“Мастер класс” ХХК-ийн захирал багын найзаа зодож, танхайрчээ
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхэд 2011 оны наймдугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон байна. Энэхүү хурлыг Ерөнхий шүүгч Л.Бор даргалж, шүүгч Б.Гэрэлмаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Т.Төрбат түүний өмгөөлөгч Ч.Ням, Ц.Баярмаа, шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Төрбат, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 21103133 тоот хэргийг 2011 оны долдугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнэ нь 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн зураглаач мэргэжилтэй нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг. “Мастер класс” ХХК-ийн захирлын албан тушаал эрхэлдэг нэгэн ажээ. Харин шүүгдэгч Т.Төрбат нь 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын VI багт оршин суудаг. Эрхэлсэн ажилгүй нэгэн аж. Хэрэг гардаг өдөр буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 09-ны шөнийн 02.00 цагийн орчимд шүүгдэгч Т.Төрбат нь архи ууж, согтуурсан үедээ Баянхонгор сумын VI баг наймдугаар гудамжинд оршин суух иргэн М.Соронзонгомбын гэрт амарч байсан М.Буян-Өлзий, Н.Бат-Оргил, М.Соронзонгомбо, Б.Тунгалагсайхан нарыг нойрноос нь сэрээж, М.Буян-Өлзий, Н.Бат-Оргил нарыг гэрээс нь хөөн гаргаж, шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнэтэй хэрүүл зодоон үүсгэн гэрт байсан түмпэнтэй угаадсыг авч гэрийн хоймор руу цацах, түмпэнг шидэн хагалах, Б.Тунгалагсайханыг хэл амаар доромжлох, гэрт байгаа аяга, таваг зэрэг эд зүйлсийг Мөнх-Эрдэнэ рүү чиглүүлэн шидэх, толгой руу нь цохих зэргээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан ажээ. Түүний ийн танхайрах үйлдлийг нь таслан зогсоох гэсэн иргэн М.Соронзонгомбын толгойн тус газарт сэнжтэй аягаар цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Харин шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнэ нь Т.Төрбатыг хувийн сэдэлтээр зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм хэрэгт тус тус холбогдсон байна.
Мөрдөн байцаалтын үед гэрч Ж.Жавзмаа мэдүүлэхдээ “2011.4.09-ний шөнө манай нөхөр Бадамсэрээжид бид хоёр унтаж байсан. Тэгтэл хашааны хаалга дуугараад машин орж ирж байгаа бололтой байсан. Ойролцоогоор 02.00 цаг л болж байсан байх. Тэгтэл Төрбат орж ирээд дүү нь жаахан архи уучихлаа танайд унтана гээд ярьж байсан. Манай нөхөр ор засч байтал Төрбат гүйгээд гараад явсан. Тэгээд хойно Соронзонгийнд том том дуугараад пижигнээд унасан. Тэр үед би боссон. Гэтэл манай нөхөр болохоор тэнд эрүүл хүн оллон байгаа юм чинь, унтуулах байх гээд босохгүй байсан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэнэ, Төрбат хоёр барилцаж аваад зодолдоод байна гээд Соронзон ороод ирсэн. Би ч Соронзонгийн гэрт орсон чинь зүүн талын орон дээр Төрбат нь Мөнх-Эрдэнийг үсдээд дарчихсан байсан. Тэр үед Төрбатын ээж ороод ирсэн. Тэгээд Төрбатыг ээжтэй нь хамтарч салгасан юм. Тэгтэл Төрөө ухасхийгээд үүдэнд байсан савтай угаадсыг танай эхнэрийг мэднэ гээд, хөлөндөө гишгэж амьдарна гээд орилоод шидээд цацсан юм. Тэр үед нь Соронзон салгасан. Соронзон бол архи дарс уугаагүй эрүүл байсан. Төрбат, Мөнх-Эрдэнэ хоёр хоёулаа л гэмтсэн байсан ба Төрбатын нүд уруул хавдсан байсан. Мөнх-Эрдэнийн толгой нь хагарсан хүзүү нь нил улаан болсон байсан” гэжээ.
Харин гэрч Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Хэрэг гарсан өдөр би нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эрчимт дээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн чинь шөнө, цагийг нь сайн санахгүй байна нэг согтуу залуу бусдад зодуулсан гэж ирж үзүүлсэн юм.
Үзэхэд нүүрэндээ зөөлөн эдийн гэмтэл авсан, уруул нүүрний баруун тал хөхөрч хавдсан байсан. Ирэхдээ бол хөлөөрөө орж ирсэн бөгөөд ухаантай байсан. Тэгээд үзээд зөвлөгөө өгөөд рентген зураг авахуулах шаардлагатай гээд явуулсан. Тухайн үедээ бол яаралтайгаар рентген зураг авахуулах шаардлага байгаагүй юм. Тэр залуу согтуу байсан гэхдээ бол яахаа алдсан согтуу байгаагүй санагдаж байна” гэжээ.
Дараагийн гэрч Б.Тунгалагсайханы мэдүүлэгт “Би нөхрөө дагаж Баянхонгор аймагт барилга дээр ажиллахаар 2011.4.07-нд ирсэн юм. 2011.04.09-ний орой нөхөр бид хоёр 23.00 цаг болж байхад гэртээ унтаж байсан. Гэтэл шөнө 02.00 цаг өнгөрч байхад Мөнх-Эрдэнэ гэрийн хаалга нүдсэн. Тэгээд би очиж онгойлгож өгөхөд Мөнх-Эрдэнэ нь Төрбат гэгчтэй хоёулаа согтуу орж ирсэн. Орж ирээд Мөнх-Эрдэнэ хоол байна уу гээд ширээн дээр байсан будаатай хуурга байсныг авч идсэн. Тэр үед Төрбат “Соронзон хаана байна” гэж асуусан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ “Соронзон унтаж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Төрбат “Би Соронзонтой гар барих ёстой. Соронзон хөгшөөн босоод ир” гэсэн. Тэгээд хөнжил татаад ямар нялуун унтдаг юм гэхэд манай нөхөр өндийгөөд Төрбаттай гар барьсан юм. Тэгтэл Төрбат хоёулаа гараад машин оруулъя гэсэн. Тэгээд манай нөхрийг дагуулаад хувцсыг нь өмсүүлээд гараад явсан.
Тэгээд эргэж орж ирээд манай нөхөр Төрбатад газар зүүн талаар ор засч өгсөн. Би тэгэхэд нь зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгэхдээ орыг яг зүүн биш хойгуур маягтай зассан. Тэгээд Мөнх-Эрдэнэ “Явлаа, авгай хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа хадмындаа очихгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Төрбат танай авгай хүүхэд надад ямар хамаатай юм бэ, Нямдулам ер нь хэн юм бэ гээд байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ надад хөөрхөн харагддаг миний хань гэсэн. Тэгээд тэр хоёр бааранд болсон асуудлаа л яриад байх шиг байсан. Мөнх-Эрдэнэ нь “Мань нь энд унтлаа” гээд зассан орон дээр хэвтсэн. Тэгсэн чинь бос гутлаа тайл гээд Төрбат нь Мөнх-Эрдэнийг босгож ирсэн. Тэгээд өөрөө урд айл руу орж унтана гээд явсан. Тэгээд эргэж орж ирээд Мөнх-Эрдэнийг хөнжил өг хөнжил алга гэж хэлсэн. Тэгээд бүтээлэг нэхсэн юм. Бүтээлэг аваад хажуугаар нь гарахдаа Төрбат Мөнх-Эрдэнийг баруун тал руу нь хоёр удаа өшиглөөд, нүүрэнд нь цохисон юм. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ барилцаж аваад манай бурханы шилийг мөргөөд унасан. Тэгэхэд нь би яв та нар, хаашаа юм бэ, архи ууж, зодолддог газар чинь юм уу гэсэн. Энэ үед хагарсан шилийг манай нөхөр гаргаж хаясан. Тэгээд явцгаа гэхэд Төрбат би танай нөхрийг таньдаг. Танихгүй айлд орж ирээгүй гэж хэлээд намайг “Гичий минь Сэлэнгийнхэн бүгд янхан, захын охиныг дуудахад мөнгөөр явдаг, жомбогоо зайл” гээд байсан юм.
Тэгээд Мөнх-Эрдэнэ барилцаж аваад баруун талын ор, толь хоёрын тийш өнхөрч ойчсон. Соронзон салгасан. Тэгээд баруун талын орон дээр Төрөө унаад, гараад гүйсэн. Тэгээд эргээд орж ирэхдээ ээжтэйгээ хамт орж ирээд угаалтуур дээр байсан шилэн аягыг Мөнх-Эрдэнэ руу шидсэн. Тэгээд дахиад чихрийн таваг аваад Мөнх-Эрдэнийн толгойд цохисон юм. Тэгэхэд нь бас л Соронзон салгасан. Тэгтэл улаан бариултай цайны аягаар манай нөхрийг цохисон. Тэгээд Мөнх-Эрдэнэтэй барилцаж аваад зүүн талын орон дээр барилцаж аваад ойчсон юм. Тэгээд би урагшаа гарч гүйгээд Жавзмаа эгчийг дуудсан. Тэгсэн чинь Жавзмаа эгч ганцаараа орж ирээд “Болиоч хар багаасаа найзалчихаад” гээд Мөнх-Эрдэнийг салгасан. Би угаалгын машины өмнө зогсч байсан. Тэгсэн чинь ээж нь салгаач ингээд байдаг хүүхэд гэж хэлж байсан. Тэгээд салгаад Мөнх-Эрдэнийг манай нөхөр барьсан байсан. Төрбатыг манай эгч, ээжтэй нь цааш нь түлхэж байтал угаалтуур дээр байсан ногоон өнгийн түмпэнтэй усийг цацсан. Тэгсэн чинь манай нөхөр Төрбатыг жийгээд гаргасан. Тэгээд гарахдаа Соронзонд чи янхантайгаа сайхан амьдраарай гээд гараад явсан. Мөнх-Эрдэнэ хутга гаргаж барьсан асуудал байхгүй. Төрбат манай хашаанд машинаа тавьсан юм. Машиныг нь Галаа ах нь сүүлд нь авч явсан. Тэр үед Улаанаа ах хаалга онгойлгоод Галаа нь авч явсан. Мөнх-Эрдэнэ, Төрбат хоёрыг хоёуланг нь тогооны залгуураар Улаанаа ах ороолгосон. Хоёулаа л нүүр амнаас нь цус гоожсон байсан. Мөнх-Эрдэнэ,Төрбат нарын хамраас цус гоожсон байсан” гэжээ.
Үүний дараа гэрч М.Буян-Өлзий мэдүүлэг өгчээ. Тэрбээр “Би Эрдэнэцогт сумаас 2011 оны 4 сарын эхээр ирсэн байсан. Энэ үед манай ах Соронзонгомбо хотоос нүүж ирсэн юм. Тэгээд тэдний гэрийг янзлаад, оройтсон тул найз Бат-Оргилын хамт гэрийн баруун талаар орон дээр унтсан. Гэтэл шөнө 01.00 цагийн орчимд гаднаас Мөнх-Эрдэнэ, Төрбат хоёр согтуу орж ирсэн. Тэгээд орж ирснээ Төрбат, Мөнх-Эрдэнэ хоёр манай найз бид хоёрыг бос гэсэн. Тэгээд бид хоёр босоод гэрт нь баруун талын орон дээр жаахан сууж байгаад гараад явсан. Тэр үед Төрбат, Мөнх-Эрдэнэ нар хоёулаа нэлээд согтуу байсан. Тэр хоёр ярихдаа баарнаас ирлээ гээд байсан. Тэгээд бид хоёр гараад ачааны тэргэн дотор сууж байсан юм. Хашаан дотор Төрбатын цагаан өнгийн япон тэрэг байсан. Гэтэл машинд байж байсан чинь Соронзон ахын гэрт пижигнээд хүмүүс орилолдоод зодоон болоод байх шиг байсан. Манай найз бид хоёр ерөөсөө ороогүй юм. Гэрт Мөнх-Эрдэнэ, Төрбат хоёрын дуу том, том дуугараад чи хэн юм бэ гэх мэтээр хэрэлдээд байсан. Тэгээд гэрт шил хагараад байх шиг байсан. Гэтэл Төрбат гарч ирснээ хойшоо гараад явснаа нэлээд байж байгаад ээжийгээ дагуулаад ороод ирсэн. Тэгээд гэрт орсноо дахиад л пижигнээд байх шиг байсан юм. Тэр үед нь Төрбатын ах нь ирсэн, би гэрт нь яваад орсон чинь Төрбат хүргэн ахынхаа хамт машиныхаа түлхүүрийг хайгаад байсан юм. Төрбат, Мөнх-Эрдэнэ хоёрын нүүр нь хавдсан, Төрбатын хамраас цус гарсан байсан.
Мөнх-Эрдэнийн хамраас цус гарсан нүд нь хавдсан, толгой нь хагарч баруун талаас нь цус гарч байсан. Тэгээд намайг ахынхаа машины түлхүүрийг олоод өг гэсэн. Гэтэл хүргэн ах нь гарч явснаа түлхүүрийг нь олоод хүргэн ах нь Төрбатын машиныг унаад гараад явсан. Гэрт хэн хэнийгээ цохисныг хараагүй, би зодоон хийж байхад нь ороогүй юм. Би бол хамт байгаагүй, би машинд сууж байсан. Төрбат, Мөнх-Эрдэнэ хоёр найз л гээд байсан. Мөнх-Эрдэнэ гартаа хутга бол намайг ороход лав бариагүй. Орон дээр нь аяга хэвтэж байсан. Түмпэнд үүдэнд хагарсан байсан юм гэжээ .
Гэрч М.Буян-Өлзийгийн найз гэрч Н.Бат-Оргил мэдүүлэхдээ “Би найз Буян-Өлзийгийн хамт ах Соронзонгомбынх нь гэрт баруун талын орон дээр унтаж байтал шөнө 02.00 цагийн орчимд байх гаднаас Мөнх-Эрдэнэ, Төрбат нар согтуу ороод ирсэн.
Тэгээд орж ирээд бид хоёрыг бос гэсэн. Тэгээд бид хоёр гараад машинд сууж байсан юм. Бид хоёрыг машинд байж байтал гэрт пижигнээд Мөнх-Эрдэнэ, Төрбат хоёр хоорондоо зодолдоод шил тар, няр гээд хагараад байсан юм. Бид хоёр зодооны үеэр гэрт бол ороогүй машинд суугаад байсан юм. Гэтэл Төрөө гараад гүйгээд явснаа ээжийгээ дагуулаад ороод ирсэн юм. Дахиж гэрт ороод дахиад л пижигнээд байсан. Тэгээд Төрөөгийн ах, эгч нь ирсэн. Тэгээд намжихаар нь гэрт орсон чинь гэр нь бурханы шил хагарсан, орон дээр аяга таваг хэвтэж байсан бөгөөд ногоон түмпэн хагарсан хэвтэж байсан юм. Тэгээд тэд нар ярихдаа Төрбат, Мөнх-Эрдэнэ хоёр л зодоон хийсэн гэж ярьж байсан юм. Хоёулаа адилхан согтуу байсан. Гэхдээ бид хоёрыг гэрээс гарахад бол нэг их хэрүүл болоогүй юм. Гэрт пижигнэхээр нь айгаад ороогүй юм. Бид хоёрыг гэрээс анх гарахад цагаан жижиг тэрэг байсан. Тэр нь Төрбатынх гэж байсан юм. Хоёулаа адилхан согтуу байсан” гэжээ.
Гэрч Л.Дэнсмаа “Төрбатын хамар , амнаас нь цус гарчихсан, “Ээж ээ, намайг Мөнх-Эрдэнэ зодчихлоо” гээд ороод ирсэн. Би дагуулаад Соронзонгомбын гэрт ороход Мөнх-Эрдэнэ шал согтуу ална гээд түүнийг орон дээр дараад авсан. Соронзон хөлийг нь тэврээд авсан юм. Тэгээд би Мөнх-Эрдэнийн өмдний тэлээнээс нь бариад яаж байна гээд хойш нь татахад резин нь сунаад тавиултал Соронзон гэдэс рүү нь өшиглөхөд Төрбат эвхрээд хаалга дамнаад ойчсон юм. Би хүүхдээ үхэж байгаа юм байх гээд Төрбатыг гэрт оруулаад тогооны савны өмнө суутал Мөнх-Эрдэнийн хүргэн ах Улаанаа гаднаас орж ирээд түүнийг залгуурын утсаар ороолгосон, тэгсэн чинь Мөнх-эрдэнэ тогооны савнаас хутга бариад дайрсан, гаднаас хүргэн Галхүү эхнэрийн хамт орж ирсэн…тэгээд түргэн рүү авч явсан…намайг орж ирснээс хойшхи болсон явдал худлаа байна” гэж хүүгээ хаацайлжээ. Харин гэрч Б.Галхүү “Шөнө гэртээ унтаж байхад хадам ээж Дэнсмаа орж ирээд Төрбат урд айлд хүнд зодуулчихлаа очоод авъя гэхэд нь би эхнэрийн хамт Улаанаагийн хашаанд орсон. Хойд талын айлд Төрбат нь гэрийн зүүн талд тогооны савны өмнө хэвтэж байсан, нүүр ам нь цус болсон, хавдсан байдалтай байсан, Мөнх-Эрдэнэ хойд талд нь цээж нүцгэн зогсч байсан, наад ах нартайгаа хэрэлдээд байсан. Ингээд Төрбатыг авч гараад цагдаа, түргэн дээр ирж, эмчид үзүүлсэн юм” гэсэн бол гэрч Б.Шижирбаатар “Орой харанхуй болж байтал Мөнх-Эрдэнэ, Төрбат нар манайд архи уучихсан ирсэн. Төрбат машинаа барьсан байсан. Тэгээд бид нар Санчир бааранд хамт орсон. Тэндээс зургаан шил Жалам хар нэртэй пиво авч бид хоёр хоёроор нь уусан. Би явсан, тэр хоёр үлдсэн. Бааранд байхад Мөнх-Эрдэнэ, Төрбат нар хоорондоо маргалдаж байсан бөгөөд хоёулаа нийлж машины шил наадаг тухай ярьж байсан” гэжээ.
Шүүгдэгч Т.Төрбат, Ж.Мөнх-Эрдэнэ нар нь багын найзууд, харилцан адилгүй хөрөнгө оруулж, компани байгуулан хамтран ажилладаг байсан аж. Ингээд шүүх хурал өндөрлөхөд шүүгчид шүүгдэгч нар анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал нь ялыг хөнгөрүүлэх, харин шүүгдэгч нар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдоно хэмээн дүгнэлт гаргажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүний гаргасан тогтоолд
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар шүүгдэгч Т.Төрбатад холбогдуулан яллах дүгнэлтэд бичсэн…иргэн М.Соронзонгомбын гэрт амарч байсан М.Буян-Өлзий, Н.Бат-Оргил, М.Соронзонгомбо, Б.Тунгалагсайхан нарыг нойрноос нь сэрээж, М.Буян-Өлзий, Н.Бат-Оргил нарыг орноос нь босгож гэрээс гаргах…Ж.Мөнх-Эрдэнэтэй хэрүүл зодоон үүсгэн гэрт байсан түмпэнтэй угаадсыг авч гэрийн хойморт цацах, түмпэнг шидэн хагалах, Б.Тунгалагсайханыг хэл амаар доромжлох…иргэн М.Соронзонгомбын толгойн тус газарт сэнжтэй аягаар цохих…гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч Т.Төрбатын Ж.Мөнх-Эрдэнийг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
- Шүүгдэгч Т.Төрбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай .
- Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Т.Төрбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1123200 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийг 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар оногдуулсан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Төрбатад, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн баривчлах ялаар тооцон солихыг шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнэд тус тус мэдэгдсүгэй.
- Уг хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.Төрбат, Ж.Мөнх-Эрдэнэ нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Төрбат өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурьдсугай.
- Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
- Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Т.Төрбат, Ж.Мөнх-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй хэмээжээ.
mminfomn
URL: