 132 сая төгрөг зарцуулж, УИХ-ын дарга нь биечлэн очиж гардуулна гэдэг санаанд багтамгүй үйлдэл.
Томилолт зочны зардлаас гадна гишүүдийн “тойрогт ажиллах зардал” гэж данхар зардал бий. Тухайлбал:
УИХ-ын гишүүн Я.Санжмятав тойрогт ажилллах зардал 28.8 сая,
Б.Жавхлан тойрогт ажилллах зардал 18 сая
Х.Болорчулуун 22 сая
М.Билэгт 20 сая
Х.Болорчулуун 25 сая
Я.Санжмятав 19.5 сая гэхчлэн Шилэн дансанд бичигджээ.
Зардлаа тайлагнасан дөрөвхөн гишүүний тойрогт ажиллах зардал 123 сая төгрөг болсон гэхээр хөдөө орон нутгаас сонгогдсон нийт 48 гишүүний зардал хэр их болох нь тодорхой. Гишүүдийн тойрогтоо очиж хийсэн гол ажил нь эмээ өвөө нарт бэлэг гардуулж, улсын аварга малчдад шагнал тэмдэг тараах байсныг дараах зургуудаас үзэж болох юм.
Б.Бат
time.mn
URL: